Түрээсийн төлбөр нэрээр хууль бусаар мөнгө завшиж байжээ

мСүхбаатар дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт буюу олны ярьж заншсанаар “Зуун айл”-ын орчимд “Жоби” барилгын материалын дэлгүүрийн баруун талын хэсэг газарт нийтийн эзэмшлийн зам талбайг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар чөлөөлж байгаа юм. Тус хорооны иргэд, оршин суугчид “Бид эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна”, “Хүүхдийн цэцэрлэг тойрсон гарааш, контейнеруудыг чөлөөлж өгөөч” хэмээн удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байжээ. Учир нь 10 орчим жилийн турш энэ хэсэг газарт барилгын материалын худалдаа эрхэлдэг хүмүүсийн барааны агуулах хэлбэрээр ашигладаг чингэлэгүүдийг байршуулсаар ирсэн юм. Ингэхдээ хүүхдийн цэцэрлэгийн зай талбайгаас хүртэл хумслан, төмөр хашаатай нь зарим чингэлэгийг гагнасан байжээ. Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны мэргэжилтэн С.Мөнгөнцэцэг “Жил болгон бид энэ хүсэлтийн дагуу ажил хийдэг. Гэтэл “Гэгээ-9” СӨХ-ны нэрээр нэр бүхий хоёр эмэгтэй хууль бусаар буцааж тавиулаад байдаг юм. Тэд барилгын материалын худалдаа эрхлэгчдээс түрээсийн төлбөр нэрээр нэг чингэлэгээс 75-150 мянган төгрөг авдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, 20 тоннын чингэлэг 75 мянга, 40 тоннын чингэлэг 150 мянган төгрөг хэмээн үнэлж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Нийт 60 гаруй чингэлэг байсан. Одоо 30 гаруй чингэлгийг чөлөөлөөд байна. Бидний чөлөөлсөн талбайг “Сүхбаатар дэвшил” компанийнхан цэвэрлэж байгаа. Үүний дараа хороонд нь хүлээлгэн өгч, тохижилтын ажил хийх ёстой. Гэтэл шөнөөр чингэлэг тавиулж, төрийн гаргасан шийдвэрийг зөрчиж байна. Тэр  ч байтугай нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар ажлаа гүйцэтгэж буй төрийн албаны хүмүүсийг хэл амаар дайрч доромжлон тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байх санаатай байна, өөрсдийгөө “Гэгээ-9” СӨХ-ыхон гэж нэрлэсэн нэр бүхий хүмүүс. Тиймээс энэ хэсэг газарт эргээд чингэлэг тавигдахгүй шүү гэдгийг иргэддээ анхааруулж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, худал ухуулга сурталчилгаанд автаж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг сануулсан юм.

“Иргэдийнхээ хүсэлтээр төрийн байгууллага хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж байхад тэднийг хэл амаар доромжилж байна. Сэлэнгэ ээ, чи одоо болиоч” гэх мэтээр ярилцаж буй хүмүүс тус хорооны оршин суугчид аж. Тэднийг төлөөлж М.Зинзмаа “2005 оноос л “Гэгээ-9” СӨХ гарч ирсэн. Гэхдээ оршин суугчдыг оролцуулсан хурлыг огт хийгээгүй. Өмнөх СӨХ-ны дарга Долгорсүрэнг үстэн хөөж гаргаад өрөөг нь булаан авсан байдаг юм. Долгорсүрэн ёс суртахуунтай, ажлаа ном журмаар хийдэг хүн байсан. Бид энэ ёс суртахуунгүй байдлыг өөрчлөх гэж гурван удаа хурал хийлээ. Гэтэл өөрийгөө “Гэгээ-9” СӨХ-ны дарга гэж нэрлэсэн О.Сэлэнгэ “Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт та нар намайг СӨХ-ны даргаас чөлөөлж, Удирдах зөвлөлийг өөрчилж чадахгүй” гэж загнадаг. Түрээсийн төлбөр нэрээр худалдаачдаас авч буй мөнгийг СӨХ-ны Удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн дөрөв, тавхан хүн л халаасалж иддэг. Тэгээд “Зуун айлын оршин суугчид үгээгүй ядуу. Дандаа хөгшчүүл, тахир татуу хүмүүс байдаг. Эдгээр чингэлэг түрээслэгчдийн мөнгөөр тэднийг тэжээдэг” гэж худал ярьдаг. Энэ мэтээр оршин суугчдыг дэндүү муухай доромжлох нь хэрээс хэтэрлээ.Тиймээс бид эвлэлдэн нэгдэж энэ СӨХ татан буулгуулна” гэж ярив.

Тэнд оршин суугчид, ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдаас гадна түрээслэгчид ч ирчихсэн байлаа. Түрээслэгчдийг төлөөлж “К” худалдааны төвийн худалдаачин Н.Дэмүүл “Би 20 тонны хоёр чингэлэг түрээсэлж байсан юм. Түрээсийн төлбөрөө ирэх оны тавдугаар сар хүртэл төлчихсөн байхад чингэлэгийг маань ачаад явчихжээ. Ингээд л энд ирлээ. “Гэгээ-9” СӨХ бидэнтэй гэрээ хийхдээ “Манай мэдлийн газар” гэж л ойлгуулдаг. Харин Газрын албаны хүмүүстэй уулзахад “350 мянган төгрөгийг дансаар төлөөд 20 тонны контейнероо буцааж ав” гэж байна. Би чингэлгээ очиж авахын тулд унаа хөлслөх л болно шүү дээ. Энэ мэтээр давхар зардал гарч байна. Тиймээс түрээсийн төлбөр нэрээр “Гэгээ-9” СӨХ-нд өгсөн мөнгөө буцаан авч, хохиролоо барагдуулах хүсэлтэй. Үүнээс өөр гомдолтой зүйл надад алга” гэлээ.

Харин “Гэгээ-9” СӨХ-ны дарга О.Сэлэнгэ “Манай СӨХ-нд 1800-2000 оршин суугч байгаа. Би өөрөө үндсэн оршин суугч. Энд 40 жил амьдарч байна. Нийтийнхээ төлөө бүх үйл ажиллагааг явуулж ирсэн” гэхэд оршин суугчид нүүрэн дээр нь “Чи одоо болиоч, Сэлэнгэ ээ! Хичнээн жил ингэж луйвар хийх гэсэн юм бэ. Төр иргэдийнхээ хүсэлтээр шийдвэрээ гаргачихсан байна. Одоо бас яах гээд байгаа юм бэ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэхэд тэрээр хариу тайлбар хийж чадсангүй. Зарим оршин суугч өнгөрсөн хугацаанд 60 гаруй чингэлэгээс хэчнээн төгрөг хууль бусаар завшсаныг холбогдох байгууллагаар шалгуулна гэж байлаа.

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих