Төрийг хуурч, түмнийг бухимдуулдаг “Атмор”-ын булхай
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөл, нийслэлд өрнөж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэг компанийн урагшгүй байдлаас болж унаж байна. Төсвийн мөнгийг халаасалчихаад төр захиргааны байгууллагууд болон иргэд, оршин суугчдыг хохироож, нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр арга саам хийж суугаа энэ компани бол “Атмор”. Анх ус халаагч төхөөрөмж оруулж ирж зардаг байсан энэ компани сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын нэлээд хэдэн ажлын тендерт ялж гүйцэтгэгчээр тодорсон ч хийж байгаа ажил гэж бараг үгүй. Араасаа хэл ам, бухимдал, шүүмжлэл байнга дагуулах болжээ. Ингээд “Атмор” ХХК-ийн гүйцэтгэж байгаа, дуусаж амжаагүй, он дамжиж ужгирсан ажлуудын талаар баримт түшин өгүүлье.
1.“Хилчин” хотхоны дахин төлөвлөлтийг “гурилдсан нь”
Эдүгээгээс жил гаруйн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хархорин” захын арын дэнжид байрлах “Хилчин” хотхоныг дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбох ажлыг “Атмор” ХХК гүйцэтгэхээр болжээ. Гэтэл зуны улиралд ямар нэгэн ажил хийгээгүй таг чиг болсон байна. Ингээд намар аравдугаар сарын сүүлчээр анхны цастай уралдан хам хум ажлаа эхэлжээ. “Хилчин” хотхон бол Хил хамгаалах ерөнхий газраас 15 жилийн өмнө газар авч ахмад хилчиддээ барьж өгсөн амины орон сууцууд голлосон хотхон. Инженерийн байгууламж барьж байгуулахад тохиромжтой, эмх цэгцтэй гэдгээр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг жишиг болгохоор хотын удирдлагууд шийдсэн гэдэг. Тус хотхоны 168 айлыг төвлөрсөн халаалт, бохир, цэвэр усны шугамд холбох ажил 2013 онд багтаж хийгдэх байв.
Гэтэл “Атмор”-ынхон хотхоны дундах авто замыг хусч тэгшлэн, замын хоёр талын айлуудын байшингийн фасадыг шинэчлэх төдийгөөр өнгөрсөн жилийн ажлаа дуусгажээ. Ингээд 2014 оны хавар ажлаа эхэлнэ гэсэн ам өгөөд алга болсон байна. Хавар болж дулаан орсон ч “Атмор” компанийнхан сураггүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн хэдэн ажилтан “Хилчин” хотхоныхонтой ирж уулзан, халуун цай, хуушуураар дайлж, тайван хүлээцтэй хүлээж байхыг хүссэн гэнэ. Ингээд тэд дахиад л сураггүй болж. Зуны сарууд шувтрах тийшээ хандаж. Ингээд “Хилчин” хотхоны зарим оршин суугч хотын мээрийн нэр дээр гомдол гаргасан байна. Мээр ч өөрийнх нь автортой гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэл ам татлаж байгааг сонсоод хатуу үүрэг даалгавар өгөө биз.
“Атмор”-ынхон гэнэт амь орж наймдугаар сарын дундуур “Хилчин” хотхоны дундах замыг ганц өдрийн дотор асфальтаар бүрж, нүүрэн талын хашаануудыг будаж, төв замаас салбарласан замуудын дагуу хэдэн хашаа нэмж барьчихаад дахиад сураг алдарсан байна.
Сарын өмнө нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат нар гэр хорооллын дахин төлөвлөлттэй танилцах үеэрээ “Хилчин” хотхоны ажилтай танилцсан бөгөөд ИТХ-ын дарга “Атмор”-ынхныг хатуу шүүмжилсэн гэдгийг тэндэхийн оршин суугчид хэлж байна. Түүнчлэн хэвлэлийн мэдээнд “Хилчин” хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг 85 хувьтай байгаа гэж дурдсанд оршин суугчид гайхаж байгаагаа нуусангүй. 168 айлын нэг нь ч шугам сүлжээнд холбогдоогүй байхад нийт ажлын 85 хувийг гүйцэтгэсэн гэж мэдэгдэж байгаа нь “Хилчин” хотхоныхонд бараг л доромжлол шиг сонсогдсон гэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зам тавих, хашаа барих төдий ажил биш гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь амины орон сууцтай айлуудыг төвлөрсөн халаалт, бохир, цэвэр усны шугамд холбосноор гэр хорооллын утааг багасгах, иргэдийн ая тухай амьдрах орчныг бүрдүүлэх ёстой. “Атмор” ХХК энэ ажлаа хийлгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж, хоёр дахь өвөлтэйгөө золгох гэж байгаа ажээ. Тэгсэн атлаа өнгөрсөн жилээс “Хилчин” хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ хэмээн хэвлэлээр сурталчилж, компанийнхаа цахим хуудсан дээр хүртэл уг хотхоны төв зам дагуух байшингуудын фасадыг шинэчилсэн зургаа тавьсан байдаг юм билээ.
“Хилчин” хотхоны оршин суугчид “Атмор” ХХК-ийнханд удаа дараа шаардлага тавьсан ч өнөө маргааш хэмээн хойш тавьж, хоног өдөр аргацаасаар байгаа гэнэ. Тиймээс иргэд “Атмор” ХХК анх энэ ажлын гүйцэтгэгчээр ямар шалгуураар шагарсан, ямар хэмжээний ажлыг ямар өртгөөр хийхээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа төсвөөс бүрэн авсан эсэх зэргийг тодруулахаар холбогдох байгууллагуудад хандахаар болсон байна.
2.Сайдын сургаар шаваа тавьсан “Шинэ сум” төсөл
Засгийн газраас 80 тэрбумын санхүүжилт гаргаж 16 сумын төвийг тохижуулах “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа. Аймаг бүрээс нэг нэг сум уг төсөлд хамрагдахаар шалгарсан. “Атмор” ХХК зүүн гурван аймгаас уг төсөлд хамрагдахаар сонгогдсон сумдад бүтээн байгуулалтын ажил хийх гүйцэтгэгчээр шалгарсан байна. Гэвч ажил нь эхлэлгүй есдүгээр сартай золгожээ.
Дорнод аймгийн Баян-Уул суманд хэрэгжих “Шинэ сум” төслийн ажил л гэхэд есдүгээр сарын аравдаар эхэлсэн байна. Тус суманд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг “Монгол дайван” гэгч компани гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тус компани “Атмор”-ын охин компани бололтой.
Хэнтий аймгийн Биндэр сумын “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил есдүгээр сарын 04-нд эхэлжээ. Энэ нь сайндаа ч биш Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан зүүн гурван аймаг ажиллаж, “Шинэ сум” төслийн явц болон бусад бүтээн байгуулалтын ажлуудтай танилцана гэсэн сургаар “Атмор”-ынхон амь орсон хэрэг байв.
Харамсалтай нь энэ бүхэн зүгээр л нүд хууралт. Биндэр суманд есдүгээр сарын 23-нд очиход сайдын сургаар яаран сандран ажлаа эхэлж, сумын төвийн авто замыг трактороор түрэн хэд хэдэн газар шороо овоолсноос өөр хийсэн ажил алга байлаа.
“Шинэ сум” төслийн талаар тодруулъя гэсэнд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Н.Алтангэрэл нэлээд бухимдуу байлаа. Хавар дулаан орсноос хойш энэ ажлын сураг гарсан ч хүрз шороо ч хаялгүй байсаар намартай золгосон болохоор арга ч үгүй биз. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сум Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөлд хамрагдаж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэгчээр ямар компани шалгарсан юм бол?
-Үндсэн гүйцэтгэгч нь “Атмор” компани. Туслан гүйцэтгэгч гээд нэг компанийн нөхөр ирчихсэн. Бид “Атмор” компанитай гэрээ хийсэн. Мөнгө нь орж ирэхгүй байна гэсэн юм яриад байдаг юм.
-Туслан гүйцэтгэгч нь яг ямар компани юм бол оо?
-Мэдэхгүй ээ. Яг компани ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй. Нэг хувь хүн л яваад байгаа. Тэгээд юм асуухаар “Би өөртэй чинь ярихгүй. “Атмор”-той ярина” л гэдэг юм. Тэгээд тэр хүн хот руу буцаад явсан.
-“Шинэ сум” төслийн ажил хэзээ эхэлсэн бэ. Замын ажил л дөнгөж эхэлж байгаа юм байна шүү дээ?
-Есдүгээр сарын 04-нд эхэлсэн. Замынх нь зураг төсөл дөнгөж сая гарсан. Шугам сүлжээний зураг нь гараагүй байгаа. Барилга, хот байгуулалтын сайд ирэх сургаар л нэг юм эхэлж байгаа юм. Тэгэхгүй бол эхлэх ч үгүй юм билээ. Ер нь иймэрхүү бүтээн байгуулалтын ажил дээр улс жаахан анхаарахгүй бол нэг хэсэг том компаниуд хэд хэдэн тендер авчихдаг. Тэгээд өөрсдөө юм хийдэггүй.
Туслан гүйцэтгэгч гээд нэг хувь хүн ч юм уу, компани оруулчихдаг. Тэд нь ажлыг хойш тавиад байдаг. Уг нь сайн компани бол олон газар хүч тарамдахгүй нэг суманд ажил аваад хийвэл болмоор байгаа юм. Гэтэл “Атмор” компани яг өөрийнх нь ажилчид хэд байгаа юм, бүү мэд. Тэрийг нь асуухаар “Компанийн нууц аа” л гэдэг. Тэгээд туслан гүйцэтгэгч гээд нэг хүн байна. Тэрнээс асуухаар “Би туслан гүйцэтгэгч” л гэнэ, өөр юм хэлэхгүй. Ямар компани юм гэхээр хэлэхгүй. “Атмор”-ынхны хий гэсэн юмыг л хийнэ гэж байна лээ. Ийм л юм ярьдаг.
3.Уянга сумынхны уурыг барж байгаа бохирын шугам
“Хилчин” хотхоныхныг, хөдөө орон нутгийнхныг дарга, цэрэгтэй нь бухимдуулж байгаа “Атмор”-ын булхай, чанаргүй ажлуудын жагсаалт үүгээр зогсохгүй. Тус компани Өвөрхангай аймгийн Уянга суманд бохирын шугам тавих ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэнэ. Ажиллаж байгаа ч гэхэд хэцүү. Хоёр гурван жилийн өмнөөс улсын төсөвт уг ажлын төсвийг суулгаж, ажлыг нь эхлүүлсэн ч он дамнан сунжирсаар өнөөг хүрчээ. “Атмор” компанийнханд Уянга сумын удирдлагууд шаардлага тавьдаг ч хүлээж авдаггүй. Нэг ирж үзэгдчихээд л алга болдог гэнэ. “Атмор” компанийнхан дээр өгүүлсэн “Хилчин” хотхоны иргэдийг хуурч, цаг аргацаадаг аргаа л Уянга сумынханд хэрэглэсээр байгаа ажээ УИХ-ын гишүүн Г.Батхүү хэдхэн хоногийн өмнө тойргийнхоо сумдад ажиллахдаа Уянга сумынхны уур бухимдлыг барж буй “Атмор” компанийханд хариуцлага тооцуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Х.Төрболд
Eagle.mn
URL: