Төсөв, төмөр зам, танхимын халаа сэлгээг онцоллоо
УИХ-ын намрын чуулган өчигдөр морин цагт нээлтээ хийлээ.
Танхимын бүрэлдэхүүн 86.8 хувьтай цугласан бөгөөд чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсад суугаа гадны улс орны элчин сайд, зочид төлөөлөгчид оролцсон юм.
Энэ намрын чуулган эхний хэлэлцэх асуудлаасаа л нэлээд “чухал” гэдэг нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2015 оны Төсвийн төсөл, Мөнгөний бодлого, Төмөр замын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэл, Зам тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай зэрэг өнөөгийн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа олон арван хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын дараалалд багтаж байгаа юм.
Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж үг хэлэхдээ улстөржилт, сандал суудлын асуудалд бус улс орны өмнө тулгамдсан хүлээлт үүсгэсэн асуудалд илүүтэй ач холбогдол өгөх ёстойг онцолсон юм. З.Энхболд дарга дээр дурьдсан хуулийн төслүүдэд илүүтэй ач холбогдол өгөх ёстойг онцолж байв. Харин УИХ-ын гишүүд, нам эвслийн бүлэг ямар хуулийн төсөлд ач холбогдол өгч, амрах завгүй хуралдах намрын чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо.
Д.Эрдэнэбат: Эрхзүйн шинэчлэлийг хийх чухал үе эхэлж байна
/УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үеийн чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын улс төр нийгэм эдийн засгийн эрхзүйн шинэчлэлийг хийх чухал үе эхэлж байна. Түүнчлэн хөрш хоёр оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлого болоод эдийн засгийн суурь хуулиудыг батлах, ялангуяа бизнесийн орчинг сайжруулах гэх мэт хүлээгдэж буй олон чухал асуудлыг шийдэх шаардлагатай.
Үүнээс гадна 2015 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батална. Хэдийгээр төсөв хүнд байгаа ч цалин мөнгөний асуудлыг шийднэ. Замбараагүй хөрөнгө оруулалтыг нэг тийш нь болгоно. Төсвийн эрх мэдлийг хэт төвлөрүүлэхгүй саармагжуулах нь бүлгийн байр суурь байх ёстой гэж үзэж байгаа. Орон нутагт эрх мэдлийг илүү өгөх гэх мэт шийдэх ёстой олон зүйл бий. Улс төрийн хувьд ч гэсэн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл гээд хэлэлцэн батлах ёстой олон олон хуулийн төслүүд хүлээгдэж байна.
Мөн төмөр замын бодлогыг хэлэлцэх ёстой. Тэр ч утгаараа хэлэлцэх асуудлын эхэнд тавьсан. Бидэнд өөр гарц байхгүй. Үүнээс гадна Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Цаг хугацааны хувьд асуудлыг хэзээ оруулж ирэх вэ гэдэг нь мөн чухал. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг оруулж ирсний дараа бид намын бүлгээрээ хэлэлцэнэ. Гэхдээ бүтэц өөрчилнө гэдэг нь орон тоог нэмэх хасах тухай ойлголт биш. Өнөөгийн улс төр эдийн засгийн суурь өөрчлөлтөд тулгуурлагдсан байх ёстой. Түүнээс биш нэг хүний болоод нэг яамыг нэмж хасах тухай ойлголт биш.
М.Сономпил: Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудалд хүлээцтэй хандана
/УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд/
-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар хэвлэл мэдээллээр олон таамаг гарлаа. Гэхдээ Засгийн газрын тэргүүн энэ талаар өөрийн байр суурь, мэдэгдлийг хийсэн. Харин эцсийн шийдвэрийг УИХ хийнэ. Тийм болохоор энэ асуудал дээр би хүлээцтэй хандана. 2012 онд байгуулагдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Дараагийн Засгийн газрын бүтцийг ярих хараахан болоогүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн ч огцруулна гэж хэлээгүй шүү дээ. Тийм болохоор Засгийн газрын бүтцийн асуудлыг УИХ-д оруулж ирсэн тэр үед байр сууриа тодорхой илэрхийлэх болно.
Г.Баярсайхан: Царигийн асуудалд анхаарлаа хандуулмаар байна
/УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга/
-Намрын чуулганаар чухал чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Улс төр болон эдийн засгийн маш чухал, хариуцлагатай шийдвэр гаргах нөхцөл бий болж байна. Их хурал нэгдүгээрт, Чингис, Самурай бондын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, өрөө хэрхэн төлөх талаар зарчмаа тодорхой болгох ёстой. Хоёрдугаарт, төмөр замын царигийн асуудалд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. УИХ бодлогын дагуу энэ асуудлыг хурдан шийдмээр байна.
Нүүрсний экспортод түлхэц болох учраас миний хувьд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын баримт бичигт ач холбогдол өгч байгаа. Манай байнгын хороо юуны өмнө энэ жилийн ургац хураалтын асуудлаар мэдээллээ авна. Өнөө жил ургац сайн байгаа. Монгол Улс гурил тариа, буудайгаа дотоодоосоо хангачих бололцоо бүрдлээ. Цаашлаад хуулийн хэрэгжилт ямар төвшинд байгаа талаар ҮХАА-н сайдаас мэдээлэл авах болно.
Мөн Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Төр өнөөдөр асар их хэмжээний өртэй явж байгаа гэж ойлгох ёстой. Аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулах талаар ямар ажил хийх вэ гэдгээ ярилцаж ойлголцох ёстой. Энэ хуулийг нэн түрүүнд ярилцаж Их хурал шийдвэрээ гаргана гэж найдаж байна. Ер нь цаашид уул уурхайн үйлдвэрлэл явуулахдаа Байгаль орчны нөхөн сэргээлтийн хөрөнгийг урьдчилаад нөхөн сэргээлтийн санд байршуулж байх хэрэгтэй юм байна.
Үүнийг буруугаар хараад байж болохгүй. Түүнчлэн, тусгай хамгаалалттай зарим газар нутгийн Говийн их дархан цаазат газрын А хэсгийг нэмэх шаардлага байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх талаар яригдаж эхэллээ. Миний хувьд халаа сэлгээг дэмжиж байна. Данхагар бүтцээ цомхон болгох нь зүйтэй.
Я.Содбаатар: Н.Алтанхуяг огцрох өргөдлөө хамт өгөх байх
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын намрын чуулган үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ чуулганаар өнөөгийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ асуудал нийгмийн дунд багагүй хүлээлт үүсгэж байгаа нь үнэн. Ингэхээс ч аргагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ олон яам, тамгын газар, сайд нар, орлогч, зөвлөх гэсэн данхагар бүтцээр явах нь буруу юм байна, бид хоёр жил буруу явчихжээ гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгээс цаашлаад АН-ын томоохон зүтгэлтнүүд хүртэл “Энэ бүтэц болохгүй байна” гэдгийг хэвлэл мэдээллээр дамжуулж хангалттай мэдэгдэж байна. Энэ утгаараа намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас анхаарал татах томоохон сэдэв нь бүтэц байх нь. Засгийн газрын бүтцийн асуудал өөрөө УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг учраас эцсийн шийдийг УИХ гаргана. Түүнчлэн Засгийн газрын бүтцийг оруулж ирэхдээ Н.Алтанхуяг сайдыг өөрийнхөө огцрох өргөдлийг хамт өгөх байх.
Учир нь багийн капитан болж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар гэдэг том залуур дээр суусан хүн өөрөө үлдээд багийнхаа бусад гишүүнийг цаазын тавцан руу хариуцлага тооцохоор түлхэхгүй байх. Товчхондоо, энэ Засгийн газрын бүтэцтэй хамт Н.Алтанхуяг сайд огцрох юм байна гэсэн ойлголтыг олон хүн авсан. Нөгөө талаар эдийн засгийн хямралтай үед төр бүсээ чангалах, цомхон чадварлаг болох асуудал хамгийн чухал.
Баялаг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үзүүлэхээс илүү төр өөрөө яаж хэмнэлтийн горимд шилжихээ өндөр төвшинд хүлээж авах ёстой. Энэ утгаараа энэ удаагийн эдийн засгийн хямралаас нэг гарах гарц нь төр өөрөө Мөнгөний бодлогынхоо хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж байгаа юм байна гэж харж байгаа. Тийм учраас намрын чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь энэ байх болов уу.
Х.Болорчулуун: Стратегийн ордуудаа алдаж дуусахаас өмнө Ашигт малтмалын хуулийг хэлэлцмээр байна
/УИХ-ын гишүүн/
-Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчихсан байгаа. Энэ дотроос гол хэдэн хууль дээр анхаарал хандуулна. Тухайлбал, 2015 оны төсвийн асуудал байгаагаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга байгаа. Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зөв зүйтэй ашиглах тал дээр Ашигт малтмалын тухай хууль жин дарах томоохон хууль. Хавар хэлэлцэж байгаад орхисон хууль шүү дээ.
Хөрөнгө мөнгөтэй нэг нь лиценз гэдэг цаасаар баялагт маань эзэн суучихаад байна. Нэг ёсондоо бид өөрсдийнхөө баялгийг худалдаж авч байгаа. Оюутолгойн 34 хувийг гэхэд худалдаж аваад, хүүгийн хүүний өрөнд ороод хэзээ ашгаа авахаа мэдэхгүй яваа. Хүний юмыг олчихоод би олсон юм гэх ихэнхийг нь авдаггүй биз дээ. Яг түүнтэй адилхан ордыг илрүүлсэн ч гэсэн тодорхой хувийг нь Монгол Улс авах учиртай.
Шинэ батлагдах хуулиар Монгол Улс өөрийнхөө баялгийг худалдаж авдаг байдлыг хасах ёстой гэж үзэж байна. Энэ хуулийг хэлэлцсэний дараа том том стратегийн ордуудыг хэлэлцэхгүй бол нэг нэгээр нь стратегийн ордоос сугалж аваад дуусгах нь ээ. Цагаан суварга гэхэд Монголын төр мөнгөө төлж чадахгүйгээс үүдэн хувийн компанийн гарт оччихлоо. Одоо Гачууртын ордын асуудал яригдаж байна. Энэ мэт 15 стратегийн ордоо нэг нэгээр нь тараагаад дуусах нь. Алт, ашигт малтмалын лобби хүчтэй явагдаж байна гэж харж байгаа.
Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ асуудал олон хүний анхаарлыг татаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын тоо 17 болж нэмэгдсэн. Миний бодлоор манай улсад 10 яам байхад болох юм шиг санагдаад байгаа юм. Үндсэн чиглэл чиглэлээр нь яамдыг нэгтгэж тоог нь цөөлж, давхар дээл өмссөн сайд нарыг тоог цөөлөх нь зүйтэй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар ажил цалгардаж байна. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын дарга чуулганы хуралдааны нээлтийн үеэр бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөнийг бие даагчдын зөвлөл дэмжиж байгаа.
М.Зоригт: Том төсөв батлах ёстой
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад бодит байдлаа дутуу үнэлсэн олон нийтийн санаа бодлыг илэрхийлж чадаагүй дэс дараалалтай асуудлууд орсон байна гэдэг бодол надад төрсөн. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн саналыг сонссон. Тийм учраас хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах боломжтой гэж бодож байгаа.
Өнөөдөр бид Засгийн газрыг огцруулна, бүтцэд өөрчлөлт оруулна, оруулахгүй гэж ярихын оронд монголчууд бид нийтээрээ цаашид хэрхэх вэ. 2015-2016 онд мөнгөгүй гээд зүгээр суугаад байх уу. Засгийн газрын оруулж ирж байгаа төсвөөс болж ирэх жилүүдэд бид мөнгө байхгүй гэдэг зүйл ярьж хөнжлөөрөө хөлөө хучаад зүгээр суух зүйлийг ярих гээд байна. Гэтэл бид зүгээр сууж болохгүй.
Тиймээс УИХ-аар 3/2-оор зөвшилцөл хийж, цаашид улс оронд том бүтээн байгуулалт хийх том төсөв батлах ёстой. Монгол Улсын зээл авах хэмжээг нэмэгдүүлж зоригтойгоор гаднаас зээл авах ёстой. Ингэж байж цаашдын хөгжлийг тодорхойлсны үндсэн дээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийн асуудал нь нэн түрүүнийх бус дараагийн асуудал. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд том бүтэцтэй байх үгүй нь хамаагүй. Үр дүн чухал. Тийм учраас байгаа бололцоо нөхцлийг ашиглахгүй, одоо байгаа нөхцөл байдалд зууралдаж, сандал ширээтэй зууралдах бодолтой, ажил хийхгүй, амбиц хөөх бол УИХ зүгээр тарсан нь дээр. Ийм их хуралд суугаад ч яах билээ.
С.Дэмбэрэл: Төсөв, татвар, Мөнгөний бодлогод УИХ анхаарлаа хандуулах ёстой
/УИХ-ын гишүүн/
-Мэдээж хэрэг өнгөрсөн хаврын чуулганаар ярьсан улс төрийн асуудлууд үргэлжлэн яригдана. Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Улс төрийн намуудын тухай хуульд ач холбогдол өгөх ёстой. Түүнчлэн, сая УИХ-ын даргын үгэнд дурьдагдсан Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратегийн хөтөлбөрийг намрын чуулганы хугацаанд хурдан баталмаар байна. Мөн эдийн засгийн нэн чухал хэд хэдэн хуулиуд байгаа.
Татварын асуудалтай холбоотой хоёр хуулийн нэг нь буцаагдаад одоо орж ирлээ. Ажлын хэсгийг нь би ахалж байгаа. Татварын ерөнхий хуультай болох ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Юу гэсэн үг вэ гэхээр татварын хуулийг иж бүрнээр нь оруулж ирэх ёстой. Өмнөх татварын тогтолцооны шинэчлэлээс хойш 10 гаруй жил өнгөрчихөж. Татварын орчингоо байн байн өөрчлөх нь зохисгүй ч одоо оруулж ирсэн хоёр хуулийнхаа хүрээнд дорвитой өөрчлөлт хийх ёстой.
Бизнес эрхлэгчид тогтолцооны шинэчлэлийг хийхийн тулд ерөнхий хуулиасаа эхэлье гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Мөн Мөнгөний бодлогын асуудал чухал байна. 2014 онд бид сайн туршлага хуримтлуулж чадсангүй. Монголын ард түмэн үнийн өсөлттэй учирдгаараа л учирлаа. Валютын ханшийн сулралтад бизнес эрхлэгчид дахиад л “зодууллаа”. Энэ бүх алдаагаа 2015 оны Мөнгөний бодлогыг ярихдаа хэрхэн зохицуулах юм, яаж салах юм гэдэг нь чухал.
Ирэх оны төсөв орж ирчихсэн байна. Төсвийн орлого нь бүрдэхгүй байгаа энэ үед орлогоо бүрдүүлэх гэж компаниудыг араас нь туугаад явах юм уу, эсвэл түүхий эдийн мөчлөгөөс хамаарч байдаг эдийн засгаа түүхий эдийн үнэ өссөн үед нь өндрөөр төлөвлөж явах юм уу гэдгээ сайтар ярилцмаар байгаа юм. Өсөхөөр сайхан аашлаад, унахаар нь сандарч гүйлдэж л байна шүү дээ. Өрсөлдөөний тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль гэх мэт чухал чухал хуулиудад ач холбогдол өгч ажиллана. Хаврын чуулганаар хэлэлцэж байгаад орхисон Хүний эрхийн асуудалтай холбоотой хуулиудаа УИХ нэн тэргүүнд хэлэлцмээр байна даа.
Ж.Батзандан: Танхимын халаа сэлгээг эрт ярих нь зөв
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн шинэ хууль, Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны эрхзүйн тухай шинэ шинэ хуулиуд орж ирнэ. Миний бие Хуульзүйн байнгын хорооны гишүүний хувьд эдгээр хуулийн төслүүд дээр нэлээд анхаарал хандуулж ажиллана.
Ерөнхий сайд Засгийн газрын танхимын халаа сэлгээг чуулган эхлэнгүүт оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн. Улс төрийн амьдралд хариуцлагын тухай асуудал байнга яригддаг. Яригдах ч ёстой. Ингэж байж улс орон эрүүл саруул, хариуцлагатай болно гэдэгт итгэлтэй байдаг. Хариуцлага ярихгүй бол өөрөө асуудал болно. Танхимын хариуцлагын асуудлыг оруулж ирсэн нь сайн хэрэг гэж бодож байна.
Ж.Эрдэнэбат: Хаврын чуулганаас сургамж авсан байлгүй дээ
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын гишүүд хаврын чуулганаас сургамж авсан гэж бодож байна. Хаврын чуулган улстөржсөн байдлаар явбал улс орны хөгжлийн талаар олигтой шийдвэр гаргахгүй, гаргаж ч чадахгүй. Хэлэлцэх асуудлын эхэнд улстөржсөн асуудлууд оруулж ирлээ гэсэн шүүмжлэл их байна. Үнэхээр болохгүй байгаа бол өөрчлөх ёстой шүү дээ.
Улс орны нөхцөл байдал хэцүү байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Эдийн засаг хүндрээд, ард түмний амьдрал хэцүү байгаа гэдэг нь цаг тутамд мэдрэгдэж байгаа. Намрын чуулганы нээлтэд УИХ-ын даргын хэлсэн үгнээс харахад л эдийн засаг хүндэрсэн гэдэг нь харагдаж байна шүү дээ. Төмөр замын талаар ч гэсэн нэгдсэн шийдэлд хүрэх ёстой юм.
Э.Пагмадулам, Б.Өнөртогтох
Монголын мэдээ
URL: