“Манлайлал-500” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

e4dcfdf870af1c4boriginal

Сургалт судалгаа PR-мониторингийн “Стратеги” Академи, МАН, Удирдлагын академи хамтран МАН-ын идэвхтэн сонгуультнуудын чадавхийг бэхжүүлэх “Манлайлал-500” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтын нээлт өнөөдөр болсон бөгөөд үүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, “Стратеги” Академийн захирал Я.Төмөрбаатар, Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн, Удирдлагын академийн дэд  захирал Ш.Батсүх нар оролцлоо.

“Манлайлал-500” сургалт нь 10 ээлжээр хичээллэх бөгөөд нэг ээлжинд 50 хүн хамрагдах юм байна.  Ингэхдээ 14 хоногийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгуулж, онолын болон практикийн мэдлэг олгох  аж.  Түүнчлэн сургалтад Монгол Улсын 21 аймаг 331 сум, Нийслэлийн есөн дүүргийн 152 үүрээс бүрдсэн төлөөлөл оролцжээ.  Харин өнөөдрийн сургалт нь эхний 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр хичээлээ эхлүүлж байгаа нь энэ юм.  Үүнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Нийслэлийн Багануур дүүргийн манлай 50 залуу багтжээ.  “Манлайлал-500” хөтөлбөр нь 3 үе шаттай явагдана.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Манлайлал-500” хөтөлбөр нь МАН-ын боловсон хүчний бодлогын хүрээнд хийгдэж байгаа  томоохон арга хэмжээ юм. МАН-ын 27 дугаар Их хурлаас гарсан томоохон шийдвэрүүдийн нэг бол МАН-ын хүний нөөцийн асуудал болоод боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарлаа хандуулах явдал юм. Тиймээс МАН шинэ залуу боловсон хүчнээ бэлтгэх үүднээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.  Та бүхэн бол аймаг сум, орон нутагтаа манлайлагч нь.  Яагаад гэвэл нэг сум, нэг баг,  аймгаас ганцхан хүн хөтөлбөрт хамрагдаж байгаа.  Тэгэхээр МАН-ын ирээдүйн боловсон хүчин та бүхэн сэтгэлээсээ хандаж, өөрсдөдөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй. Бүх цаг үеийн түүхийн хамгийн чухал хүмүүс бол залуучууд байдаг юм шүү”  хэмээн онцолсон.

Д.Анар


URL:

Сэтгэгдэл бичих