ҮХААЯ-ныхан ашиг харж үндэсний аюулгүй байдалд “заналхийлэв”

1412558524_ulaanbaatar-guril1006

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал­тайгаа хамтран 50 жилийн түүх­тэй газар тариалангийн салбарыг элгээр нь мөлхүүлэхээр шийдсэн бололтой. Учир нь тус яам “Улаанбаатар гурил” компани хамтарч ОХУ-аас их хэмжээний улаан­буудай хууль бусаар оруулж иржээ.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж газар тариалангийн бүс нутагт ажиллах үедээ “Им­пор­тоор улаанбуудай оруулж ирэхийг зогсоох хэрэг­тэй. Тэгэх­гүй бол үндэсний үйлд­вэ­р­лэгч, тариа­ланч­даа унагаах болно.

Нийт гу­рил үйлдвэр­лэгчид харьяа яам салбарын алба хаагчдад са­нуулж хэлэхэд бидэнд өнөөдөр эх орныхоо хөрсөнд ургасан буу­дай­гаар хийсэн гурилаа 100 хувь идэх боломж бий. Тэр ч бүү хэл экспортоор гаргах ч боломжтой.

Тэгэхээр гаднаас им­портын будаа авахгүй байхыг сайтар сануулъя. Энэ тал дээр ч төрөөс хараа хяналтыг сайжруулж ажил­лана” хэмээсэн.

Түү­ний энэ үгийг салбар яам буюу ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хамт явсан учраас сонссон төдийгүй бүр анхаарч ажиллана гэж Ерөнхийлөгчид амлаж байсан.

Гэтэл өдгөө хэлсэн үгээ мартчихаад хэдэн төгрөгийн ашиг харж, ганц хувийн компанид үйлчилсэн нь цаад утгаараа бол хуу­лийн байгууллагуудад шал­гуулахад ч буруутахаар­гүй байдал үүсээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, улсын ургацын баланс гараагүй, үр тариа хураалтын үеэр “Улаанбаатар гурил” ком­панийн эзэн ОХУ-аас олон жил хадгалсан, хортон шавьжтай, чанарын шаард­лага хангахгүй, хүнсэнд тохи­рохгүй улаанбуудайг оруулж ирсэн талаар Газар тариалан эрхлэгчдийн холбооноос мэдэгдээд бай­гаа. Уг нь стратегийн ач хол­богдол бүхий бүтээг­дэхүү­нийг Ерөнхий сайдаар ахлуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, зөвлөмж гарсны дараа оруулж ирэх ёстой байдаг байна. Гэтэл манай улсад өдгөө 20 вагон улаанбуудай аль хэдийнэ ороод ирчихсэн аж.

Нэг вагонд нь 60 тонн улаанбуудай ачсан гэхээр ашид дахин 200 орчим вагон улаанбуудай оруулж ирэхээр зэхжээ.
Эх сурвалжийн хэлж бай­гаагаар энэ их хэмжээний буудайг ямар ч хяналт шалтгалтгүй хилээр оруулж ирүүлсэн байна. Дотоодын зах зээл дээр борлуулахын тулд авч ирсэн хойноо хяналт шалгалтын баримт бичгийг бүрдүүлсэн гэнэ.

Тодруулбал улаанбуудай импортлох зөвшөөрлийг өнгөрсөн сарын 30-нд авсан бөгөөд түүнээс ганцхан хоногийн дараа буюу энэ сарын 1-нд улаанбуудай ачсан вагон нь Дархан-Уул аймагт “Улаанбаатар гурил” компанийн хашаанд ачаагаа буулгасан аж.

Түүгээр ч зогсохгүй энэ жил улаанбуудайн хувьд цавуулаг сайтайн дээр дээд зэргийн үрээр тарьсан II сортынх аж. Гэтэл оруулж ирсэн буудай нь ОХУ-ын IV, V сортынх бөгөөд түүгээр гахай, нохой, шувуу, малын тэжээл хийдэг гэнэ. Ийм буудайг “Улаанбаатар гурил” ХХК оруулж ирэн, гурил хийх гэж байна. Өөрөөр хэлбэл тэдэнд чанар бус ашиг л чухал бололтой.
Энэ жил тариаланчдаас нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр авахаар тогтсон.

Харин ҮХААЯ, “Улаанбаатар гурил” ХХК ОХУ-аас нэг тонн буудайг 480 мянган төгрөгөөр оруулж иржээ. Энэ нь до­тоодын тариаланчдын буу­дайг механикаар үнэ­гүй­дүүлж байгаа явдал юм. Түүнчлэн “Улаанбаатар гурил” компани Засгийн газраас баримталж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдаж, өнгөрөгч жил гэхэд л 29 тэрбум төгрөг авсан. Нэг талаар төрөөс дэмжлэг үзүүлэх тусам илүү их ашгийн төлөө хууль бус арга хэмжээ авч байгаад тун зохисгүй үйлдэл. Гэтэл үүнд хяналт тавьж, хариуцлага тооцох учиртай салбар яам­ныхан нь харин ч бүр эсрэгээрээ толгойг нь илээд сууж байгаа нь үнэхээр хачирхалтай үйлдэл болж байгаа юм.

Уг нь энэ жил Монгол Улсын улаанбуудайн до­тоодын хэрэгцээг 400-450 мянган тонн орчим гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил 350 тонн улаанбуудай хурааж авсан бөгөөд дутуу100 мянган тонныг импортоор оруулж ирэхээр болсон. Гэхдээ тэрхүү хугацаа нь зургадугаар сарын 1-нээр дуусгавар болсон байдаг. Гэтэл ҮХААЯ-ныхан өдийд оруулж ирж байгаа нь “Улаанбаатар гурил” ком­панийнхан хуйвалдсан гэж хардахаас аргагүйд хүрч байна.

Б.Төгөлдөр

 

Эх сурвалж

 

ҮХААЯ-ныхан ашиг харж үндэсний аюулгүй байдалд “заналхийлэв”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих