Засгийн бүтцийг задлах шаардлага бий юу

53840

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхлэхтэй зэрэгцэн энэ долоо хоногт Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орох тухай асуудал олны анхаарлын төвд байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,

Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тусгаснаа танилцуулсан. Энэ бүтцийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлтөө танилцуулсан албан бичгийн хариуд “УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх зарчмыг хатуу баримталж ажиллахыг анхааруулж байна” гэсэн. Ажиглагчид Ерөнхийлөгчийн анхааруулга биелэхгүй байгааг онцолж буй юм. Сөрөг хүчин ч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандлаа.

Анхнаасаа олон яам байгуулж, үргүй зардал гаргасныхаа төлөө огцрох битгий хэл шоронд суух ёстой гэж үзэх хүмүүс ч бий. Олон яамны хэрэг гарсангүй, ямар нэг хариуцлага хүлээлгэх ёстой. Энгийн албан хаагч алдаа гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэгтэй адил засгаар тоглосон тэднийг шийтгэх ёстой хэмээх хүмүүс ч олон байгаа юм. Засгийн газрыг танхимаар нь татан буулгаж, Н.Алтанхуягт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж сөрөг хүчний төлөөлөл мэдэгдэв.

Н.АЛТАНХУЯГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ ИХЭЭР НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХОЛ ОГТХОН Ч БАЙХГҮЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хэлэлцсэн. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр тэрээр төрийн албан хаагчдын тоог ихээр нэмэгдүүлээд байх сонирхол надад огтхон ч байхгүй байгаа. Өмнөх Засгийн газрын үед 150 мянга байсан төрийн албан хаагчид 180 мянга болсон нь үнэн бол энэ асуудлыг ажлын хэсэг гаргаад шийдэх ёстой. Миний хувьд энэ тоонд итгэхгүй байгаа гэж хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Зоригт, Засгийн газрын үйл ажиллагааны бодит бүтээн байгуулалтыг хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа дуулгасан. Үлдсэн жил есөн сарын хугацаанд шинэ хүмүүс томилогдоно, ажилтайгаа танилцана, шинэ бодлогоо гаргана. Ингэснээр цаг алдана, хурд саарна. Эцэст нь Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өмнө нь яамдыг салгаж буцаан нийлүүлж байсан. Иймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ зүйлд хүрэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Хуралдаанд оролцсон 52 гишүүн зөвшөөрч, 82.5 хувийн саналаар дээрх асуудал дэмжлэг авч, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжлээ.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих