Дуу ямар дуучны зохиол юм уу?

дууМанайд нэг гунигтай зүйл байх юм. Дуучин нь хөгжмийн зохиолчоосоо баян, хөгжмийн зохиолч нь яруу найрагчаасаа бийлэгжүү амьдардаг.
Зүй нь оюуны хөдөлмөрийг үнэлдэг улсад бол яруу найргач хамгийн баян, удаад нь хөгжмийн зохиолч, дараа нь дуучин баймаар юм.
Тухайн дуучин хичнээн мундаг дуулах авъяас, эрдэмтэй байлаа ч дууг бүтээсэн яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр байгаагүй бол юу дуулах юм бэ?
Өнөөдөр хөгжмийн зохиолч нь яруу найрагчаасаа мөнгө хүүлж, дуучин нь хөгжмийн зохиолчоо монжиж амьдарч байна шүү дээ.
Дуучин нь хөгжмийн зохиолчоосоо клипний мөнгө, хөгжмийн зохиолч нь яруу найрагчаасаа хөгжмийн найруулганы, хуурцагны мөнгө гээд л дарамталж өгдөг юм билээ. Үүнийг би хэдэн жилийн өмнө хоёр дууны шүлэг маягын юм биччихээд хөгжмийн зохиолчийг царайчилж явахдаа анх мэдэрсэн. Гэхдээ тэр үед надад мөнгө байгаагүй учир тэгэсхийгээд л өнгөрсөн. Хөгжмийн зохиолч минь ч мөнгөгүй байсан. Надаас хуурцагны мөнгө нэхээд л. Уул нь хоёуланд нь ая хийчихсэн байсан. Эдүгээ тэр хөгжмийн зохиолч сэрүүн тунгалаг эсэх сураг ажиг алга.
Дуучид зохиогчийн эрх энээ тэрээ гэж томроод л, бусдыгаа надаас зөвшөөрөл авч, миний дууг дуулах ёстой ч гэх шиг.
Гэхдээ тэд нөгөө хөгжмийн болоод шүлгийн зохиолчийнхоо зохиогчийн эрхийн талаар ер санаж бодохгүй.
Дуулсан, хуурцаг гаргасан, тоглолт хийсэн ашиг орлогоосоо зохиогчид хүртээх ёстойгоо мэдэрдэггүй хүмүүс зохиогчийн эрх ярьж томрох нь шал утгагүй хэрэг.
Дуу ямар дуучны зохиол юм уу?
Дуучид нь бүгд л жип хөлөглөн, дээдэс аястай аяглаж, зохиогчид нь борог амьдралтай явсаар дуусдаг нь бурангуй нийгмийн гуниг юм даа.
Миний найз, эрхэм анд Д. Ган – Очир хэдэн жилийн өмнө ” Дууны шүлэг бичээд би ямар ч мөнгө цаас авдаггүй, орлого олдоггүй. Сэтгэлээрээ л бичдэг. Дуучид клип хийлгэхдээ зөвхөн өөрийнхөө нэрийг зоогоод, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч тэрний дуу гэж хөөргөддөг цаг бага багаар үгүй болж буй нь сайн хэрэг. Гэхдээ дуучин өөрийнхөө нэрийг жигтэйхэн томоор бичүүлчихээд нөгөө муу хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрынх нь нэр тээр доод буланд жоохон юм байж байхыг харах харамсалтай шүү ” гэсэн утгатай үг зурагтаар ярьж байсныг би мартдаггүй юм.
Аль алиныг нь л томоор бичих хэрэгтэй шүү дээ.
Дууны яруу найрагч, хөгжмийн зохиолчдын холбоо буй болж , зохиогчдын эрх ашгийг хамгаалах, дуучдаас хувь хүртэх зэрэг дээр бага сага ахиц гарч, дуучид дотор ч сэтгэлгээний дэвшил гарч байна л даа.
Гэхдээ л олонх дуучны ухамсарт өөрчлөлт гараагүй хэвээр л байна.


URL:

Сэтгэгдэл бичих