Балаг илчилсэн зүйрлэл

zuir0106“Т1 ЗҮЙРЛЭЛ 2014″ гэдэг номинацыг зарлавал ЗГ-ын “ЭЗЭН – 100″-ийн тайланд буй 3 сая адуутай болоод, унаагаа юулээд 3 сая дахь иргэнээ өлгийдөж авах тухай зүйрлэл шууд толгой цохих байх. Ямарч шалтгаант холбоогүй юмыг ЗГ-ын хариуцлагатай бичиг баримтанд холбох гэж оролддог нь инээдтэй л дээ. Энэ зүйрлэл “Болор цом”-ын уянгын халилд ч таарахгүй. Учир нь адуу 3 саяд хүрэх нь унаа юүлэхтэй шууд холбоотой гэхэд хэцүү. Адууны тоо энэ хэмжээнд хүртэл юүлэх унаа олдохгүй байсан гэсэн үг үү? Унаа юүлэхэд уналганы 2 морьтой байхад л болно. 3 сая адуутай болсны дараа юүлэх тухай ярина гэдэг бол дэндүү тансагласан хэрэг болох биз. Унаагаа юулэх нь хүүхэд төрүүлэхтэй бол бүүр ч холбоогүй.

Гэхдээ энэ зүйрлэл төдийхөн нь өөрөө чухал биш. Тохуурхалд өртсөн цөөн хэдэн өгүүлбэр бол нилээд даамжирсан эмгэгийн ил гарч буй шинж тэмдэг юм. Эдгээр өгүүлбэр ЗГ-ын ийм баримтанд орохын тулд нэг ажилтны гараас гарч, хэлтэс, газрын дарга нарын шүүлтийг давж, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын шалгуурыг давсан байж таарна. Иймээс л жижиг хэмээн орхиж үл болно. Гол нь төрийн алба намчирхлын хохирогч болж, ураг төрлийн завхралд живж буйн гор нь гарч буй нь энэ. 150 мянга хавьцаа байсан төрийн албан хаагчид 180 мянгад хүрчээ. 30 мянган цоо шинэ “түшмэлүүд” гараад ирж. Үүний зэрэгцээ 28 гаруй мянган төрийн албан хаагчдыг төрөл бүрийн шалтаг, харъяаллын улмаас халж шинэ хүмүүсээр сэлгэсэн гэсэн мэдээ яваад л байгаа. Ингээд төрийн алба бараг 60 шахам мянган будаг нь ханхалсан цоо шинэхэн ажилтнуудтай болсон гэсэн үг. Ийнхүү нэг талаас төр тэлэн шинэчлэгдсэн ч, нөгөө талаас сөрөг үзэгдлүүд иргэдийн амьжиргааг дарамтлах болов. Инфляц, эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгө оруулалт, өрийн дарамт гээд сөрөг үзүүлэлт рүү тэмүүлсэн өгөгдөхүүнүүдийг тоочоод байвал яваад л байх нь.

Энэ бүх ухралтыг юунаас үүдэлтэй вэ гээд төнхөөд үзэхээр чадвараа алдаж, дэвшилд дэм биш тушаа болох болсон төрийн албыг нэгэн чухал шалтгаанаар нь тодруулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Засгийн газрын баримтандаа ийм юм бичин өгч буй хүмүүс иргэний ажлыг хичнээн хүндрүүлж байгаа бол? Өдөр бүр, ажлын 8 цагийн түрш эд энэ гүехэн ухаанаараа л хүний ажилд хандаж байгаа. Дээрх зүйрлэлийг засагтаа бичиж өгсөн хүмүүс дашмаг шиг хөөрөг өвөртөлж, “Лэнд”-ээс үнэтэй морьд уралдуулдаг, бас улаан тууз намируулсан жанжин шөвгөр малгай, шүрэн шигтгээтэй суран бусээр гангарсан улс байгаа байх л даа. Тэд мэдэхгүйгээ “мэдэхгүй” гамшигт их мэдэгчид. Ийм нөхдүүд аль аль намд бий л дээ, эмгэнэлтэй нь. Харин шинэчлэлийн гэсэн ганган нэртэй засаг гарч ирээд энэ дутагдлыг засах байх гэтэл харин шал дордуулав бололтой.

Эрх баригч нам бол үндэсний хэмжээний нам. Түүнд дайчлах аваас мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин, дэмжигчид бий. Тэргүүн эгнээний тэдгээрийгээ үл ойшоож, хоёрдугаар эгнээнийхээ тоглогчдоор тонгочуулахаа больвол сайжралт сая эхлэх байх даа.

 

Д.Цогтбаатар

zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих