ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд ухаарал хэрэгтэй
ССАЖЯ-ыг нэгтгэх тухай асуудал өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн. Харин үдээс хойш болсон Засгийн газрын бүтцийг өөрчлөх хуулийн төслийн хэлэлцүүлгээр тус яамыг хэвээр үлдээх нь зүйтэй юм гэсэн саналыг олонх гишүүд гаргалаа. Гэхдээ тус яамыг хэвээр үлдээлээ гээд “сайн байна “ гэж хэлж байгаа зүйл биш гэнэ.
Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгах нь зүйтэй гэдэг дээр гишүүн Б.Бат-Эрдэнэ ингэж хэллээ. “Монголын төр 2000 оноос эхлэн зөв бодлогоор дэмжсэний үр дүнд спортын хөгжил өссөн. Гэтэл Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжиж өгсөнгүй” гэсэн юм. Харин Р.Гончигдорж “ССАЖ-ын яам гэсэн бүтцийг хасаж болохгүй. Ашиг сонирхлын маргаан байгааг мэдэж байна” гэлээ.
ССАЖ-ын яамны чиг үүргийг өөр яамдад хуваахыг Ж.Энхбаяр гишүүн дэмжиж буйгаа илэрхийлэн “Татан буулгах гээд байгаа юм биш, ажлыг нь сайжруулах бүтцэд шилжүүлэх гээд байгаа хэрэг. Урлагийн байгууллагын мэргэжлийн чадавх алдагдсан, Динозаврын байшин яриад гурван жил өнгөрлөө. Энэ хооронд хэчнээн өв соёл үгүй болов. Динозаврын яс бол өв биш, архелогийн олдвор шүү. Соёлын, спортын, аялал жуулчлалын салбаруудад бүгдэд уналт гарлаа шүү дээ” гэсэн юм.
Ж.Энхбаяр гишүүний энэхүү саналыг гишүүд дор бүрнээ дэмжиж байсан ч “ангийнхаа охин”-ы өөдөөс харж байгаад “ яамыг чинь нэгтгээд, чамайг засгаас хаслаа” гээд хэлчих зориг дутлаа.
Угтаа бол УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийг энэ салбарыг удирдаж чадахгүй байна гэдгээ өөрөө ухаарч “улсын өв сан,соёл уламжлал, замаа алдсан соёлын салбар, гуйлгаар дүүрсэн спортыхныг авч явж чадах яамдуудад нь өгье” гэсэн саналыг өөрөө гаргаасай гэж хүсэж буй аж.
Ганц хоёрхон жишээ татахад л Ц.Оюунгэрэл сайдын балгаар Дуурийн театрын даргаар сэтгүүлч Ч.Мөнхзул ажиллаж байгаа. Уг нь бол дарга шалгаруулах сонгон шалгаруулалтад МУГЖ У.Далантай нэгээр гарсан. Гэтэл “Ерөнхийлөгчийн хүнийг тавихгүй бол болохгүй” гээд тэс хөндлөн мэргэжилтэй сэтгүүлч хүүхнээр дуурийн театрыг удирдуулж, аргаа барсан дуучид, бүжигчид, найруулагчид нь ажлаасаа гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. Ариун сүмд, урлагийн төлөө насаараа зүтгэсэн 20 гаруй дуучин, бүжигчин, найруулагчид ажлаа өгсөн. Ингээд байхад ч Ц.Оюунгэрэл сайдад урлагийн мөхөл хамаагүй, зөвхөн “Ерөнхийлөгчийн хүнийг л ажилтай байлгаж байвал болно” гэсэн шиг нүдэн балай чихэн дүлий суугаа.
Одоо л нэг санхүүд санаа зоволтгүй бэлтгэл сургуулилтаа хийж болдог боллоо гэж баярлан ярьж байсан спортын салбарт өнөөх гуйлга, мөнгөний хомсдол дахиад л ирсэн.
Хэдхэн хоногийн өмнө болсон Инчеоны наадамд явсан 234 тамирчны 150 нь өөрсдийн зардлаар явжээ. Тэд 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэнэ хүртсэн.
Соёл спорт аялал жуулчлалын яамны зүгээс “Монгол Улсын шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагч нарын зардлыг л даасан гэнэ. Бусад нь өөрийн зардлаар Азийн наадамд оролцсон” байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Оргил “Бид азийн наадамд явахын өмнө бэлтгэл хийх байргүй учраас сургуулийн заалыг гуйж бэлтгэлээ хийдэг байсан. Мөн зардлын мөнгөний бэрхшээл их тулгарсан. Төрөөс багийн спортод хайнга хандаж байна” гэсэн мэдээллийг хийсэн. Хэдэн тамирчид маань өр тавьж
гадны улсыг зорьдог өнөөх л хэцүү цагтаа эргээд очиж ээ.
Харин эхнэр, нөхөр, үр хүүхдээ дагуулаад хөгжөөн дэмжигчдийн тоог бөглөж явсан төрийн түшээд бол албан томилолтоор явсан. Яг л Бразилын парламентаас туршлага судалдаг нөхдүүд шиг л албан томилолт аваад явж байгаа шүү дээ.
Гэтэл яг спортын тэмцээн уралдаанд оролцож, өрсөлдөх ёстой тамирчид нь өөрсдийн зардлаар оролцож байдаг. Энэ л манай улсын спортын салбараа дэмжиж буй жинхэнэ дүр зураг.
Ажил нь энэ мэтээр явж байгаа сайд хатагтайд чухам өөрийнх нь нэр хүнд, улс төрийн карер чухал уу, эсвэл улс орны нэр хүнд, нүүр царай болсон чухал салбаруудыг элгээр нь хэвтүүлж үл ойшоох нь уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Ц.МИШЭЭЛ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүнээр урлагийг тоглуулсаныхаа нөхөөсийг төр яаж хийх гэж байна