Ё.Отгонбаяр: Бас л фракнуудын тохиролцоогоор хийсэн бүгцийн өөрчлөлт болох нь

УИХ-ын гишүүн Ё.ОТГОНБАЯРТАЙ ярилцлаа.УИХ-ын гишүүн Ё.ОТГОНБАЯРТАЙ ярилцлаа.

-Бүтцийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар твиттерт нэлээд идэвхитэй жиргэж харагдсан.
-Бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь зөв. Төрийн бүтэц данхайсан байна гэж бид анхнаасаа шүүмжилж байсан. Гэхдээ одоогийн энэ өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж байна. Бүлэг дээр Ерөнхий сайд ирж мэдээлэл хийхэд энэ талаар бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлсэн л дээ. Хэрвээ цомхон, ухаалаг төртэй байя гэж байгаа бол бүтцийн өөрчлөлтөө илүү боловсронгуй хийх боломж байна. Энэ тал дээр Үндэсний аудитын газрын дүгнэлт ч гарсан. Энэ дүгнэлт дээр Жишээ нь БШУЯ-ыг, ССАЖЯ-тай, Хөдөлмөрийн яамыг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх боломжтой гэж үзсэн. Бидний тавиад байгаа гол асуудал бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам гээд хоорондоо холбоогүй гурван салбарыг нэгтгэсэн яам байснаас соёлын асуудлаа Боловсролын яаманд өгөөд, спортоо ЭМЯ-нд, аялал жуулчлалаа Дэд бүтцийн яам нь аваад явж болох юм гэсэн саналыг хэлсэн. Миний хувьд БСШУ-ы сайдаар ажиллаж байсан учраас ингэх нь буруудах зүйлгүй гэж бодож байгаа. Учир нь Боловсролын яам бол харьцангуй том төсөвтэй. Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамт байхдаа тодорхой асуудлыг шийдэж болж байсан. Одоо Соёлын яам жижиг төсөвтэй болохоор асуудлаа шийдэж чадахгүй байдал үүсч байна. Орон нутагт тойргоороо явж байхад соёлын төвүүдэд үйлчилгээ хүрэхээ больчихоод байна. Хуучин бол орон нутагт сургуулиудаа эргэхдээ соелын төвөөрөө ороод заавар зөвлөгөөг нь өгөөд байж болдог байсан. Бүтцийн өөрчлөлтийн хувьд энэ тал дээр шүүмжлэлтэй байна. Хоёрдугаарт, хариуцлагын асуудлыг энэ өөрчлөлтөөр бүдгэрүүлээд өнгөрөөж байгаа юм биш үү гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна. “ЭЗЭН-100″-д хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг нь энэ дүйвээнд алга болох нь. Засгийн газар танилцуулгаа хийж ирүүлэхдээ энэ яамд их сайн ажилласан гэхэд дүгнэчих юм. Тэгээд сайн ажилласан юм бол яагаад бүтцийн өөрчлөлт оруулаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л даа. Би хувьдаа дүгнэхдээ хариуцлагын асуудал тулаад ирэхээр бүтцийн өөрчлөлтөөр халхавчлаад өнгөрөх нь гэж бодож байгаа.

-Гэхдээ оруулж ирсэн бүтцээр нь дэмжсэн юм биш үү?

-Үгүй. Манайх бол энэ хувилбар чинь бага байна. Ядаж найман яамыг нэгтгэчих гэдэг саналыг хэлсэн. Шадар сайдын орон тоог нэмээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Дэд сайд гэж үеийн үед шүүмжлэгдэж байгаа нэг орон тоо байдаг. Түүнийгээ эмхэлчихвэл яасан юм бэ гэдгийг хэлсэн. Гуравдугаарт, яам бол дундаж нь 100 орчим хүнтэй. Тэднийг хооронд нь нэгтгэх тухай асуудал яриад байгаа шүү дээ. Гэтэл цаана нь.хэдэн зуун ажилтантай агентлагууд ажиллаж байна. Бид 1997 онд Шинэ-Зеландаас авсан төрийн тогтолцоо зөв үү, буруу юу гэдгээ эргээд нэг нягталж үзвэл яасан юм бэ. Жинхэнэ хүнд суртал, орон тоо гэдэг зүйл цаана нь байгаад байна. Түүнээс биш 100 орчим хүнтэй яамыг нэгтгэх нь зарчмын хувь ач холбогдолтой зүйл биш гэдэг байдлаар хандаж байна.

-Гадаад эдийн засгийн асуудлыг Гадаад харилцааны яаманд шилжүүлнэ гэж байгаа. Өмнө нь ямар байсан юм бэ?
-Өмнөв нь ингэж явж нэг үзсэн юм. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахад тийш нь авсан шүү дээ. Социализмийн үеэс эхлээд гадаадтай эдийн засгийн асуудлаар харилцах хороо- гээд тусдаа бүтэц явдаг байсан. Гадаад яам бол цэвэр дипломат үйл ажиллагаа явуулдаг газар. Өмнөх засагт Гадаад харилцааны яаманд байсан асуудлыг салгаж аваад, тэгээд хоёр жилийн дараа эргэн нэгтгэж байгаа нь сандал суудлын өөрчлөлт л болж байгаагаас биш тогтвортой.үрдүн гарна гэж найдахгүй байна.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай албан ёсны бичигт баримтын алдаа гарсан тухай та жиргэсэн байсан?
-Нэгдүгээрт хөрш орон ба гадаад орон гэж бичсэн байсан. Манай хөрш орон хэзээ гадаад орон биш болчихсон юм бэ. Хоёрдугаарт, Гадаад харилцааны сайдын статусыг дээшлүүлэхийг би дипломат хүний хувьд дэмжиж байгаа. Тэхдээ тэр саналыг гаргаж тавьж байгаа өнцөг чинь буруу байна. Хөрш орнуудтай харилцах харилцаанд ач холбогдол өгөхийн тулд гэж тайлбарлаж болохгүй. Бид гуравдагч хөршийн бодлоготой” гэдгийг Ерөнхий сайдад сануулсан. Тэгэхэд “Тийм юм байгаагүй” гэж байна лээ. Би бол цаасан дээр байгаа материалыг нь л харж хэлсэн.

-Эдийн засгийн бодлогыг бол Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн үндэсний хороо авч байгаа гэсэн. Ер нь эдийн засгийн асуудал хэдэн тийшээ салж байх шиг.
-Харин тэгж байна. Үүнд бид нэг алдааг нь хэлж өгсөн. Зээл тусламжийн бодлогыг Гадаад харилцааны яаманд хариуцуулахаар тавьсан байсан. Зээл тусламж бол төсөвтэй холбогддог учраас Сангийн яаманд байх ёстой л доо. Эдийн засгийн үндэсний хорооны хувьд бол өмнө нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байсантай адил. Үндсэндээ өмнөх Засгийн газрын бүтцийг сэргээж байна гэж харж байна. Ерөнхийдөө анхнаасаа бидний хэлж байсан шүүмжлэлийг эрх баригчид хоёр жилийн дараа хүлээж авч байна гэж ойлгож байна.

-Таны хувьд өмнөх засгуудын аль хувилбар нь зөв байсан гэж үзэж байна вэ?
-Өмнөх Засгийн газрын бүтэц бол муу байгаагүй гэж боддог. Тиймдээ ч тэр хувилбар руу эргээд орж байх шиг байна. Ер нь бүтцийг хийхдээ анхнаасаа зорилт дэвшүүлээд, түүнийхээ дагуу бүтцээ гаргах ёстой. Гэтэл фракцуудын хэлэлцээрээр сандлын тоогоо гаргачихаад, түүгээрээ бүтэц хийчихээр амжилттай болохгүй л дээ. Одоогийн өөрчлөлтөд ч гэсэн тийм зүйл байна гэж хараад байна. Ерөнхий сайд болохоор зорилтоо биелүүлсэн учраас бүтцийн өөрчлөлт хийж байна гэж тайлбарлаж байгаа. Жишээ нь, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг хоёр жилийн дотор биелүүлчихнэ гэхээр хүмүүс итгэхгүй байх л даа. Үндсэндээ фракц бүлгүүдийнхээ тохиролцоон дээр хийсэн бүтцийн өөрчлөлт болох нь гэж дүгнэж байна.

-Бүтэц тааруу болж гэж дүгнэж байгаа юм байна. Харин бүрэлдэхүүн ямар байх бол. Давхар дээлгүй байх яриагаа биелүүлэх болов уу?
-Давхар дээлний хувьд Ерөнхийлөгч хатуу анхааруулсан байсан. Тэгэхээр дахиад давхар дээлтэй Засгийн газрын гишүүн ороод ирвэл Ерөнхийлөгч арга хэмжээ авах юм байна гэж ойлгож байгаа. Уг нь бүх нам эвсэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь буруу гэсэн байр суурьтай байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ 2016 он дуустал буруугаараа явъя гээд байгаа. Одоо бол давхар дээлгүй болох боломж гарч ирж байна. Энэ боломжоо ашиглах уу, дахиад муугаар нь явуулах уу гэдгийг харна даа.

Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих