Д.Хаянхярваа: Зургаан яамдыг нэгтгэснээр хэмнэлт гарна гэдэг үлгэр

c4a9430ef65ddc24original

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа

- Ерөнхий сайд олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан Засгийн газрынхаа шинэ бүтцийг танилцууллаа. Хүмүүс шинэ бүтцийг янз бүрээр л хүлээн авч, шүүмжилж байна. Таны байр суурь ямар байгааг сонирхъё?

- Ерөнхий сайдын танилцуулсан шинэ бүтэц гэдэг нь түр зуурын гал унтраасан зүйл болжээ гэсэн ерөнхий дүгнэлтийг хийж сууна. Ер нь манай улс 1990-ээд оноос хойш Засгийн газрын тогтвортой бүтэцгүй явж ирлээ л дээ. Нэг сонгууль болсны дараа ялалт байгуулсан нам нь өөрсдөдөө таарсан бүтцийг бий болгож, бүрдүүлдэг. Жишээ нь дэд сайдтай болж нэг үзээд л, больж нэг үзээд л. Шадар сайд, Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгонгуутаа больж байх жишээтэй. Угтаа энэ удаагийн бүтцийн өөрчлөлтийг тал талын судалгаа тооцооны үндсэн дээр ул суурьтай хийх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлтийг яаж хийвэл төр удаан хугацаанд оршин тогтнож болох вэ гэдгийг л харах байлаа. Хэрвээ бүтцийн өөрчлөлтийг ийм байдлаар бодож оруулж ирсэн бол нийгэмд ч тэр, цаашдаа төр засгийн үйл ажиллагааг ч тогтвортой явуулахад чухал ач холбогдолтой ажил болох байв . Харамсалтай нь энэ бүх эерэг үр дагаврыг харсан бүтцийн өөрчлөлт болж чадсангүй.

- Яагаад ийм явцуу өөрчлөлт болчихов. Танд өөр бодол байх шиг байна ?

- Энэ өөрчлөлт бол нөгөө л нам доторхи бүлэг, фракциуддаа зориулсан бүтцийг хадгалж үлдэх гэсэн арга ядсан алхам . Яамдын тоог цөөлсөн нэртэй ч хоёр Шадар сайдтай болж байх жишээтэй. Ингээд харахаар үр ашгийн хувьд үндсэн зорилгодоо хүрсэн бүтцийн өөрчлөлт болж чадсангүй гэж дүгнэж байна.

- Нөгөө талаас “ Яамдын тоог дахиад цөөлөх хэрэгтэй ” гэж шүүмжлэх хэсэг ч байна . Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол шинжлэх ухааны яамтай, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай нэгтэх боломжтой байсан гэж тайлбарлаад байна л даа. Ер нь яамдаа зөв нэгтгэж чадав уу ?

- Чадаагүй. Үндсэн чиг үүргийн томоохон яамдаа нэгтгэчихлээ шүү дээ. Дэд бүтцийг барилга, хот байгуулалтын салбартай Эрчим хүчийг уул уурхайтай нийлүүлчихлээ. Гэтэл цаана нь жинхэнэ нэгтгэж болохоор нийгмийн салбарын яамд нь үлдэж байна. Боломжтой яамдаа нэгтгэлгүй аваад үлдчихэж байгаа нь өнөөх л бүлэг, фракцийнхаа хүмүүст зориулсан хэрэг. Соёл гэдэг бүхэлдээ том салбар л даа. Тийм учраас бид нэрийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм . Боловсрол, соёл шинжлэх ухааны яам гэх үү, Боловсрол, соёл, аялал жуулчлын яам гэж нэрлэх үү гэх мэтээр нэртэй холбоотой ярих юм бий. Бас нэг зүйл нь салбар бүхэн өөрийн гэсэн тусгай яамтай байхыг л хүснэ. Гэхдээ тухайн салбарын жижиг эрх ашигт захирагдах уу, эсвэл улсынхаа том эрх ашгийг дээгүүр тавих уу гэдэг байдлаар асуудалд хандах учиртай. Эндээс харахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүтэц, одоогийн чиг хандлага гэх мэтийг маш сайн судалж үзэх ёстой байсан. Үүний дараа бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор яарч сандралгүйгээр намын бүлгүүд, УИХ-тайгаа сайтар ярилцах хэрэгтэй байлаа. Цаашилбал, үнэхээр л үр дүнтэй ажил хийхийг хүссэн юм бол олон нийтийн санал асуулга ч явуулж болох байсан. Үүний дүнд цаашид ийм бүтцээр ажиллавал улс төр тогтвортой байх , ажил урагшлах үндсэн зорилгодоо хүрэхэд дөхөм болно гэж үзэж, бүтцээ өөрчлөх учиртай байлаа.

- Данхар бүтцийг цомхотгох, давхар эрх ямбыг салгах зорилгоор л бүтцийн өөрчлөлт хийх гээд байгаа. Тэгэхээр зургаан яамыг нэгтгэснээр төсөв хэмнэх том зорилгодоо жаахан ч болов дөхөж очиж чадах уу?

- Зургаан яамыг нэгтгээд хэмнэлт гарна гэж хэлж чадахгүй. Зургаан яамыг нэгтгэлээ гээд тус бүр нэг сайд, нэг Төрийн нарийн бичгийн дарга л явна биз дээ. Бусдыг нь нэгтгэж байгаа яамтайгаа нийлүүлж, доогуур нь таргалуулаад л өнгөрнө. Яамдад байгаа тэр олон төрийн албан хаагчийнхаа хэнийг авч, хэнийг хална гэх вэ. Тэгээд ч наадуул чинь явуулах ёстой хүмүүсээ явуулж чадахгүй. Үүнд би ёстой зуун хувь итгэлтэй байна. Зургаан яамыг нэгтгэснээр төсөвт хэмнэлт гарна гэдэг үлгэр . За яах вэ, бензин шатахууны зардал гэх мэтээр их удахад зургаан хувийн хэмнэлт л гарсан болно.

- “ Н.Алтанхуяг сайд Засгийн газраа данхар бүтэцтэй байгуулсан ” гэсэн олны шүүмжлэлийг дарахын тулд гал унтраах төдий ажил хийлээ гэж та дүгнэж байгаа байх нь ээ?

- Яг л тийм юм боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шууд утгаараа өнөө маргаашаа аргацаасан алхам хийлээ. Ер нь ийм зальжин маягийн арга хэмжээ аваад байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын даргад бол болоод байгаа юм шиг санагдаж байж болох. Гэтэл энэ бүхний сөрөг үр дагавар ард түмний амьдрал, улсын эдийн засаг санхүүтэй холбогдож таарна. Ингэснээр ард түмний нуруун дээр л хүнд ачаа болж бууна шүү дээ. Ийм бүтцээр ажиллаад эд нар нэг их хол явахгүй. Эрх баригчид эхний ээлжинд нам доторхи фракци, бүлэглэлийн зөрчил, тэмцэлд тууштай өөрчлөлт хийхгүй бол цаашид засаглах чадамж нь сулхан хэврэг хэвээрээ байх болно.

- Бүтцийн өөрчлөлт нүдээ олсонгүй гэх дүгнэлтийг хийж байгаа юм байна гэж ойлголоо?

- Бүтцийн өөрчлөлт хийх гэсэн алхам, санаачилгыг нь дэмжиж байна. Харин огт нүдээ олж, байгаа оносон өөрчлөлт оруулж ирсэнгүй гэж дүгнэж байна.

- Нөгөөтэйгүүр бүтцээ цөөлж байна гэсэн атлаа Тэргүүн шадар сайд гээд шинэ албан тушаал гаргаад ирлээ. Энэ суудлыг хэнд зэхэв гэдэг таамаг явж эхэллээ л дээ. Улс төрийн нөхцөл байдал хүндхэн байхад Тэргүүн шадар сайдын албан тушаал ямар хэрэгтэй юм бол ?

- Нэг Шадар сайдтай болоод л байгаа биз дээ. Бас болоогүй Гадаад харилцааны сайдаа ингэж нэрлэх юм гэсэн . Цаанаа ямар тохироо хийж ийм суудал гаргаж ирсэн нь бүтцийн өөрчлөлт гээд байгаа юм нь дууссаны дараа л тодорхой болно. Нэг хүнд зориулсан албан тушаал гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.

- Гадаад харилцааны сайд бусдаасаа зиндаа дээгүүр , тэр дундаа Шадар сайдын сэтрийг давхар зүүхийн ач холбогдол нь чухам юу юм бол ?

- Нарийндаа яривал бүх л улс оронд Гадаад харилцааны сайд нь асар нэр хүндтэй хүн байдаг шүү дээ. Аливаа ажил нэрэндээ байдаггүй. Ерөөсөө л хэрхэн яаж , ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдэг л эцсийн дүндээ чухал. Ерөнхий сайдын хэлж байгаа шиг Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэхээр гадныхан айхтар өндөр төвшинд хүлээж аваад сүйд болно гэсэн ойлголт байхгүй. Энэ яриад байгаа давхар сэтэр бол мөн л нэг хүнд зориулж гаргаж ирж байгаа суудал. Цаад утгаараа Ерөнхий сайд маань засаг бүрдүүлж байгаа хэдэн хүнтэйгээ 2016 оныг хүртэл яаж эвтэйхэн байх вэ гэдгээ бодож олох гэж хөөрхий их чардайж байх шиг байна .

- Ерөнхий сайдын танилцуулсан бүтцийг АН-ынхан ч мөн сайшааж хүлээж авсангүй. Тэр бүү хэл дотроо хагаралдан байж хүлээж авлаа . Бусад нам, эвсэл ч мөн адилхан байр суурь илэрхийллээ. Гэхдээ л хаана хаанаа бүтэцдээ салхи оруулж байна гэдэг утгаар зарчмын хувьд дэмжчихлээ. Ингэж бүгдээрээ нийлж, дуртай, дургүй ам хааж байхын оронд эсэргүүцлээ ил илэрхийлээд асуудлыг унагааж болдоггүй юм болов уу?

– Улс төрийн намынхан бид үндсэндээ маш том алдаа хийж байгаагаа л ухаарах хэрэгтэй. АН-ынхан дотроо хүлээн зөвшөөрөхгүй байна л гэж байна. Бид ч мөн байгаа оносон бүтцийн өөрчлөлт биш гэж байна. Гэхдээ энэ асуудлыг манай нам дангаараа унагааж чадахгүй шүү дээ. Ер нь юманд нухацтай хандъя, үнэхээр ард иргэдээ, улс орноо бодъё гэвэл энэ бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа АН-ын гишүүд манай намд хандаад, яриа өрнүүлэх хэрэгтэй . Мэдээж манай намын 26 тэр чигтээ “ Болохгүй байна ” гэж хүлээж аваагүй байх . Магадгүй “ Энэ өөрчлөлтийг болж байна ” гэж үзэж байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас дэмжихгүй байгаа хэсэг нь нийлж , ухаан бодлоо уралдуулбал зөв шийдэл гарах л байх . Тэглээ гээд ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй юм.

- Нөгөө талаас Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудлыг танай бүлгээс тавьсан ч чуулган дамнаж явсаар одоо бүтцийн өөрчлөлттэй нэгтгэж байх шиг байна. Үүний цаана эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэнд хэн хариуцлага хүлээх вэ, нөгөө талаас эдийн засгийг сэргээх талаар хэн ярих вэ гэдэг ойлголт эзэнгүй үлдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд эдийн засгийг сэргээх талаар бус бүтцийн асуудлаар л шуугиад байна шүү дээ?

- Сүүлийн үед хууль дээдэлнэ гэдгийг энэ Засгийн газар уландаа гишгэчихлээ шүү дээ. Сайд огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцдэг тодорхой хууль дүрэмтэй юм, уг нь. Хуулиар заагаад өгчихсөн маш нарийн зохицуулалт байгаа . Гэтэл бүр улаан цагаандаа гараад Н.Батбаярын асуудлыг 100 гаруй хоног явуулчихаад “Одоо бүтцийн өөрчлөлт хийж байна, больё” гэж байх жишээтэй. Бүтцийн өөрчлөлт хийж болно.  Гэхдээ бидний гаргаж тавьсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Н.Батбаяр сайдыг огцруулах эсэхээ УИХ шийдвэрлэсний дараа бүтцээ ярих хэрэгтэй. Энэ нь дараа дараагийнхаа Засгийн газрын гишүүдэд сургамж болох ёстой. Хэрвээ ингээд үлдээчихвэл Н.Батбаярын ажлыг нэг хэсэг нь “Буруу” гэж үзэж байгаа юм байна . Нөгөө хэсэг нь “ Болж байна ” гэж үзэж байгаа юм байна гэж харна. Харин огцруулчихвал “ Эдийн засгийн сайдын ажил болохгүй байгаа юм байна ” гэж дүгнэнэ шүү дээ. Ингэснээр дараагийн хүнд “ Ажлаа сайжруулахгүй бол ийм асуудал гарч болзошгүй нь ” гэдэг дохиог өгч байх учиртай юм. Ер нь энэ жишгээс харахад ч тэр эрх баригчид дотроо хариуцлага тооцох чадваргүй гэдэг нь харагдаад байгаа юм. Нэгэндээ хариуцлага тооцчихвол Засгийн газар нь зад үсэрчих гээд байна шүү дээ. Н.Алтанхуяг юун улс орны эдийн засгийг сэргээх нь байтугай тарж уначих гээд байгаа Засгийн газраа яаж нэг гарт барих вэ гэдэг явган заль гаргаад л гүйгээд байна шүү дээ, чааваас .

- Нөгөө талаас нэгтгэсэн яамдыг хэн толгойлж үлдэх, хэн нь явах вэ гэдэг таавар яваад эхэлчихлээ. Таны харж байгаагаар засагт хэн нь үлдсэн нь дээр юм бол ?

- Хэн нэгний талаар би энд яримааргүй байна. Сайд нараас хэнийг явуулж, хэнийг үлдээх нь эрх баригчдын өөрсдийнх нь үүрэг. Харин Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт эд нар анхаарал хандуулж байгаа байх гэж найдаж байна. Ерөнхийлөгч маш тодорхой хэлсэн байна лээ. Энэ удаад дан дээлтэй сайд нар гаргаж ирэхийг анхааруулсан байсан. Харин үүнд яаж хандахыг нь харъя. Үнэхээр “Давхар дээл”, хүнд суртлын асуудлыг цэгцэлж, төрөө цэвэр тунгалаг болгоё гэдэг талаас хандаж байгаа бол Ерөнхийлөгчийн анхааруулгыг хүлээж авах ёстой. Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н . Алтанхуяг сайд өөрөөс нь “Давхар дээл ”-ний асуудлыг эхний хагас жил дуустал битгий яриач ээ ” гэхэд нь хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсэн байна лээ. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгч маш хүлээцтэй хандаж байгаа нь харагдаж байгаа юм . Товчхондоо , энэ улс төрийг нэг их үймүүлэлгүй ажлыг нь явуулчихъя гэдэг байр сууринаас асуудалд хандаж байна гэж ойлгож байгаа . Энэ хүний итгэлийг АН – ынхан хэрхэн дааж ажиллахыг л харъя .Улс төрд хэн ч орж ирж болно . Асуудлыг парламентаар хэлэлцэнэ . Мэдээж олонхи бодлого зангидаж яваагийнхаа хувьд дэвшүүлсэн хүнээ гаргахыг л хичээх байх . Гэхдээ аливаа асуудалд эрүүл саруул ухаанаар хандвал парламентын хэлэлцүүлгийн шатанд хэнийг гаргаж , хэнийг нь үлдээхээ шийдэж таарна даа .

- Ирэх оны төсвийг өргөн барьчихлаа. Хэр төсөв болоо юм бол. Зарим гишүүн шүүмжлэлтэй хандаад эхэлчихэж. Өнгөрсөн оны төсвийн тодотголыг одоо хэр нь хийгээгүй, шүүмжлэл дагуулсаар л байна. Бүтцийн өөрчлөлтийн дүйвээнээр төсөв мөнгөний бодлогод анхаарал хандуулж байгаа хүн алга шиг ээ?

- Хэд хоногийн өмнө төсөв өргөн барилаа гэж сонссон. Миний хувьд, одоохондоо танилцаж амжаагүй байна. Харин өнгөрсөн оны төсөв юу болж байгааг хэн хүнгүй харж байгаа шүү дээ. Тухайлбал, төсвийн алдагдал 160 тэрбум төгрөг гараад явчихлаа. Татварын орлого 500 гаруй тэрбумаар тасарчихлаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал бараг их наяд ам.долларт хүрчихлээ. Монголбанкны алдагдал 600-700 сая тэрбумд хүрч байх шиг байна. Энэмэтчилэнгээр төсөвт хэл ам таталсан асуудал бий . Ер нь миний хувьд төсөвт тодотгол хийх ёстой гэж үздэг. Энэ төсөвтөө тодотгол хийхгүйгээр ирэх оны төсвийг оруулж ирж байх юм . Төсвийн алдагдлаа нөхөж, санхүүжилтээ авч чадаагүй бүтээн байгуулалтын ажлаа яах юм гэдгээ цэгцлэх хэрэгтэй байгаа юм, уг нь. Гэхдээ өнөөдрийн хувьд эрх баригчид төсөвтэй манатай л байна . Уг нь 100 хоногийн ажлынхаа хүрээнд бүтцийн өөрчлөлтөө, төсвийн тодотголтой хамт ярих хэрэгтэй байсан юм. Цаашлаад Өрийн удирдлагын хуулиа батлах гэх мэтээр ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай байлаа. Энэ бүхнийг манай бүлгээс ч нэлээд шаардсан . Гэтэл хүлээж авалгүй байсаар гурван сар сайхан налайлаа шүү дээ.

- Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ ЭЗЭН 100” хөтөлбөрийн тайланг тавилаа. Энэ тайлан бодит байдалтай хэр нийцэв. Та Н.Алтанхуяг сайдын танилцуулсан тайланг хэрхэн дүгнэж байна вэ?

- Эд нар ерөөсөө УИХ-ынхаа тогтоолыг ойлгоогүй юм байна л гэж бодож байгаа. Уг нь УИХ-аас гарсан тогтоолд “100 ажил хийгээрэй ” гэж хэлээгүй юм шүү дээ. 100 хоногийн дотор эдийн засгаа эрүүлжүүлэх анхны алхмыг бий болгох чигэлийн тогтоол л байсан юм . Харин өөрсдөө бол “100 хоногийн дотор эдийн засгийг сэргээнэ ” гэсэн утгатай зүйлийг ярьсан шүү дээ. Гэтэл тайланг нь хартал ертөнцийн есөн хангай юмыг хамаж бичиж байж сая нэг 100 ажил болгосон байх юм. 100 хоногийн ажил гэснээ 100 ажил гэж ойлгоод тайлан маягийн зүйлээ буруу гаргачихаж гэж харж байгаа . Тухайлбан, Кызыл рүү автобус явдаг боллоо, Эрээн рүү онгоц нисдэг боллоо, гадаадын хөрөнгө оруулагчид чууллаа ч гэх шиг их л инээдтэй тайлан байна лээ дээ. Мөн тайланд Оюутолгойн татварын өр 130 сая ам. доллар байсныг 30 болгож буурууллаа гэсэн байгаа юм. Энэ одоо юу болж байна аа. Энэ чинь одоо наймаа болж байгаа юм уу, 130 сая ам.долларын өр тавьчихаад 30 болгочихдог ямар байцаагч байна аа. Төрийн ажлыг ингэж үлгэр шиг явуулж болохгүй ээ . Энэ мэтээр хүүхдийн тоглоом мэт зүйл ярьж суугаа хүмүүсийг бид яаж сайн ажиллаж байна гэж харах юм бэ. “ ЭЗЭН 100”- ийн тайланд үндсэн тогтоолтойгоо уялдаж байгаа зүйл тун цөөхөн байна лээ . Харин хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд хийсэн ажлууд бол гарцаагүй томд тооцогдоно . Транзит тээвэр, далайн боомт, нүүрстэй холбоотой асуудлаар анхны шийдэлд хүрлээ . Энэ мэтээр хийсэн зөв зүйтэй ажлыг үгүйсгэж болохгүй.

- Энэ намрын чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ. Эхлэнгүүтээ л бүтэц бүрэлдэхүүн гээд өнөөх л сандал суудлын хэрүүлээ хийгээд эхэллээ гэх хүн ч байна. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганыг үндсэн асуудал руугаа ороогүй. Нэг хүнийг явуулах, нэгийг томилох гэх мэтээр үр дүнгүй өнгөрсөн гэж олон нийт дүгнэсэн шүү дээ. Гэтэл намрын чуулган ч мөн энэ жишгээр өнгөрөх юм биш биз дээ ?

- Бид үнэхээр л улс эх орныхоо төлөө бодож байгаа бол гол хуулиудаа батлах учиртай. Ер нь эдийн засаг, татварын орчин, ашигт малтмал олборлох, хөрөнгө оруулалттай холбоотой хуулиудаа олон улсын хэмжээнд баараггүй тогтвортой мөрдөх ажлыг маш сайн хийх ёстой. Үүний тулд Өрийн удирлагын болон Өмчийн хуулиудаа нухацтай сайн хэлэлцэх ёстой . Гэтэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн гэх мэт дампуу зүйл хэлэлцээд яваад байвал үндсэн асуудал руугаа орно гэдэг эргэлзээтэй. Сүүлийн үед чуулганаар хэлэлцэх асуудлынхаа 30-40 хувийг л нугалдаг болчихоод байна. Бусад цагт нь элдэв хэрүүл хийсээр дуусдаг болчихож . Парламент нь парламент шиг, засаг нь засаг шиг ажиллаж чадахаа больчихлоо. Ер нь энэ Монголын төр юу л болоод байна даа гэж бодож сууна.

- Хэн хүнгүй л УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн дүгнэлт хийж байна. Хэдий болтол болохгүй, бүтэхгүй байна гэж ярьж суух юм бэ. АН-ынхны хувьд бол ингэсээр байтал эрх барих хугацаа нь дуусгавар боллоо шүү дээ?

- АН-ын эрх барих хугацаа дуусчихсан гэж хэлж болно. Үндсэндээ он гараад л сонгуулийн уур амьсгал ороод үр дүнтэй ажил хийж чадах уу, үгүй юү гэдэг асуулт л үлдлээ. Хэн хүнгүй хэлээд хэлээд нэмэргүй байна шүү дээ. Яаж хэлээд ч нэмэр алга. Хүндээ хариуцлага тооц гэхээр чадахгүй юм байна, эдийн засгаа сайжруулах ажил хийж ч чадахгүй юм. Гэсэн атлаа “ Бид бүх л зүйлээ сайн хийлээ ” гэх юм. Зарим сайд нь бүр “ Бид хийсэн ажлаа бага сурталчилсан байна ” гэж ярьсан байна лээ . Энэ нэг хий хоосон ярьдаг пиараа багасгах хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь ингэж ажиллаж чадахгүй хүмүүс юм.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих