Н.ЭНХБАЯР ДАРГА БНСУ-ААС ОРОГНОЛ ХҮСЭЭГҮЙ ГЭВ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас орогнол хүссэн талаар хэвлэлээр цацагдаад байгаа билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, нар өчигдөр мэдээлэл хийв. БНСУ-ын өдөр тутмын “Жун-ан Илбү” сонинд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас орогнол хүссэн талаар мэдээлсэн байна. Энэ асуудлыг МАХН-ын удирдлагууд тайлбарлахдаа,
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:
“УИХ-ын намрын чуулган дөнгөж эхлээд Засгийн газрын шинэ бүтэц зэрэг амин чухал асуудлууд хэлэлцзж байгаа энэ үед Н.Энхбаяр даргын талаар худал мэдээлэл түгээж, олон нийтийн анхаарлыг зориуд сарниулахаар оролдож байна. БНСУ-ын өдөр тутмын сонинд нийтэлсэн мэдээг нь тус улсын телевиз ч иш татан мэдээлжээ. Н.Энхбаяр даргад тус улсаас улс төрийн орогнол хүсэх ямар ч шалтгаан байхгүй. Энэ мэдээллийн захиалагч нь хэн бэ гэдгийг тэд тогтоох шаардлагатай. Ер нь хүн хаана ч амьдрах эрхтэй. Гэхдээ ингэж гүтгэж болохгүй. МАХН одоогийн байраа хууль бусаар худалдаж авсан гэх мэдээлэл ч гарч байна. Хамгийн анх энэ байрыг 140 сая төгрөгөөөр хувьчилсан. Дараа нь 300 сая төгрөгөөр худалдаж авсан. Байрны эзэд харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын компани” юм.
Тус мэдээллийн дагуу МАХН-ын удирдлагууд шуурхай хуралдсан бөгөөд Н.Энхбаяр даргатай утсаар холбогдон зохих газруудад МАХН-ын байр суурийг илэрхийлсэн албан бичгийг явуулах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд дээрх асуудалтай холбогдуулан МАХН-ын зүгээс албан бичиг хүргүүлж, БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Н.Энхбаяртай холбоотой мэдээлэл ор үндэсгүй талаар баттай эх сурвалжаас авалгүйгээр цацсан, засч залруулах ёстой гэдгийг тус намыхан хэлж байлаа.
Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.ШАРАВДОРЖ хэлэхдээ,
“МАХН-аас явуулж байгаа үйл ажиллагаа, тэр тусмаа намын даргын нэр хүндийг гутаан доромжлох үүднээс янз бүрийн захиалгат зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг хэлбэр нь Н.Энхбаяр даргыг ийм байдалд оруулахыг хүсдэг, Монголд ирэхээс нь болгоомжилдог айдаг ийм л улстөрчдийн зохион байгуулж буй хэрэг. Бид Н.Энхбаяр даргатай байнга холбоотой байгаа. Хэдхэн хоногийн өмнө уулзсан. Н.Энхбаяр дарга Монголдоо ирж амрах хүсэлтэй байгаа. Энэ худал мэдээллийг дуулаад “монгол хүн нэгнээ гэсэн бодолгүй болжээ” гэж их харамсч хүлээж авсан. Солонгосын сонинд гарсан мэдээний хувьд эх үүсвэр нь Монголоос гэдэг нь тодорхой. Манай улстөрчид гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгааг харахад монголын улс төр дээд хэмжээндээ хүртэл бохирджээ.
Байрны хувьд бичиг хэргээс шүүж үзэхэд энэ байрыг манай нам 500 мянган ам.доллараар худалдаж авсан юм билээ. Хуульч хүний хувьд энэ худалдан авалтад ямар нэг эрүүгийн шинж чанар байхгүй” гэлээ.
Б.БОЛОРМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: