Шаардлага тавьлаа.. Интернэт тасарлаа..
“Дижиком” ХХК хэмээх нэртэй интернэт үйлчилгээний байгууллагын хэрэглэгчиддээ сарын 10-хан хоногт интернэтээр үйлчлээд бусад хоногт нь тасалдаг талаар иргэдийн гомдол ирсэн юм.
Уг компани нь “Манай компани нь 2005 онд байгуулагдаж Монгол улсын Улаанбаатар хотын иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл дамжуулах үйлчилгээг орчин үеийн мэдээлэлийн технологийг ашиглан, чанарын өндөр түвшинд үйлчлэх үндсэн зорилготой байгуулагдсан.
Өнгөрсөн хугацаанд бид техник технологийн өргөтгөл шинэтгэлийг тасралтгүй хийж үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэн, шинэ нэр төрлийн олон үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж ирлээ” гэж өөрсдийн зорилгоо тодорхойлсон байна. Гэвч энэ компани хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж ажиллаж чадсангүй.
Манай сайтад гомдол гаргасан иргэний хэлснээр “Дижисом” ХХК ний интернэт нэг сарын 20 өдөр нь тасардаг. Сарын 10-хан хоногт хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд сарын сүүлд төлбөрөө авах болохоор хэрэглэгчээс тухайн сарын төлбөрийг бүтнээр нь авдаг байна. Тэгээд хэрэглэгч интернэт ашиглаж чадсангүй, танайх интернэт дандаа тасалддаг талаар хэл ам хийхээр интернэтийг нь бүр тасалчихдаг аж. Ийм үйлчилгээний байгууллага гэж байх уу? Уг байгууллагыг “Мэдэээлэл технологийн эрин зуунд хэрэглэгч та бүхэнд найдвартай , тасалдалгүй интернэтээс гадна IPTV, төрөл бүрийн кино, клип, мэдээ мэдээллийг хүргэх зэрэг сонирхолтой шинэлэг үйлчилээг хүргэх болно” гэсэн болохоор л хэрэглэгч сонгосон.
Түүнээс биш шинэлэг үйлчилгээ үзүүлэх нь байтугай интернэтээ тасалдуулалгүй хүргэж чаддаггүй газрыг хэн сонгохыг бодох юм. Интернэтээ тасалдуулалгүй хэрэглэгчид хүргэж чадахгүй юм аа гэхэд шаардлага тавьхад тэрнийг нь хүлээж авах ухамсар үйлчилгээний байгууллагад байх ёстой.
“Дижиком” ХХК нь “ХXI-р зууны бизнесийн амжилтын гол түлхүүр болсон мэдээлэл дамжуулах явцыг харилцагч нэг бүрийн хэрэгцээнд бүрэн нийцүүлэн чадвартай боловсон хүчин, мэргэшсэн инженерүүдийн чадвараар иж бүрэн нэг цэгээс хүргэх нь бидний үйл ажиллагааны давуу тал юм” гэж өөрсдийн давуу талаар тодорхойлжээ. Давуу талыг бичгээр тодорхойлох биш үйлчилгээгээрээ харуулах ёстойг ямар ч байгууллага мэддэг л баймаар юм. Тус компаньд найдаж, сонгож үйлчлүүлж ирсэн хэрэглэгчээ гомдоох эрх “Дижиком”-д байгаа гэж үү? Та бүхний мууг үзэх гэсэндээ үүнийг бичсэнгүй ээ. Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээгээ цаасан дээр бичсэн шигээ, амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэсэндээ бичлээ. Та бүхэн хэрэглэгчийг шаардлага тавьлаа гээд интернэтийг нь тасдаад байж болохгүй гэдгийг энд хэлмээр байна. Үйлчилгээ бол үйлчилгээ. Үйлчилж чадахгүй бол үйлчилгээгээ зогсоосон нь дээр гэдгийг ямар ч байгууллага эрх биш мэдэх байх.
Н.Батаа
URL: