Т.Санчир: Боломжоо ашиглавал бид удахгүй Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилтыг гаргана

147622-03102014-1412329052-1336678299-sanchircover1

Тивийн шилдэг найман багийн нэг Монголын сагсчид дараа, дараагийн олон тэмцээнд хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтах эхлэлийг зүй ёсоор тавьлаа.

Монголоор овоглож тивийн наадамд бүхий л тоглолтын турш хөлс хүч хөдөлмөрөө шавхсан сагсчиддаа юуны түрүүнд баяр хүргэе. Багийн тоглолтыг Азийн шилдгүүдийн түвшинд удирдаж тоглосон дасгалжуулагч О.Баярцогт, М.Амаржаргал нар болон Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудад баярлалаа.

Маш их баярлалаа гэдгээ танай сайтаар дамжуулан дахиад хэлмээр байна. Сагсан бөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ өгсөн бүх хүнд талархал илэрхийлье.

Монгол орныг минь төдийгүй тивийг цочроосон Азийн хөх чононуудын бахдам ялалтан дор Т.Санчир, Б.Билгүүн нарын тоглогчид яах аргагүй өөрсдийгөө таниуллаа. Азийн наадмын шилдэг гурван тоглогчийн нэгээр шалгарсан Т.Санчиртай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Эх нутгийнхаа зүг нисэхийн өмнөхөн уулзаж амжлаа.

-Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа тивийн шилдэг наймд үлдлээ. Таны хувьд үнэхээр өөрийн гэсэн шилдэг тоглолтыг үзүүлж чадлаа. Багийн спорт хэдий ч өөрт оногдсон үүрэг хариуцлагаа нэр төртэйгээр гүйцэтгэлээ?
-Манай сагсан бөмбөгийн баг Азийн наадмын шилдэг наймд шалгарсанд маш их баяртай байгаа. Бидэнд төдийгүй Монголын багийн спортод цаашид ямар их боломж бололцоо байгаа харуулж чадлаа. Манай сагсчид зөвхөн Инчён гэлтгүй Гуанжоугийн Азийн наадамд ч   гэсэн олон гайхалтай тоглолт хийсэн.

Энэ удаад бид амжилтаа ахиулж чадсан. Цаашид амжилтаа улам ахиулахын төлөө бид бүхий л хүч чадлаа дайчилна. Боломж бүрээ ашиглаж алдаан дээрээ ажиллаж чадвал удахгүй бид Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилтыг гаргана. Баярцогт дасгалжуулагчийн тоглолт бүрт боловсруулсан тактик ч үнэхээр гайхалтай нүдээ олсон зөв шийдлүүд байсан. Монголын шигшээ багт ийм мундаг дасгалжуулагч байгаад үнэхээр баярламаар бахархмаар.

-Азийн наадмын шилдэг гурван тоглогчийн тоонд багтсан байсан. Тоглолт бүрт онооны лидер байсан төдийгүй бөмбөг таслалт, самбараас авалт зэрэг үзүүлэлт үүнд нөлөөлсөн гэж бичсэн байна лээ.
-Шилдэг гурван тоглогчийн тоонд орсон гэсэн мэдээлэл байсан. Өнөөдөр сагсан бөмбөгийн финалын тоглолт явагдаж хаалт болно. Хаалтын ажиллагаанд орж чадахгүй өнөөдөр Монгол руугаа явж байгаа. Манай багийн тоглогч нар бүгдээрээ жигдхэн сайн тоглосон. Билгүүн бид хоёрын хувьд бусдыгаа бодвол талбайд арай илүү минут тоглосон учраас статистик өндөр гарсан байх.

-Гэхдээ Монголын төдийгүй Азийн шилдэг тоглогч гэдгийг чинь хүн бүр хүлээн зөвшөөрөх биз. Тивийн наадмын хэд, хэдэн статистик үзүүлэлтүүдийн толгойлон бичигдсэн шүү дээ?
-Тамирчдыг ингэж амжилтаар нь эрэмбэлж дугаарлахад дургүй. Монголын сагсан бөмбөгийн лигт үнэхээр сайн тоглогч нар хангалттай их бий. Мэдээж тоглолт бүрийг минь дэмжиж надад урмын үг хайрлаж байдаг хүмүүст баярлаж явдаг.

-Б.Билгүүн та хоёр талбайд дунджаар 30-аас дээш минут тоглосон байсан. Арван өдрийн дараалсан анхны тоглолт гэхээр хамаг бүхнээ л шавхсан болов уу?
-Тийм шүү. Анх удаа ингэж дараалан арван удаа тоглолоо. Үнэхээр өндөр ачаалал авдаг юм байна. Цаашид урт хугацааны ачаалал авах бэлтгэл сургуулилтандаа анхаарах шаардлагатайг ойлгосон.

-Урьдчилсан шатны тоглолтын талаар эргээд яриа өрнүүлье. Хамгийн хэцүү тоглолт аль байв?
- Кувейтийн багтай хийсэн тоглолт хамгийн чанга байсан. Шилдэг наймд үлдсэний дараа гэвэл Хятад, Ираны багийг нэрлэнэ дээ.

-Кувейтийн багтай ганцхан онооны зөрүүтэй хожигдсон. Хэрвээ хожсон бол нэгээр гарч арай өөр амжилт гаргах боломж бас харагдаж л байсан?
-Тийм ээ. Нэгээр гарсан бол арай л өөр тоглолтууд бас хийх байлаа. Кувейтийн багтай хийсэн тоглолтод ганцхан онооны зөрүүтэй хожигдохдоо үнэхээр харамсалтай санагдсан.

-Гэхдээ л Йорданы багийн есөн онооны зөрүүтэй хожиж чадсан шүү дээ?
- Йорданы багийн эсрэг ёстой л бүх хүчээ шавхсан. Манай багийнхан өрсөлдөгчөө сайн судалсан. Түүний үндсэн дээр талбайн хамгаалалтыг сайжруулах тактик боловсруулж хожиж чадсан. Йордан бол дэлхийн чансаагаар эхний 30-д багтдаг баг болохоор дасгалжуулагч нь төдийгүй тоглогч нарт хүнд цохилт болсон байх.

-Йорданы багтай хийсэн тоглолтод алдаанаас болж шийдвэрлэх үед сэлгээний суудалд шилжсэн?
-Тийм ээ. Шийдвэрлэх үе байсан ч би тайван байсан. Манай багт миний байрлалд тоглох чадвартай олон шилдэг тоглогч байсан болохоор. Бид тоглолт бүрт багийн тоглолт гэж юу байдгийг харуулсан.

-Ираны эсрэг хийсэн тоглолтод яагаад талбайд гараагүй вэ?
-Дасгалжуулагчийн шийдвэрээр талбайд гараагүй.

-Талбайн эзэн орны багтай хийсэн тоглолтын эхлэл их сайн байсан. Дэлхийн аваргын бүрэлдэхүүнээрээ тоглосон БНСУ-ын шигшээтэй хийсэн тоглолтод ямар тактик боловсруулсан бэ?
-Солонгосын баг их хурдтай учраас хамгаалалтанд шилжиж ажиллах хэрэгтэй гэсэн тактиктай талбайд гарсан. Солонгосын багтай өмнө нь бас удаа дараа таарч тоглож үзсэн. Хамгаалалтаа жигдхэн сайн хийж эхний хагасыг дайралт хийж ойролцоо дуусгая гэж тоглосон доо. Солонгос гэлтгүй Иран, Филиппиний шигшээ багийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ сойсон. Манай багийн гол дутагдал гэвэл богино хугацаанд алдаа олон гаргасан. Цаашид алдаагаа багасгаад хамгаалалтын арга барилаа өөрчлөх хэрэгтэйг дасгалжуулагчийнхаа саналтай нэг байгаа.

-Монголын эрэгтэй, эмэгтэй баг хамтдаа шилдэг наймд үлдсэн. Багийн спортоос сагсан бөмбөг түрүүлж хөгжиж байгаа гол шалтгааныг нэрлээч. Би хувьдаа гадны легионер тоглогч нар лигт тоглуулах болсныг хамгийн түрүүнд нэрлэнэ?
-Эмэгтэйчүүд маань ч гэсэн түүхэн амжилтын эзэн болсон. Монголд багийн спорт өндөр төвшинд хүртлээ хөгжихөд сайн менежмент, төлөвлөгөө төр засгийн дэмжлэг яах аргагүй хэрэгтэй. 2011 оноос хойш үндэсний лигт легионер тоглогч нар орж ирснээрээ Монголын сагсчдын ур чадвар үнэхээр дээшилсэн. Сая гэхэд БНСУ-ын легионер тоглогчийн эсрэг яаж тоглох вэ гэдгээ арга барилаа бид мэддэг л болчихсон байх жишээтэй.

-Арван тоглолтын турш Монголын хөгжөөн дэмжигчид үнэхээр сайн дэмжлээ?
-Маш их баярлалаа гэдгээ танай сайтаар дамжуулан дахиад хэлмээр байна. Сагсан бөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ өгсөн бүх хүнд талархал илэрхийлье. Азийн наадамд биднийг үнэнчээр дэмжсэн Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүддээ чин сэтгэлээсээ баярласан.

-Б.Билгүүн та хоёрт гадаадын мэргэжилтнүүдээс санал ирж байгаа гэсэн. Азийн наадмын үеэр хэд, хэдэн санал ирээд байгаа талаар сонслоо?
-Цөөн тооны санал ирэх нь ирдэг. Гэхдээ би Монголдоо тоглохыг илүү үздэг.

-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэх болсон бэ?
-Багаасаа тоглох дуртай байсан. Арван жилийн сурагч байхаасаа л янз бүрийн тэмцээн уралдаанд оролцсон. Би нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийг төгссөн. Наймдугаар ангиасаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн секцэнд орж, спортын мастер М.Мэндсайхан агсны удирдлага дор дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн лигт тоглосоор өдий хүрсэн дээ. Аравдугаар ангиа төгсөөд “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар орсон.

-Хэдэн оноос лигт тоглосон бэ?
-2007 онд анх “Таван толгой транс” компанийн “Ёлууд” багт тоглосон. Гэхдээ миний хувьд анхны жил бараг тоглоогүй. Жилийн дараанаас гарааны бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн.

-Танай ээж сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон?
-Тийм ээ. Та бүхний адил сэтгүүлч мэргэжилтэй. Энэ дашрамд амжилт бүхний минь ар тал болж өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн ээждээ болон гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлье.

-За баярлалаа. Монголын сагсан бөмбөгчид тивдээ гаргасан амжилт дэлхийд түүчээлэх болтугай?
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Азийн наадмын сагсан бөмбөгийн
шилдэг тамирчдын статистикаас…



gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих