МАН: Засгийн газар “Гэрийн даалгавар”-аа тун хангалтгүй гүйцэтгэлээ

22УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн.

Засгийн газрын тэргүүний мэдээллийн дараа цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саналаа хэлсэн юм. Тэрбээр МАН-ын бүлэг Засгийн газрыг өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хангалтгүй ажилласан хэмээн үзэж товчхондоо Засгийн газар “Гэрийн даалгавраа тун хангалтгүй гүйцэтгэлээ” хэмээн дүгнэж буйгаа хэллээ.

Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн амьдралд ихээхэн хүнд туссан. Түүнчлэн инфляцийн өсөлт ч өмнөхөөс илүү гарсан гэдгийг тэрбээр хэллээ. Үүнээс гадна УИХ дахь цөөнхийн бүлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд манай улсад гадаадын хөрөнгө оруулагчид буурсан, өнгөрөгч 2012 оныхтой харьцуулбал 5.4 дахин буурсан. Мөн валютын ханшийг 1906 төгрөгт хүргэсэн нь манай улсын түүхэн дэх валютын ханшийн хамгийн дээд хэмжээг тогтоолоо гэж үзэж байгаа аж.
Мөн Монгол Улсын гадаад дотоод нийт өр 22.1 их наяд төгрөгт хүрсэн байтал дахин БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авч байгаа нь дахин татвар төлөгч ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй гэдгийг хэллээ.
Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд нийт хоёр мянга гаруй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Мөн 150 мянгаар тоологдож байсан төрийн албан хаагчдийн тоог даруй 30 мянгаар нэмж, 180 мянга болгосон нь мөн л татвар төлөгчдийн мөнгийн буруу ашиглаж байгаагийн илрэл юм. 30 мянга гаруй төрийн албан хаагчид зарцуулж байгаа хөрөнгөөр шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, зам барьсан бол илүү ашигтай байсан гэдгийг мөн МАН-ын бүлгээс тодотголоо.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эзэн-100” хөтөлбөр эхлэх үед хэрэв 100 хоногийн дараа хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн гэж үзвэл бид өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно гэж мэдээлж байсан, одоо нэгэнт цөөнхийн бүлгийн зүгээс “Эзэн-100” хөтөлбөрийг хангалтгүй байсан гэж дүгнэж, баталж байгаа тул хамтдаа Засгийн газарт хариуцлага тооцьё гэж уриалж буйгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цөөнхийн бүлгийг төлөөлж хэллээ.
Одоо Ерөнхий сайдын тайлантай холбогдуулж цөөнхий бүлгийн гишүүд саналаа хэлж, асуулт асууж байна.

URL:

Сэтгэгдэл бичих