АН-ын дотоод зөрчил хурцдаж ТББХ-ны хурлаас завсарлага авлаа

1412645554_screen-shot-2014-10-07-at-9.56.15-am

Өнөөдөр өглөө 8:30 цагаас эхлэх ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал бүтэн нэг цаг хүлээлгэн байж арай гэж эхэлсэн байна. Байнгын хорооны 19 гишүүнээс МАН-ын намын бүх гишүүд буюу 6, АН-ын 3, ИЗНН-аас 1, МАХН-МҮАН-аас 2 гишүүн ирцэд бүртгэгдэж Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэв.

Уг нь төсөл санаачлагч Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулга хийх байсан боловч орж ирсэнгүй. Байнгын хорооны гишүүд “Өглөөнөөс хойш бүтэн 1 цаг хүлээлээ хурлаа эхэлье!” гэсэн шаардлага тавьж арга буюу хурлыг эхлүүлсэн байна. Гэвч шинээр авсан чуулганы төхөөрөмжүүд ажиллахгүй гишүүдийг багагүй бухимдуулаад авсан юм.

Хурал хэлэлцэх асуудлаа баталсан даруйд АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат яаран сандран орж ирээд “Засгийн газрын бүтцийн тухай хэлэлцэж буй асуудлаас 1 хоног хүртэлх хугацааны завсарлага хүсч байна” гэсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хүсэлтийг хүлээн авч завсарлага олгож хуралдаан хойшиллоо.

Үүнээс хархад АН-ын гишүүд зориуд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцоогүй, дотоод асуудлуудаа бүрэн шийдээгүй, фракциуд нь нэгдсэн тохиролцоонд хүрээгүй, МАН-ын гишүүдийн ирц бүрэн, МАН-ын зүгээс ямар ч асуудал оруулж дэмжлэг авах бололцоо бүрдсэн тул арга буюу ийнхүү завсарлага авахад хүрсэн хэмээн ажиглагчид үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих