Хуулийнхан Д.Амарсайхан агсаны араас М.Тулгыг золиослохоор шийдсэн үү?
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгахаар цагдан хориод байгаа. Тэднийг саатуулаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд хэн хэнийг нь батлан даалтад гаргаагүй юм.
Л.Гансүх нарыг хоригдох хугацаанд нь мөрдөн байцаагчийн зүгээс байцаалт авахгүй явсаар саяхан Л.Гансүхээс л байцаалт авсан гэдгийг эх сурвалжууд онцолсон. Харин М.Тулга нарын бусад хүмүүс одоо болтол байцаалт өгөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл тэднийг 2 сар гаруйн хугацаанд цагдан хорьсон хэрнээ нэг ч байцаалт аваагүй байгаа аж.
Цаашлаад М.Тулгын биеийн байдал тааруу байгаа гэх нотлох баримтыг шүүгчдэд танилцуулсан ч хүлээн аваагүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасанд өмгөөлөгч хийгээд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. Хэргийг шалгах явцад хэд, хэдэн ноцтой зөрчил гарсан гэж Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарын ар гэрийнхэн мэдэгдсэн. Тодруулбал, тэднийг өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хорьсон. Хоригдогч М.Тулга нь 2010 оноос хойш нурууны дискний мултралтай байсан атал хоригдож байх хугацаанд хорих ангийн харгалзагч нуруу руу өшиглөж гэмтлийг нь сэдрээсэн гэдгийг хэлээд байгаа.
Гэвч ШШГЕГ-аас уг хорих ангид болоод алба хаагчдад шалгалт хийсэн ч М.Тулгыг зодоогүй гэдэг нь нотлогдсон гэв. Гэхдээ үүнийгээ ямар нэг баримттай, албан ёсоор олон нийтэд мэдээлээгүйд иргэд гайхаж байгаа юм.
Юутай ч энэ асуудлаар өмгөөлөгч нь Хүний эрхийн үндэсний төвд хүртэл хандаад байгаа юм. Харин ХЭҮК-оос М.Тулгын биеийн байдлыг харгалзан үзэхийг хүссэн тул түүнийг хорих ангийн эмнэлэгт хэвтүүлэхээр болоод байгаа аж.
М.Тулгын биеийн байдал өнгөрсөн амралтын өдрөөс эрс муудаж хэвтэрт орж, зүүн хөл нь мэдээгүй болсон гэдгийг ч ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд дуулгасан юм.
Энэ мэт хүнийг ямар нэг хэрэгт холбогдуулан шалгахдаа үгийн зөрүүгүй хорьдог. Цаашлаад биеийн байдал нь хүндэрсээр байтал батлан даалтад гаргадаггүй. Мөн хүнийг хоёр сар гаруйн хугацаанд хорихдоо нэг ч байцаалт, мэдүүлгийг авахгүй байгаа нь манай хуулийнхны учир дутагдалтайг харуулж байгаа юм.
Энэ байдлаас болж нийгэмд Монголын хууль сахиулах байгууллагууд өвчтэй хүнийг үхтэл нь хорьж байна гэх хэл амыг дагуулж эхэллээ. Учир нь Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан ч төрийн хамгаалалтанд байж байгаад алтан амиа алдсан юм. Ардчилсан нийгмийн амин зүрх болсон хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг зарчмыг хуулийн байгууллага л хэрэгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хорьж цагдаж, хүний эрүүл мэндийг хохироодог, цаашлаад өчнөөн сар жилээр хорьчихоод хэргийг нт хэрэгсэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх мэт болгодог. Ийм л нөхцөл байдал бий болоод байгаа юм.
http://tsag.mn/4007-tul.html
URL: