Тариаланчид хураасан тариагаа агуулах савгүй байна
Найгал сайхан долгиотой
Нар хурын шим юм аа хө
Навч ногооны дээж юм аа хө
Ургацын далай Ургацын далай…
Ийнхүү эхлэх Монголын Радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийг сонсохоор өөрийн эрхгүй тариан түрүү халиурсан тариалангийн талбайд очмоор санагддагсан. Энэ л дууны үг, аялгуу тухайн нэвтрүүлгийг хөтлөгч УГЗ, яруу найрагч Б.Цэдэндамбын дуу хоолой, нэвтрүүлэгт оролцож байгаа тариаланчдын ахуй амьдрал монгол хүн бүрийн сэтгэлд тариан түрүү шаргалтан халиурах намрыг урин дууддаг. Тиймийн учир бид тариа хураалт, тариаланчдын ахуй амьдралын нэг өдрийг сурвалжлахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорихдоо энэ л нэвтрүүлгийн тухай яриа дэлгэж явлаа. “Эх нутгийн минь хөрснөөс ургасан тариан түрүү энгэрт минь төрийн дээд шагнал болж гялалзах агшин ямар сайхан байдаг гэж санана” хэмээн Монгол Улсын гавьяат тариаланч Б.Бат-Очир гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ л гавьяатын хөлс, хөдөлмөр шингэсэн нутаг бол Төв аймгийн Жаргалант сумын Загдал бригадын тариан талбай. Ер нь үе үеийн газар тариаланчдын ажил хөдөлмөрийн алдрыг тодотгосон газар тариалангийн өлгий нутаг бол Загдалын хөндий юм. Бид өглөөний найман цагтай уралдан Загдалын хөндийд ирэхэд трактор, комбайны дуу нүргэлэн хэсэг хэсгээрээ цуваа болон амуу тариагаа хурааж байлаа. Өнгөрсөн жил энэ л шаргал хөндийгөөс оны шилдэг агрономич төрж “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү”-ний эзэн болж байсан. Тэгвэл энэ жил ч ургац арвинтай сайхан байгаа аж. Тариаланч, ногоочин хүний амьдралын эгэл өдрүүдийн тухай бодох тусам нэг өдрийн тэмдэглэл багадмаар санагдана.Ингээд бид Загдалын хөндийд үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант Надмид” ХХК-ийн үтрэм дээр очлоо. Ажил хөдөлмөр хийгээгүй алхаж явахад даарах янзтай хүйтэн салхи үлээнэ. Харин үтрэм дээр ажиллаж байгаа хүмүүс халууцсан байдалтай нимгэн хүрэмнийхээ энгэрийг задгай тавьж, зарим нь малгайгаа аван магнайныхаа хөлсийг арчиж харагдана. “Жаргалант Надмид” ХХК сүүлийн таван жил үр тариа тарьж байгаа аж. Үтрэмийн үүдэнд биднийг тосч аван захиралтайгаа уулзуулахаар алхах замдаа “Хаврын тариалалтаас хойш гэртээ харьж амжаагүй. Ургац хураалт дуусаж байна. Удахгүй харина даа. Зээ охин минь ч одоо том болсон байх даа” хэмээн ярих 60 гаруй насны эмэгтэйг Ц.Эрдэнэчимэг гэдэг аж.Түүний яриагаар энэ хамт олон шинэ техник төхөөрөмжтэй, цалин хангамж сайтай гэнэ. Ингээд бид “Жаргалант Надмид” ХХК- ний захирал Д.Баярсайхантай уулзлаа.
- Ургац арвин, Сайхан намаржиж байна уу?
-Сайхаан сайхан. Өмнөх жилүүдээсээ энэ жилийн ургац арвин сайхан байна. Манай компани 300 га талбайд тариалж, нэг га-гаас 13-18 центнр тариа хураалаа. Цаг агаар, хүйтрэлтээс өрсөж ажлаа дуусах дөхөж байна. “Жаргалант Надмид” компани 2009 онд анх байгуулагдсан. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хувьд ургац арвин байна. Ургац сайн байгаа ч хамгийн гол нь борлуулалт алга.
-Одоогоор хэчнээн тонн будаа хураагаад байна вэ?
- 400-500 тонн будаа хураагаад байна. Харин хурааснаа агуулах савгүй л хэцүүдээд байна. Манай компанийн тарьсан буудай Монгол Улсад хамгийн сүүлд орж ирсэн элит үрээр тариалсан болохоор хоггүй, өндөр чанартай ургасан.
-Салбар яамнаас зориулалтын агуулах савны талд анхаарал хандуулж буудай хадгалах нөхцөл бололцоог хангаж өгөхгүй юү?
-Тэр талаар боддог мэргэжилтэн салбар яаманд байдаггүй бололтой. Ганц манай компани ч биш. Ер нь тариалан эрхлэгчид л агуулах савгүй хэцүүхэн байгаа. Талбайдаа будаагаа асгасаар байгаад талбайгүй боллоо. Үтрэмд эхэлж будаа доороосоо халаад, ургах аюултай тулгараад байна. Тиймээс шөнөөр жижүүрлэж будаагаа байнга сэлгэж, бүтээж байгаа.
-Гурилын үйлдвэр гэх мэт газруудад борлуулж болохгүй юу?
-Авъя гэсэн газар байдаг бол өгмөөр байна. Холбогдох газруудаас чимээ алга. Борлуулалт хийхэд маш хүнд боллоо. Сураг сонсоход хэд хоногийн өмнө манай гурилын үйлдвэрүүдэд ОХУ-аас будаа оруулж ирсэн гэнэ. Тэгээд дотоодын тариаланчдын борлуулалт зогсчих шиг боллоо. Оросоос орж ирж байгаа будаа яаж ч бодсон жил өнжсөн, нөөцийн будаа байж таараа. Бидний тарьж ургуулсан будаа чанарын хувьд цэвэр, чанартай, шинэ бүтээгдэхүүн. Гэтэл төр засаг нь дотооддоо тарьж ургуулсан шилмэл бүтээгдэхүүнээ хаячихаад гадны өнжиж хуучирсан будаагаар гурил хийж байгаа нь хэр зөв бодлого юм бүү мэд.
-ОХУ-аас будаа оруулж ирсэн гэсэн нь худлаа мэдээлэл биш үү?
-Үнэн, үнэн. Бид хүч хөдөл – мөрөө урсгаж, хэдэн сар вагончигт амьдарч байгаад ургуулсан будаагаа борлуулах гэж их явж байна. Гэтэл ОХУ-аас будаа оруулж ирсэн гэдэг үг л ам таглаад байна шүү дээ.
-Техникийн хувьд ямар байна вэ? Машин техникээ түрээсэлдэг үү?
-Машин техникийн хувьд бүгд шинэ. Урдчилгаа 30 хувийг нь төлөөд таван жилийн хугацаатай лизингээр машин техникээ авсан. Тухайлбал, комбайныг 176 сая, трактораа 115 сая, цэвэрлэгч машиныг 13 сая төгрөгөөр авч байсан. Борлуулалт байхгүй болохоор лизингийхээ мөнгөний оронд будаа өгч байна. Хэд хоногийн өмнө гэхэд л 50 гаруй тонн будаа өгсөн.
-Хэчнээн ажилтантай вэ. Өдрийн цалин хэд вэ?
-Нэг өдрийн цалин 20 мянга байдаг. Дөрөвдүгээр сарын 15-аас гараад арваннэгдүгээр сар хүртэл 10 гаруй хүнтэй ажиллаж байна. Манай компанид нутгийн уугуул иргэд ажилладаггүй. Би хотоос ажилгүй, амьдрал тааруу хүмүүсийг авчран үтрэм дээрээ ажиллуулж байгаа.
-Та Улаанбаатар хотоос гэр оронгүй хүмүүс авчирч ажиллуулдаг гэлээ. Ажлаа дуусахаар тэр хүмүүсээ буцаачихдаг уу?
-Би хүүхэд ахуйгаасаа л амьдрал мэднэ. Хүнд зовлон багаддаггүй гэдэг шүү дээ. Тэгвэл баяр баясгалан ч багаддаггүй. Би ажилчдадаа газар авч хашаа хатгаж. гэр барьж өгч байгаа. Иргэнийхээ хувьд нийгэмд хөлөө олохгүй ганц нэг хүнд ч гэсэн дэм болох юмсан л гэж бодож явдаг юм.
ХОГИЙН ЦЭГЭЭС ТАРИАН ТАЛБАЙД ИРСЭН ГЭР БҮЛ
Ийнхүү биднийг ярьж суух зуур хэд хэдэн машин буудай үтрэмд ирлээ. Газрын үр шимийг ганцаараа биш хамт олонтойгоо хувааж хүртэхийн нэг жишээ нь “Жаргалант Надмид” ХХК- ийн захирал Д.Баярсайханы ажилчдынхаа ар гэрт тавьж буй анхаарал бизээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас сүүлийн үеийн техникийг өндөр түрээстэй авчихсан. Түүнийхээ хүү мөнгийг төлнө, дээрээс нь ажилчдадаа хашаа, гэр барьж өгнө. Биднийг анх бригадын төв рүү орж ирэхэд “Загдалын Баяраагийн үтрэм дээр оч.Тариа будаанаас нь гадна хүн чанарыг нь сурвалжилбал их сонин сайхан юм ярина даа” гэж хэлж байсан нь дээр өгүүлсэн жишээнээс тодорч байна. Нарангийн энгэрийн хогийн цэг дээр нөхөртэйгөө таван жил орчим ажилласан Ц.Эрдэнэчимэг. Нэг өглөө түүсэн шил лаазаа тушаахаар Таван шарын ойролцоох дугуй засварын дэргэд амарч суух зуураа Д.Баярсайхан захиралтай танилцсан аж. Одоо нөхөртэйгөө хоёулаа “Жаргалант Надмид” компанийн үтрэм дээр ажиллаж байгаа. Сүү цагаан идээ, хонины мах зэргийг Д.Баярсайхан захирал аваад хүүгийнх рүү нь явуулчихна. Ид тариа хураалтын дундуур Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд газар авч хашаа хатгаад гэр барьж өгсөн нь хамгийн том шагнал байжээ. “Эрүүл агаар эм болж байна. Эхлээд ч ажлаа мэдэхгүй замын унаагаар оргоод хот руу явчихмаар санагдаж байсан. Харин одоо сайхан хамт олонтой, мөнгө санхүүд санаа зовохгүй сайхан л амьдарч байна”гэх Ц.Эрдэнэчимэгийн амьдралын талаар цөөн хором ярилцлаа.
-Энд ирэхээсээ өмнө та хаана ажиллаж байсан бэ?
-Хотод. Ажилгүй шахам л байсан. Хүн болохоор турж үхэхгүйн тулд янз бүрийн л ажил хийсэн. Хог ч түүж явлаа.
-Таны сарын цалин хэдэн төгрөг вэ?
-Нөхөртэйгөө нийлээд 900 мянган төгрөг авдаг. Захирлынхаа итгэлийг алдчих вий гэж их айдаг. Одоо амьдрал болж л байна.
-Та хоёр хотод гэр оронтой байсан уу?
-Жижигхэн байшинд амьдардаг байсан. Манай нөхөр барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Гэхдээ бид хоёрт ажил олддоггүй байсан.
-Үтрэм дээр ажиллах ямар байна вэ?
-Их сайхан. Хөдөө чинь агаар нь л эм шүү дээ. Анх ирчихээд жаахан хэцүү байсан. Нуулгүй хэлэхэд, өдөр бүхэн архи ууж байсан хүмүүс чинь гэнэт сүүтэй цай уугаад тарган мах идээд суухаар хэцүү юм билээ. Хүний хоол зүгээр идээд байгаа юм шиг санаа зовно. Мөн “Ажлыг нь хийж чадахгүй бол яана аа” гэж эмээнэ. Одоо ч зан зангаа аваад сайхан байна. Тариа ногоо тарьж сурлаа.
Энэ намрын ургац хураалт дуусч байна. Төв аймгийн Жаргалант сумын нутагт 10 гаруй компани үр тариа тарьдаг аж. Га талбай арай илүү болохоор хамгийн сүүлд “Жаргалант Надмид” компанийн хамт олон ургац хураалтаар арай сүүлдэж явна. Гэхдээ хэдхэн хоногийн дараа буудайгаа хураагаад дуусчихна. Харин Д.Баярсайхан захирлын хэлснээр хураасан ургацаа хаана агуулах вэ гэдэг л хэцүүхэн болоод байгаа бололтой. Арвин ургацтай энэ жил манай улс гадны орноос буудай авах шаардлагагүй л баймаар санагдах юм. Үтрэм дүүрэн шаргалтах буудайгаа хаана хадгалж, аль гурилын үйлдвэрт өгөхөө мэдэхгүй компаниуд олон байгаа бололтой. Хаврын сард газар тариалангийн ажил ундарч салбар яамнаас нь эхлээд л ургацаа тарь, арчил, ургуул гэдэг. Гэвч сайн сортын шилмэл үрээр тарьсан буудайгаа намар тушаах газаргүй болчихдог нь хачирхалтай. Манайхны ажлын уялдаа холбоо ямаршуу төвшинд байгаагийн тод жишээ энэ буюу.
В.Нэргүй
URL: