Дуут дохио хангинуулж албаны унаагаар амины ажлаа амжуулах эрхмүүд цөөрсөнийг иргэн та анзаарсан уу?
Манай улс нэг үеэ бодвол овоо хөрөнгөжиж байгаагийн илрэл нь төрийн тусгай алба хаагч цагдаа нарыг дуут дохиогоор тоноглогдсон автомашинаар хангасан явдал юм. Харин сайны хажуугаар садаа гэгчээр ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэх албаны унаа, дуут дохиог амины хэрэглээндээ ашиглаж хаа явсан газраа хангинуулж, түгжрэл, гэрлэн дохиог үл харгалзан замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд саад учруулж энэхүү боломж, эрх хэмжээг хэрэгжүүлэгч нөхдүүдийн ухамсар, соёл, албаа хүндэтгэх хүмүүжил их дулимаг байгаагаас багагүй хүндрэл учирдаг нь нууц биш юм.
Гэрэл дохио зөрчих, урсгал сөрөх, хувийн ажилдаа яарах болохоороо дуут дохиогоо хангинуулж түгжрэл дээр гацаа нэмж хэрэгдэх юм. Иргэндээ үйлчлэх шуурхай автомашинд уу, эрх мэдэлтний давуу эрхтэй тээврийн хэрэгсэл үү? Хаа сайгүй хурдлан давхих, тусгай дуут гэрэл анивчуулсан хэн нэгэн эрх мэдэлтэй эрхмүүдийн гэргий, хүүхдийг зөөсөн, бусад жолооч нарт дээрэнгүй хандсан, замын хөдөлгөөний дүрмийг үл хүндэтгэсэн, бусдаас илүү давуу эрх эдэлсэн зүй бус явдал өдрөөс өдөрт багасч байгааг иргэн та анзаарсан уу?
Хотын хөдөлгөөнд оролцох олон мянган тээврийн хэрэгслүүдийн дунд автомашин дээрээ улаан, шар, хөх өнгийн гэрэл анивчуулсан хар өнгийн хачин чамин тээврийн хэрэгслүүд хаа нэгтээ харагддаг.
Эрх мэдэлтнүүд энэ тусгай дуут дохио хэрэглэхээс татгалзах болсон гол шалтгаан нь Хууль зүйн сайдын 2013 оны 05 сарын 31-ний өдрийн Дугаар А/121 “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотой гэнэ.
Уг журмаар чухам ямар автомашинд тусгай дуут дохио тавих эрхтэйг зааж өгсөн байна. Тухайлбал: Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ гэж зааж өгчээ.
Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болно. Хойшлуулшгүй ажиллагаа болон шуурхай дуудлагын тохиолдлоос бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглосон талаар энэ журамд журамласан юм. Хамгийн гол заалт нь Улсын их хурал, Засгийн газрын гишүүд болон яам агентлаг, Нийслэл, дүүргийн харъяа албадын дарга нарт тусгай дуут дохиог тээврийн хэрэгсэлдээ тавихыг хориглосон нь маш зөв шийдвэр болсон.
Харин дараах тохиолдолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах үедээ тээврийн хэрэгсэлдээ зөвхөн улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж болно гэж заасан байна.
Иймд эрх мэдэлтүүд энэ эрхээсээ татгалзаж эхэлсэн нь Монгол улсад хууль журам хэрэгжиж эхэлсний цондон гэлтэй. Манай нийгэмд олон л хар бараан зүйлс бий. Иргэд бид үүнийг шүүмжлэх бүрэн эрхтэй. Гэвч үнэхээр болж бүтэж байгаа зүйлээ сайшааж нэг нэгэндээ урам өгч амьдрах нь зүйтэй.
URL: http://www.fact.mn/186784.html