“Роснефть”-ийн захидал …
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Москвад айлчилсны дараа ОХУ-ын “Роснефть” компаниас нэгэн албан бичиг иржээ. Ерөнхийлөгчид, эсвэл Д.Зоригт сайдын нэр дээр ирсэн гэх таамгаас өөр тодорхой мэдээлэлгүй байсан уг захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр зөвхөн төрийнхөнтэй уулзсан, хувийн компанийн бизнесмэнтэй уулзаагүй” гэж мэдэгдсэн. Харин Засгийн газраас “захидал ирсэн байлаа ч тэр нь санал төдий. Бид нар шатахуун өгөөч, үнээ бууруулаач гэж оросуудаас хүсдэгтэй л адилхан өдөр тутмын харилцаанд байдаг саналтай л адилхан” гэж тайлбарласан.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хаяглсан энэхүү захидлыг УИХ-ын гишүүд бүлэг бүлгийнхээ хаалттай хуралдаанаар сонссон байна.
Харин захидалд ямар хариу өгөх, ер нь “Роснефть”-ийн захиралд Монголын Засгийн газар хариу өгөх нь зөв эсэх, Монголд болж буй бензинийн хомсдол нь уг захидалтай холбоотой юу гээд олон асуулт эндээс гарч байгаа юм.
Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танаа
2011 оны VI сарын 2
Эрхэм хүндэт Дашдоржийн Зоригт танаа,
Танд гүн хүндэтгэл үзүүлье.
Нефтийн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг ямагт эн тэргүүнд тавьж үздэгийг дуулгахад таатай байна. Манай компани хамтын ажиллагааны бүх л хугацааны турш Монголын дотоодын зах зээлийг хангахын тулд дөрвөн сая орчим тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлжээ.
Дашрамд, “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг бол найдвартай түнш бөгөөд өөрийн хүлээсэн үүрэг даалгаврыг ямагт, тэр бүү хэл Оросын дотоодын зах зээлд нефтийн бүтээгдэхүүн хомсдсон хүнд хэцүү үед ч биелүүлж ирснийг энд тэмдэглэх хэрэгтэй. Харамсалтай нь, бидний хамтын ажиллагаа “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хувьд Монголын хэрэглэгчдэд нэг удаад бөөнөөр худалдах дээр үндэслэсэн, нэг талыг барьсан шинжийг агуулж байна.
Дэлхийн томоохон олборлогч, нефть боловсруулагч, борлуулагч “Роснефть” нийгэмлэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Монголын дотоодын зах зээлийн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийг хангах хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд чиглэсэн цогц, системтэй үйлчилгээгээр хангах асуудлыг олон жилийн турш тавьж байгаа.
Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх энэ асуудалд саад учруулаад буй гол бэрхшээл бол Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээрх хуулийн хязгаарлалт юм. “Роснефть”-ийн зүгээс Монголыг нефтийн бүтээгдэхүүнээр хангах нэгдсэн системийг бий болгох боломжтой адил тэнцүү эрх бүхий хамтын ажиллагааг санал болгож байна. Үүнд:
1. Нефть бааз байгуулах, хадгалах систем, нефтийн бүтээгдэхүүний ложистик бий болгох,
2. Иргэдэд зориулсан цогц үйлчилгээ (дэлгүүр, цайны газар, техникийн үйлчилгээ, автомашин угаалгын газар зэрэг) бүхий орчин үеийн шатахуун түгээх станц барих, ашиглах.
3. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд ТЗК барих, улмаар ашиглах хамтарсан үйлдвэр барих, уг үйлдвэр нь онгоцны түлш нийлүүлэхээс эхлээд цэнэглэх хүртэлх бүх л цогц үйлчилгээг үзүүлэх.
4. Монголын нефтийн зах зээлд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд “Роснефть”-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх удаан хугацааны баталгаа олгох
Бид хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээг яаралтай хангахын тулд шаардлагатай бүх л арга хэмжээг авах болно.
Монголыг нефтийн бүтээгдэхүүнээр хангах салбарт ашигтай, цогц, урт хугацааны хамтын ажиллагааг хангахын тулд дээр дурдсан асуудлуудыг хүлээн авна гэдэгт найдаж байна.
Таныг хүндэтгэсэн Э.Ю.Худайнатов
Эх сурвалж: Үндэсний шуудан
URL: