Ядуу эсэхийг нь сугалаа шийдэх үү

145977-03092014-1409706470-953988204-suragch_surguuli1

Одоогоос олон жилийн өмнөх явдал юм даг. Дүү маань ЕБС-ийн бага ангийн сурагч байхдаа ангийнхан нь нэгэндээ туслах зорилгоор мөнгө хураасан гэдэг.

Ингэхдээ багш нь “Боломжтой нь 500, боломжгүй нь 200 төгрөг хураалгаарай” гэсэн байдаг юм. Бид дүүгээс “Чи тэгээд хэдийг өгөв” хэмээн асуувал мань эр сайн дураараа боломжтойн тоонд орж, 500 төгрөг хураалгасан гэж   бөөн инээдэм болж байсан нь гэнэт санаанд оров.

Угтаа бол үүнтэй төстэй үйл явдал саяхан нэгэн дунд сургуульд болжээ. Энэ удаад сурагч өөрөө амьжиргааны төвшнөө тодорхойлоогүй харин багш нь сугалаа сугалуулсан юм байх. Нэгэн танилын маань хүүхэд ЕБС-ийн дунд ангид суралцдаг юм.

БШУЯ-аас энэ хичээлийн жилд ахлах болон дунд ангийн сурагчдад түрээсийн сурах бичиг ашиглуулахаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, ЕБС-ийн   дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46.9 хувь болох   122127 сурагч сурах   бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ингэхдээ   багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөг төлнө гэж заасан юм билээ.

Харин дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104135 сурагч тухайн ангид судлах   бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэхээр шинэ журамд заажээ.   Үүнд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдах юм. Гэвч зарим сургуулийн багш нар сугалаа татуулж сурагчдынхаа амьжиргааны төвшинг тодорхойлсон гэнэ.

Өөрөөр хэлбэл, нийт сурагчдын амьжиргааны төвшин болон ар гэрийн нөхцөл байдлын талаархи судалгаанд үндэслэлгүйгээр зөвхөн сугалаа сугалуулаад л хэн нь сурах бичгээ түрээсээр ашиглахыг шийдсэн байх юм. Орон сууцтай болох хүүхдээ цэцэрлэгт оруулах зэрэгт сугалаа сугалах дүүрсэн хэрэг гэж бодоход амьжиргааны төвшинг энэ маягаар тодорхойлно гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл   гэхээс өөр юу гэх билээ.

Угтаа бол ЕБС-ийн сурагчдын амьжиргааны төвшин, эцэг, эхийн ажил, мэргэжил, ар гэрийн нөхцөл, байдлын талаархи судалгаа ангийн багшид байдаг. Ангийн багш нар энэ судалгаанд үндэслэн тухайн ангид хэчнээн бүтэн өнчин болон амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд суралцдаг гэдгийг цээжээрээ шахам мэдэж байдаг. Доржийн аав тийм ажил хийдэг, Цэцэгмаагийн амьдралын төвшин ийм гээд л.

Гэтэл зарим сургуулийнхан сурах бичиг ашиглах шинэ журамд захирагдахгүй гэсэндээ тэр үү мэдсээр байж сугалаа сугалуулаад асуудал үүсгэж байгааг нэгэн танил маань хэлсэн юм. Сугалаагаар амьдралын төвшинг тодорхойлж байгаа юм чинь үр дүн нь эргэлзээтэй байх нь мэдээж.

Амьдралын төвшнөөс доогуур орлоготой гэх сугалааг сугалсан нь 18 мянган төгрөгөө төлөөд түрээсийн сурах бичиг ашиглах боломжтой айлын хүүхэд ч байж болно. Харин тэр азтай тул сугалаагаар бүтэн жилийн турш үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах болчихож байгаа юм.

Харин энэ “мэргэн” шийдвэрийн ард жинхэнээсээ үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах ёстой айлын хүүхдүүд “амьдралын боломжтой” гэх сугалаа татсан сурагч мөнгөө төлөх нь. Магадгүй уншигч та 18-хан мянга шүү дээ гэж бодож мэднэ. Гэвч дунд сургуулийн сурагчдад төдийгүй та бидний хувьд ч цагаа тулахаар 18 мянган төгрөг байтугай 100 төгрөг ч олдохгүй байх үе бий. Нэг өрхийн ах, дүү гурав зөвхөн сурах бичиг ашиглахын төлөө 18 мянган төгрөг төлнө гэвэл хэцүүдээ хэцүү.

Төлбөрийн чадвартай нь ч байна. Бүтэн өнчин хүүхэд журамд зааснаар бол мөн л үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглах ёстой. Гэвч сурах бичгээ бүтэн жилийн турш үнэ төлбөргүй ашиглах эсэх нь зөвхөн сугалаагаар шийдэгдэх нь. Үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах сурагчийн тоог урьдчилсан байдлаар гаргаж, шинэ журмыг боловсруулсан байхад дундуур нь багш нар ингэж “бантан хутгах” шаардлага байсан гэж үү.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих