Замын-Үүдийн гаалийн хүнд суртал хэрээс хэтэрлээ
Манай улсын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомтоор хүн, машин нь тасралтгүй хөлхдөг. Ид ачааллын үедээ өдөртөө хэдэн мянган хүн, хэдэн зуун машин дамжин өнгөрдөг энэ боомтын гаалийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрч байгаад УАЗ-469 машины жолооч нар болон наймаачид тун их бухимдалтай байгаа аж.
Учир нь, өмнө нь цайны цаг гэсэн тусгайлсан эрх ямбагүй ажиллаж болоод байсан гаалийн байцаагчид өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбатын шийдвэрээр цайны цагтай болсон байна.
Цайгаа уухаар хамаг ажлаа хаяад явчихдаг гаалийн байцаагчдаас болж, тус боомтоор дамжин өнгөрдөг хүн, машинуудын хөдөлгөөн хоёр цаг шахам хий дэмий хүлээгдэж, бөөгнөрөл үүсээд байгаа гэнэ.
Уг нь хил боомтын албад тасралтгүй ажиллах ёстой атал Б.Хишигбат ийнхүү дур мэдэн шийдвэр гаргаснаар олон мянган машин, хүмүүсийн түгжрэлийг бий болгоод байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Гэтэл хил дээр үүргээ гүйцэтгэж буй мэргэжлийн хяналтын алба, хилийн алба, хорио цээр гэх мэт бусад албад цайны цагаа зохицуулан ард иргэдэд шуурхай үйлчилж болоод байхад зөвхөн гаалийн байгууллага ийнхүү хоёр цаг шахам хүмүүсийг хүлээлгэж хүнд суртал гаргадаг.
Гаалийн байцаагчдын цайны цаг дуусахыг тэсэн ядан хүлээсэн УАЗ-469 машины жолооч нар болон наймаачид удаа дараа энэ байдлаа залруулахыг хүссэн ч бахь байдгаараа байгаа гэнэ. Гаалийн ерөнхий газрын даргаасаа давсан шийдвэр гаргасан энэ асуудлыг даруйхан цэгцлэхгүй бол жолооч, наймаачид бослого гаргахад ойрхон болоод байгаа аж.
М.Нандин uls
URL: