БАЯРТАЙ, ЭЗЭН 100
Энэ хавраас намрын чуулган хүртэл “ЭЗЭН 100″ гэдэг үг моодонд орж,’ эцэст нь цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр дуусч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, монгол хэлний үгийн санд “ЭЗЭН 100″ гэдэг үг нэмэгдсэнээс өөрөөр амьдрал дээр гавьтай өөрчлөлт гарсангүй. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлагнасан үр дүн бол “ЭЗЭН 100″-тай 100-гүй ажил болоод явах ёстой зүйл байсан гэдгийг олон нийт хэлж байгаа.
Ямартаа ч 100 хоногийн хүрээндё-д 28 хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснээс 12 нь батлагдаж, 14 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа байгаа аж. Мөн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн, хил гаалийн шалгалтыг найм дахин цөөрүүлсэн гэх мэтээр бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ. Үүнээс гадна Гашуунсухайтын гарцын хүчин чадлыг гурав дахин нэмж, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээж, далайд гарах гурван гарцтай болсны дээр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт хийсэн бүтээн байгуулалт зэргийг Ерөнхий сайд онцолсон. Гэхдээ энэ бүхэн “ЭЗЭН 100″ хөтөлбөрийг зарлаагүй бол хийхгүй байсан ажил гэсэн үг биш. Мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөт ажлынхаа дагуу явах л байсан байж таарна. Сөрөг хүчний хувьд хөтөлбөр эхлэхээс дуусах хүртэл эрх баригчдаас “амыг нь асуусан”. Өнгөрсөн баасан гаригийн хуралдаан дээр ч мөн адил тэд асуудгаа асууж, хэлдгээ хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд “Бид уйдсандаа энэ хөтөлбөрийн тухай яриагүй. Бодит байдал дээр эдийн засаг ямар байгааг ярих хэрэгтэй, Наад зах нь суудал олддоггүй байсан рестораны 20 хувь нь л одоо хүнтэй байдаг болсон. Сонины зарыг хар. Дандаа зарна гэсэн зар байгаа” гэсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас гишүүд асуулт асуух болгонд “Талын зам” хөтөлбөрийг жишээлж ярихад сөрөг хүчнийхэн “Өөр ярих юм байдаггүй юм байх даа” хэмээн шоолж харагдсан.
Мөн тэрээр асуултын хариултаасаа болж, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг ч “эмзэглүүлээд” авах шиг болсон. Учир нь, Оюулгойгоос орох мөнгө гэрээнээсээ болж гацаж байгаа тухай тэрээр хэлэхэд урд нь суусан С.Баярцогт гишүүн “Гэрээнээс болсон зүйл байхгүй шүү” гэж залруулсан. Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж луйвардалт” гэхэд, С.Эрдэнэ сайд бас тийм агуулгатай үг суудлаасаа хэлнэ лээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Дотоодын үйлдвэрлэгчид ид ургацаа хураах цагаар яагаад импортоор улаан буудай оруулж ирж байгаа юм бэ” гэж ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржоос асуухад, “Хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буудай оруулж ирэх санал ирсэн. Тиймээс 80 мянган тонн буудай оруулж ирсэн. Илүү дэлгэрэнгүйг Төрийн нарийн бичгийн дарга хариулна” гэхэд, “Ажлаа мэдэхгүй байна шүү дээ” хэмээн баалуулав. Мөн “Салбарын сайд нар ажлаа мэддэг, мэргэжлийн баймаар байна.
“ЭЗЭН 100″-ийн хангалтгүй үр дүнд ямар хариуцлага тооцох вэ” гэсэн УИХ-ын гишүүн А.Тлейханы асуултад “Сайд болоод жил гаруй болж байхад нь хариуцлага тооцоод яахав гэж байсан юм. Одоо бол тооцно” гэж Ерөнхий сайд хариулсан. МАН-ын бүлгээс”ЭЗЭН 100″-д хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уншсан. Гэхдээ сөрөг хүчний дүгнэлт гэхээсээ илүү хувь хүмүүсийн хоорондох явган хов шиг өнгө аястай. Ядаж түүнийг нь уншиж байгаа гишүүн “алба өнгөрөөж” байгаа маягтай унтаа байдалтай уншихад хүмүүс шоолж суусан. Өмнө нь ч бас МАН-ынхан “ЭЗЭН 100″-д хийсэн дүгнэлтийг нэг иймэрхүү хошин байдалтай хийж байсан юм. Ийнхүү “ЭЗЭН 100″ хэмээх эрх баригчдын хувьд тоолууртай ял, сөрөг хүчний хувьд сөрөх сайхан боломж байсан 100 хоног тойрсон улстөржилт дууслаа. Баяртай, “ЭЗЭН 100″.
Д.СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: