Манзуширын хийд
Манзуширын хийд одоогоос 350 гаруй жилийн өмнө Богд хан уулын энгэрт бууриа зассан ажээ. “Манзушир” гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай. Буддын ёсны оюун билгийг дэлгэрүүлэгч “Манзуширын хувилгаан” анх МЭӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа тодрон залгамжлагдсан түүхтэй аж. “Монгол нутагт анх тодорсон Манзушир хутагт нь хөхөгчин гахай жил буюу 1695 онд Хөх нуурын газар мэндэлсэн Агваан-лувсанжамбалданзан юм” гэж түүхэн сударт тэмдэглэсэн байдаг. Түүний үндэслэн байгуулсан Манзуширын хийд бол Монгол дахь шарын шашны том төвүүдийн нэг байжээ. Халхын анхны Манзушир хутагтаар тодорч Түвдэд ном, эрдэм сурч байсан Агваанлувсанжамбалданзанг 1714 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Монголд урин авчирч, өөрийн багшаар залсан гэдэг.
Халхын анхдугаар Манзушир хутагт долоон тангад ламын хамт 1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин явтал цагаан чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн”, хаш чулуун “Найдан” бурхан олдсонд “Билэг шинж үзэгдлээ” гэж үзэн хийдийн шавыг тавьсан гэдэг яриа үе дамжин иржээ. Хийдийн анхны сүм болох “Өвгөн лаврин”-г Сэцэн хааны өргөсөн 800 лан мөнгөний хөрөнгөөр барьсан гэдэг. Манзуширын хийдийг монгол барилгачин, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод чулууг үхэр тэргээр зөөж барьсан байна. Манзуширын хийдийн байрлал нь “Хангарьдын хэлбэртэй” гэх агаад үзэсгэлэн төгөлдөр Богдхан уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгуудыг доош нь үелүүлэн барьсан нь холоос харахад үзэмж төгс харагддаг байжээ.
Хийдийг 1733 онд барьж эхлээд 1747 онд дуусгасан байна. Манзуширын хийд “Зүүн хойт”, “Баруун урд” гэсэн хоёр хүрээтэй. Хүрээ бүр нь дөрвөн арвантай, арван бүр нь даргатай. Хийдээс зүүн урагш овооны энгэрт борчуулын хороо байжээ. Овооны өвөр дэх хороонд тус хийдийн лам бус гар урчууд, сүм суварга босгодог дархан, мужаан, арилжаа наймаа эрхлэгч, ядуус амьдардаг байжээ. Одоо энэ газарт “Овооны энгэр” нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. “Манзуширын хийд 14-17 орчим барилгатай байсан” гэж яригддаг. Тус хийдийг нураан сүйтгэхээс өмнө буюу 1937 оны наймдугаар сарын 25-нд хийсэн тооллогоор дуган 10, байшин хоёр, гэр тав, хийдийн хэмжээтэй 500 шахам ам метр, барилгуудын чанар сайн гэж бүртгэгдэн үлджээ. Тухайн үед энэ хийдэд 300 лам, хувраг шавилан сууж ном хурдаг байв. Буддын гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, зурхай, уран зохиол, одон орон, орчуулга зэрэгт мэргэшсэн билэг төгс мэргэд олон байсан гэдэг. Манзуширын хийд гоёмсог барилга, уран сийлбэр, зурмал хатгамал бурханы дүрүүд, хөгжмийн зэмсгүүд гээд шашин урлагийн хосгүй дурсгалуудаар алдартай байжээ.
Түүний нэг нь дархан Дагва тэргүүтний урласан, дэлхийд цор ганц гэж хэлж болохоор алт мөнгөөр бүтээсэн “Сундуйн жүд”, “Доржзодво” судар юм. Мөнгөн хуудсан дээр алтан үсгийг товойлгон сийлж бүтээсэн энэхүү гайхамшигт судруудад 2460 лан мөнгө орсон гэж эрдэмтэд тооцоолжээ.
1937 оны их хэлмэгдүүлэлтэд Манзуширын хийд өртөж, лам нарыг нь баривчилж, хөрөнгө зоорийг хураахад энэхүү гайхамшигт судрууд хамт хураагдаж Улаанбаатар хотод аваачсан байна. Манзушир ламтаны хийдэд дотоод яамны төлөөлөгчийн үүрэг хүлээж ажилласан Лувсанжамъян, Норов нар алтан, мөнгөн судрыг хурааж ирээд хэрхэх тухай Х.Чойбалсангаас асуухад “Алт, мөнгө шүр сувд их оруулсан үнэхээр сонин түүх дурсгалтай судар байна. Юу ч гэсэн хойноос /ЗХУ-аас/ хариу шийдвэр иртэл Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, бат хадгалж бай” гэсэн тушаал буулгасан ажээ. Ийнхүү аз завшаанаар үлдсэн дэлхийд хосгүй алт, мөнгөн судрууд өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд нандигнан хадгалагдаж байна.
Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэргээр баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулсан. Мөн тус хийдийн нэр бүхий 53 лам баривчлагдаж ихэнх нь цаазаар авахуулах ял сонссон байна. Тэднээс амьд үлдсэн нь цөөхөн ажээ. Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөснөөр хийдийн туурь л үлджээ. Харин хийдийн хойт талын хаднууд дээр сийлсэн бурхадын зураг өнөөдөр ч гэсэн байсаар. Байгаль, түүхийн онцлог бүхий энэ газрыг аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулах саналыг Төв аймгийн тухайн үеийн удирдлагууд гаргаж хийдийн туурь орчинд 1993 онд “Байгалийн музей” байгуулсан юм. Үзмэрийг нь бүрдүүлэхэд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Шагдарсүрэн, сэтгүүлч С.Сумъяа нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Музейд бас нэг сонирхолтой үзмэр байдаг нь аймгийн музейн эрхлэгчээр олон жил ажилласан Г.Эрдэнэбат агсны бүтээсэн дуран юм. Энэ дурангаар харахад Манзуширын хийд эрт дээр үеийнх шигээ харагддаг нь гайхалтай. 1991 онд хийдийн туурин дээр аймгийн хөрөнгөөр “Манзушир хутагтын сэрүүн лавиран” сүмийг шинээр барьж, улмаар өргөтгөн 1993 онд музей болгожээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
uneheer lag medee baina