ТӨР ИРГЭДИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ БУЛААХ ЁСГҮЙ
Саяхан орсон анхны цас нийслэлийн иргэдэд өвөл хаяанд ирснийг сануулах дохио боллоо. Гэр хорооллын айлууд дулаан өвөлжихийн тулд түлээ, нүүрсээ базааж эхэлжээ. Энэ жил цаг агаарын хувьд өмнөх жилүүдээсээ илүү хур тунадастай, хүйтний эрч 1-5 хэмээр чангарна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдээд байгаа. Тийм болохоор гэр хорооллын иргэд нүүрс, түлээний зах руу цувж байна. Тэдэнтэй зэрэгцэн “Цайз” захыг зорилоо. Биднийг очиход авахаасаа илүүтэй түлээ, нүүрсний үнэ сурагласан иргэд олон байв. Гадаа хэдий зэврүүн хүйтэн байсан ч ченжүүд модоо жиргэж нүүрсээ хагалж шуудайлаад хүйтнийг ч ажрах сөхөөгүй байгаа нь харагдаж байлаа. Өнгөрсөн жил Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хүрээнд Багануурын нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон боловч иргэдийн хамгийн их ам сайтай байдаг Налайхын нүүрсний үнэ жил бүр өссөн хэвээр л байгаа юм. “Цайз”-ын түлээ, нүүрсний захаар явж байхад ганц нэгхэн шуудайтай нүүрс машиныхаа ард хийгээд явж байгаа иргэд олон байв. Та ямар нүүрс авав гэж асуухад, Налайхын нүүрс авлаа. Хэдий ганц хоёр зуун төгрөгөөр ахиу зарагдаж байгаа ч илч ихтэй, тортог багатай байдаг юм. Чи нүүрс авах гэж байгаа бол Налайхынх л зүгээр дээ гэж байлаа. Энэ жил нэг “Портер” Налайхын нүүрс 300 мянга, Багануурынх 260-280 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин жижгээр савласан, 20 кг хүрэхгүй шар шуудайтай нүүрс 3000 төгрөгийн үнэтэй байв.
Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс хөтөлбөр”-ийн хүрээнд энэ мөнгөөр ийм хэмжээтэй гурван ч шуудай нүүрс авах боломжтой билээ. Гэвч 2013 онд 130 гаруй цэгээр нүүрс худалдаалж байсан уг хөтөлбөр өнөөдөр зогсонги байдалд ороод байгаа юм. Энэ явдлыг далимдуулж ченжүүд хүссэн үнээрээ иргэдэд нүүрс борлуулж байж ч мэдэх юм гэсэн олны хардлага нийгэмд байсан. Гэвч үнэхээр нүүрсний үнэ тэнгэрт хадсан нь ченжүүдээс бус уурхай үнээ нэмснээс үүдэлтэй гэдгийг тэд хэлсэн юм. Энд нүүрс борлуулж байгаа ченжүүдийн дийлэнх нь ямар нэгэн зүйлээс айж эмээгээд байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Бага зэрэг лавшруулаад асуухад, чи арай сурвалжлагч биш биз тийм бол хэрэггүй шүү дараа нь бидэнд лай болдог юм гэцгээж байсан юм. Үд хэвийж оройн жавар дөхөж байсан хэдий ч нэлээд хоргоосны эцэст зарим нэг нүүрс борлуулагчийн санал бодлыг нь хуөаалцаж чадлаа.
О.ДУЛАМЖАВ: Н.АЛТАНХУЯГ БИДНИЙ ХООЛЫГ БУЛААЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ
-Жил бүр нүүрсний үнэ нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ. Та хэдэн жил нүүрс зарж байна вэ?
-Би арван жил нүүрс зарж байна. Жил бүр нүүрсний үнэ өсч байгаа нь уурхай үнээ нэмсэнтэй л холбоотой шүү дээ. Бид зохиомлоор үнэ өсгөж байгаа зүйл байхгүй. Налайхын нүүрсний уурхайн хэд хэдэн ам байдаг. Бид тэндээс нүүрсээ дугаарлаж байж авдаг. Энэ жил дээрх уурхайн эзэд нь нүүрснийхээ үнийг нэмсэн. Нэг ковш нүүрсийг 40 мянган төгрөгөөр авч байгаа жолооч нарт буруу байхгүй шүү дээ.
-Үнэ нэмэгдсэнээр худалдан авалт хэр байна вэ?
-Яахав, буурсан зүйл байхгүй хүмүүс авдагаараа л авч байна. Гэхдээ гол төлөв шуудайгаар нь түлхүү худалдан авдаг. Зарим нэг боломжтой нь “Портер”, “Зил 130″ машинтай нүүрсийг хэдэн зуун мянгаар авч байна. Дундаж амьдралтай, түүнээс доогуур төвшний хүмүүс арав, хорин мянган төгрөгийн ажил хийж олсон мөнгөөрөө хоолны мах, хоёр уут нүүрс 2800 төгрөгөөр-аваад харьж байгаа. Ийм хүмүүс зууны наян хувь нь байна.
-Засгийн газраас “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн талаар таны санал бодол юу байна вэ?
-Иргэдэд хямд үнэтэй нүүрс борлуулж байгаа гэдэг утгаараа зөв. Гэхдээ ядарсан иргэдийнхээ хийж байгаа ажлыг засаг булааж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Нүүрс зарж амьдралаа залгуулж байгаа асар олон хүн бий, Энэ хөтөлбөр хэрэгжихээр бидний нүүрс маш бага зарагддаг. Бид чинь амьдрахын эрхээр хоёр идэж, хоосон хонохгүйн тулд л ингэж зогсч байгаа хүмүүс. Би нүүрсний чингэлгээ сарын тавин мянган төгрөгөөр түрээсэлдэг. Түрээсийнхээ мөнгийг өгнө, дээр нь хоол хүнс, үр хүүхдээ авч явах гээд амьдрал маш хүнд байна. Ганцхан би ч гэлтгүй ер нь нүүрс зарж амьдралаа залгуулж байгаа хүн бүхэн адилхан. Одоо тавин нас хүрч байгаа надад үүнээс өөр ажил олдохгүй шүү дээ. Амьдрал хэдий ийм байгаа ч төр засгийг харахгүйгээр өөрсдийгөө авч яваа бидэнд нэмэр болохгүй юмаа гэхэд нэрмээс болохгүй баймаар байна. Н.Алтанхуяг бидний хоолыг л булааж байгаа байхгүй юу. Одоо биднийг нүүрс зараад зогсож байхад ингэж зогсоохгүй, дахиад ирэхэд хаасан байгаарай гээд л “жийп”-тэй залуучууд ирээд дарамталдаг. Биднийг ийм дарамтгүй л байлгаач гэж л хэлмээр байна. Чингэлгээ хаачихвал жолооч нар ирэхгүй. Монголчууд чинь залхуу болохоор хойшоо тав алхаад нүүрс авахгүй, яг замын дагуу өрсөн нүүрснээс л авдаг байхгүй юу.
-”Нүүрс” хөтөлбөрийн талаар иргэд ам муутай байх болсон гэсэн. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Багануурын нүүрс Налайхын нүүрсийг бодвол илч багатай шүү дээ. Нүүрс зардаг хүмүүс бол мэдэж л байгаа байх. Засгийн газрын хөтөлбөр гээд л вагоноор нүүрс ачиж ирээд цэргүүдийг дайчлаад савлаж зарж байсан. Ачилт буулгалтын явцад тэгдэг ч юмуу мэдэхгүй, иргэд хогтой нүүрс байна гэж л ярьцгаах юм билээ. Энэ жил цэгүүд нь нүүрс зараагүй л байна. Ер нь битгий зараасай л гэж хүсч байна. Засагтай, засаггүй бид хамгийн чанартай нүүрсээр иргэдээ хангаж чадна. Засгийн газар үнэхээр ард түмнийхээ амьдралд нэмэр болох гэж байгаа бол хийж байгаа ажлыг нь биш, уурхайн үнийн хөөрөгдлийг л зогсоож өгөх ёстой байхгүй юу.
Ц.БАТБААТАР: ХҮМҮҮС “ПОРТЕР”ООР НҮҮРС АВАХ НЬ ХОВОРДОЖ БАЙНА
-Нүүрсний үнийн нэмэгдсэн талаар ямар бодолтой байна. Яагаад жил болгон нэмэгдээд байна вэ?
-Нүүрсний үнэ нэмэгдэж байгаа гол шалтгаан нь уурхайн эзэдтэй холбоотой шүү дээ. Тэд өдрийн 100-150 мянган төгрөг гээд л үнээ нэмчихдэг. Дээр нь цахилгааныхаа мөнгийг нэмнэ. Эдгээр хүчин зүйлээс болоод нүүрсний үнэ өсч эхэлдэг. Уурхай дээр нүүрсний үнэ жаахан хүйтрэхэд л хоёрхон долоо хоногийн дотор тус бүр таван мянган төгрөгөөр нэмэгдлээ. Гэсэн хэдий ч бид авахгүй гээд яахав. Үндсэндээ уурхайгаас нэг “Портер” нүүрс авчирч зарахад цэвэр ашиг нь үсрээд л 30-40 мянган төгрөг болдог. Энэхүү цэвэр ашгаасаа бас патентийн мөнгө гэж арав гаруй мянган төгрөгний хураамж төлдөг. Хотын зарим нэг боломжтой хүн нь “Портер” нүүрс авах гэхээр заавал өндөрлөгөөтэй нүүрсийг авах гэдэг. Гэвч бид өндөрлөгөөтэй явах гэхээр цагдаа нар явуулдаггүй юм. Тэгээд багаар авчрахаар бага байна гээд авахгүй. Энэ мэт зовлон их бий шүү дээ.
-”Нүүрс” хөтөлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сайн ойлгохгүй л байгаа. Налайхын нүүрс түлээд сурчихсан хүмүүс авдаг нүүрсээ л хэрэглэнэ шүү дээ. Хүмүүс юу түлэхийг Засгаас тогтоогоод яах билээ. Үнэхээр л анхаарах гээд байгаа бол жил болгон үнэ өсгөөд байгаа уурхайн эзэдтэй л ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгж чадвал бид иргэдэд хямд үнэтэй, чанартай нүүрсээр жил болгон хангах бүрэн боломжтой. Иргэд өөрсдөө түлэх нүүрснийхээ чанарыг сонгоно биз. Засгаас хямд үнийг л тогторгоод өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл бид шөнөжин өдөржин нойр хоолгүй оочирлож байж авсан нүүрсээ зарах гэж бас зүдрэхгүй шүү дээ Иргэдэд ч бас том дэмжлэг болно
-Үнээ өсгөөд буй уурхайн газрын эзэд гэж ямар хүмүүс байна вэ?
-Ихэнх нь хятад хүмүүс байдаг. Энэ миний худалдаж авсан газар байна. Зохицоод ажиллавал ажил, чадахгүй бол газраа булна гээд л дарамталдаг юм билээ. Налайхын ард түмэн энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. Налайхын амьдрал 9-12 сар хүртэл үргэлжилдэг. Тэгээд нэг сард уурхай хаагддаг. Тэндээс хараат бидэн шиг хүмүус ихэвлэн хавчлаганд амьдарч байгаа шүү дээ.
Ийнхүү нүүрс борлуулагчидтай уулзсаны дараа модны захаар орлоо. Хаа сайгүй хөрөөний дуу хангинаж, модны үртэс үсчиж, тоос боссон энэ орчинд хунтэй ярих аргагүй байлаа. Тэнд ажиллаж буй иргэдийн дийлэнх нь 40-50 орчим насны эмэгтэйчууд байв. Зарим нэг нь модоо хөрөөдөж, үлдсэн нь хагалж, шуудайлж байсан. Дэргэд нь очоод модны үнэ асуутал хариулах завтай хүн алга. Гэвч цаана нь хар ноосон малгайтай, үнс үртэс болсон ажлын хувцас өмссөн 50 орчим насны хижээл эр тамхи баагиулж суугаа нь харагдлаа. Үүнээс цөөн асуултад хариулт авсан юм. “Цайз”-ын модны захад ажиллаж буй тэр хүмүүс өдрийн 15 мянган төгрөгөөр ажилладаг аж. “Эрхэлсэн ажилгүй болохоор хийж л байна. Залуучууд энэ ажлыг голоод хийдэггуй. Тийм болохоор бидэн шиг хумүүс л энд ажилладаг” гэсэн юм. “Цайз” зах дээр 50 кг-ийн шуудайтай хар мод 8000 төгрөг, нарс 7500 төгрөгийн үнэтэй байна. Харин жижиг шар шуудайтай мод 1500 төфөгөөр худалдаалагдаж байв. Энэ удаа зөвхөн мод, нуүрсний борлуулагч наймаачидтай уулзсан болохоор өөрсдийн эрхэлж байгаа ажлынхаа тухай л ярьцгааж байсан юм. Харин тэдний шуүмжилж байсан утаа тортог ихтэй Багануурын нүүрсийг хямд боломжийн үнээр худалдан авч өнгөрсөн өвлийг давсан гэр хорооллын иргэд “Нүүрс хөтөлбөр”-ийг үгүйлсээр байгаагаа хэлж байлаа.
Т.Мөнхнасан /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: