Хар тамхинд донтсон хүнд үхэл, шорон хоёроос өөр сонголт үлддэггүй

a37941851c06f056b0b8e530f8110e6372499428Хар тамхи, мансууруулах бодистой дэлхий нийтээрээ тэмцэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнийг ялын хамгийн хүнд хэлбэрээр шийтгэж байгаагаас харахад хар тамхи хүний амьдралд ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг ойлгож болмоор. Нөгөөтэйгүүр хар тамхинд донтсон хүнд хоёрхон зам байдаг. Энэ бол үхэл, шорон хоёр юм. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь даан ч харамсалтай. Энд иргэдийн энэ төрлийн мэдлэг муу байгаа, дээрээс нь хор холбоглоын талаар таниулан сурталчлах ажил нийгэмд хангалтгүй хийгдэж байгаагаас санамсар болгоомжгүй, гэнэн томоогүй байдал, мөн бусдын гар хөл болох, уруу татагдах замаар хүүхэд залуучууд иймэрхүү төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна.

Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд гэхэд л хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг хоёр бүлгийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа. Мөн энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис гэдэг сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисонд орох ургамал түүж байсан гурван иргэнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилжээ.

Гэмт этгээдүүдийг цагдан хорьж,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ зүйлд ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зоилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Төв аймгийн нутгаас каннабис төрлийн ургамлыг хууль бусаар олборлосон хэрэг гарлаа. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-2014 оны аравдугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрээс Т, Б, Ц нар хар тамхи, мансууруулах төрлийн каннабис ургамал хууль бусаар түүж, олборлож байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тухайн этгээдүүдийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн албан хаагчид саатуулан хуулийн дагуу шалгаж байна. 1986 онд төрсөн Т, Б, Ц нарын түүж, олборлосон каннабис төрлийн ургамал нь арав орчим уут буюу арав гаруй кг байсан. Улмаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэхээр түүсэн ургамлыг хүлээлгэн өгч, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 30 настай Б гэгч нь 2,5 кг каннабис төрлийн ургамалыг хууль бусаар олж аваад бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн.

-Энэ ургамал ургадаг газруудад цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн энэ ургамлын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтын хүрээнд эдгээр хууль зөрчигчдийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн жил энэхүү хар тамхины ургамалыг усгах ажил нэлээд хийгдсэн. Хамгийн гол нь гурван жил дараалан устгаж байж бүрэн устдаг болохоор цагдаагийн байгууллагаас Засгийн газар болон Хууль зүйн яаманд санал хүргүүлсэн. Удахгүй хар тамхины ургамлуудыг устгалд оруулж цэгцэлнэ.

-Дээрх этгээдүүдэд хуулийн дагуу ямар ял шийтгэл оногдуулах вэ?

-Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор эрүү үүсгэсэн. Мөрдөн байцаалтын явц прокурорын хяналтан дор явагдаж байна.

-Энэ он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэдэн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Өмнөх жилүүдийн тоо баримаас харахад 2007-2010 оны хооронд 164 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Харин 2010-2014 оны хооронд 560 хүн шалгагдсан. Үүнээс харахад дөрөвхөн жилийн дотор эрс нэмэгдсэн байна.

Мөн энэ оны эхний арван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 34 гэмт хэрэгт 99 хүн холбогдон шалгагдсан. Өсөөд байгаа шалтгаан нөхцлийг судалж үзэхэд хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа бус цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг дээр мэргэшиж байна гэж хэлж болно.

-Цагдаагийн байгууллагад тусгай тасаг хэзээ байгуулагдсан бэ?

-2010 онд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг байгуулагдсан. Өмнө нь мэргэжлийн албан хаагчид байсан. Харин энэ тасаг нь зөвхөн хар тамхи, мансууруулах төрлийн бодисын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь үр дүнд хүрч байна.

-Сүүлийн үед хар тамхи хэрэглээ ихэссэн гэж ойлгож болох уу?

-Манай улсын хувьд 1997-2010 оны хооронд тээвэрлэгч орон байсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байдал өөрчлөгдөж хэрэглэгч орны хэмжээнд очсон. Төрийн бус байгуулагуудын хийсэн судалгаанаас үндэслэн ойролцоогоор 30.000 гаруй хэрэглэгч байгааг тогтоосон. Дээрх хүмүүсийн гэмт үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх, хяналт тавих тал дээр багагүй ажил хийсэн.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажилладаг. Нөгөөтэйгүүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх давхар үүрэгтэй. Үүний дагуу ЕБС-ын ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залууст мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварын тухай сурталчилан таниулах ажлыг хийж байгаа.

Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж, гадуур юу хийж явааг сайн анзаарч, анхаарал халамж тавьж байх нь чухал. Мөн хар тамхины хор холбогдол болоод, ямар нэгэн байдлаар холбогдсон тохиолдолд өндөр ялтай байдгийг тэдэнд ярьж, хэлж өгч байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих