Х.Булгантуяа: АН-ын арчаагүйд биш МАН гарцаагүй сайн байсныхаа хүчээр ялалт байгуулах ёстой
“Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн дугаарт Ардын намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяаг урьж, намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.
-Намынхаа сүүлийн үеийн сониноос хуваалцна уу. Та бүхэн зуны хэдэн сар хэрхэн ажиллав?
-Хөрсөө мэдрэхгүй байж ажил хийнэ гэдэг байж болохгүй асуудал учир манай намын удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч, намын анхан шатны үүрүүдэд цаг гарган ажилласан. Энэ хүрээнд орон нутгуудад очиж, намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсохоос гадна иргэдтэй уулзалт хийлээ. Ард иргэдийн ярианаас салхины ам наашилсан гэдгийг мэдрээд ирлээ. Хөвсгөл аймгийн долоон тойрогт орон нутгийн нөхөн сонгууль болоход тавд нь Ардын нам, хоёрт нь бие даагч ялалт байгуулсан нь үүний баталгаа юм болов уу. Хөвсгөл бол цэнхэр аймаг гэдэг нэршилтэй. Ардчилагчдын нутаг. Тийм аймагт болсон нөхөн сонгуульд Ардын нам ялалт байгуулсан нь иргэд Ардчилсан намд хэрхэн хандаж байгаагийн тод илрэл. Ардын нам хэдийгээр УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдсан ч улс төрийн нэр хүндээ бүр мөсөн алдаагүй, бэлтгэлээ сайн базаавал УИХ-ын 2016 оны сонгуульд ялах магадлал өндөр байна гэдгийг ч иргэд маань хэлж байна билээ. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод аймаг, дүүргийн 500 гаруй удирдах ажилтныг урьж зөвлөлгөөн зохион байгуулж, хэлэлцэж, ярилцсаны хүчинд асуудлаас гарах гарцаа нээсэн гэж бодож байна. Ийм зөвлөлгөөнийг бид энэ зун арван аймагт зохион байгуулсан.
-Сая “Салхины чиг өөрч¬лөгджээ, МАН Хөвсгөл аймагт болсон нөхөн сонгуульд үнэм¬лэхүй ялалт байгуулснаар энэ бүхэн илэрч байна” гэлээ. Үнэн хэрэгтээ Ардчилсан намынханд дургүйлэхсэн иргэд Ардын намд саналаа өгөөд байгаа юм биш үү. Мөн УИХ дахь Ардын намын бүлэг сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа дүр зураг харагдах юм?
-“Ардчилсан намын арчаагүйд биш Ардын намынхан гарцаагүй сайн байсныхаа хүчээр ялалт байгуулах ёстой” гэж манай намынхан ярьж байгаа. Тиймээс энэ удаагийн ялагдалдаа нэлээд дүгнэлт хийж, шалтгаанаа тодруулан асуудлаа цэгцлэхээр хичээн ажиллаж байна. Эрх барьж байгаа үед намын дотоод ажил гэхээсээ илүү төрийн ажилд анхаарал хандуулдаг нь зүй ёсны тогтол. Нөгөөтэйгүүр, Ардын нам сайн байхын тулд намынх нь гол хүч болдог хүмүүс идэвхтэй байх ёстой. Үүнд мэдээж УИХ дахь намын бүлгийн гишүүд, намын лидерүүд орно. Энэ хүмүүс сонгуулиас хойш нэг нэгнээсээ буруу хайж, намдаа үл итгэх байдал гарган зарим нь намаасаа татгалзсан үзэгдэл цөөнгүй байлаа. Нам гарцаагүй хүчтэй байхын тулд хүмүүсийн сэтгэлд хүрсэн хүмүүсээ идэвхжүүлэх үйл ажиллагааг маш сайн хийх хэрэгтэй. Энэ ч утгаараа бид намынхаа гишүүд, лидерүүдийг идэвхжүүлэх ажил дээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байна.Саяхан аймаг, дүүргийн ИТХ-ынхны үйл ажиллагааг УИХ дахь бүлгийн үйл ажиллагаатай хэрхэн холбож, идэвхжүүлэх талаар санал солилцож, холбогдох хүмүүс нь уулзсан байгаа.
-Таныг сая “Эрх барьж байгаа үед төрийн ажил гэсээр намын дотоод асуудал цалгарддаг учир асуудлаа шийдэхээр ажиллаж байна” гэхэд ирэх сонгуульд Ардын нам ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм байна гэх бодол төрлөө?
-УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам ялалт байгуулах ёстой. Ингэхдээ Ардчилсан намынхан хасах оноо авсны төлөө биш бид нэмэх оноо авч байж ялалтын эзэд болох ёстой гэдэг зарчмыг баримталж байна. Бид өнөөдөр эрх баригч биш учир нийгмийн асуудлыг шийдэх замаар өөрсдөдөө нэмэх оноо авна гэдэг хүнд даваа. Тиймээс өнөөдөр бид чадалтай хүний нөөцтэй, өөрсдөдөө дүгнэлт хийж чаддаг, алдаагаа ухамсарладаг нам гэдгээ иргэддээ ойлгуулж, зөв имидж бүрдүүлэх ёстой. 2021 онд манай намын 100 жилийн ой тохионо. Тэр үед бид эрх баригч байхыг хүсэлгүй яахав. Энэ ч утгаараа бэлтгэлээ сайн хангаж байгаа. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын гишүүд Н.Алтанхуяг тэргүүтэй нөхөд тасралтгүй ялалт байгуулж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, эртнээс сэтгэл санаагаа бэлтгэж эхэлсэн байна билээ. Иргэдтэй уулзаад явж байхад “Дээлийн шинэ нь хүний хуучин нь дээр юм байна” гэдэг өнцгөөс асуудалд хандаж байна билээ. Бид энэ сэтгэлгээн дээр нэмж илүү оноо авахаар ажиллаж байна. Энэ ажил маань ч амжилттай хэрэгжиж байгаа.
-Хүний нөөцөө бэлтгэж байгаа гэсэн. Мэдээж хүний нөөц маш чухал асуудал. Гэхдээ танай намын хувьд ялалтын шалтгаан болсон брэнд болсон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг хэрхэн идэвхжүүлж байгаа юм бэ. Саяхан У.Хүрэлсүх даргыг өөрийн хүмүүсийг цуглуулах болсон талаар яриа гарсан байна билээ?
-У.Хүрэлсүх даргын тэргүүлдэг Зүүний хүчний холбоо өнөөдөр чуулганаа хийнэ. Тэд орон нутагт багагүй ажиллаж, салбар зөвлөгөөнөө идэвхжүүлсэн. Хүний нөөцийнхөө боловсролд ч нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ мэт жишээнээс бидний ажил харагдах байх. Нөгөөтэйгүүр, бидэнд нийгмийн захиалгаар гарцаагүй хийх ёстой ажлууд бий болсон. Энэ бүхнийг намрын чуулгантай зэрэгцүүлээд эхлүүлэхээр төлөв¬лөсөн байгаа. Улсын эдийн засаг хүндэрч, дампуурлын ирмэг дээр тулчихаад байхад аймаг сумдын тэгш ой тэмдэглээд явж байсан эрх баригчдад иргэд бүү хэл олон улсын төлөөлөгчид дургүйцэж байгаагаа бидэнд илэрхийлсэн.
-Г.Занданшатар даргын бие¬ийн байдал ямар байгаа вэ. Танай намын зүгээс байнгын холбоотой байгаа юу?
-Холбоотой байгаа. Бие нь тэнхэрсэн. Ойр зуур нисэх бо¬ломжтой болсон ч монголд өнөө маргаашдаа ирэх боломжгүй байгаа. Зарим нэг эмчилгээ хийлгэх шаардлагатай юм билээ.
-Танай намынхан цуглаж, ярилцаж, асуудлыг шийдэж байгаа гэж байгаа ч гаргасан шийдвэр нь тэр бүр хүмүүст таалагдахгүй байх шиг. Саяхан хуралдаж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гаргасан нь нэлээд шүүмжлэлд өртлөө шүү дээ?
-Бидний ярьж, хэлж байгаа бүхнийг иргэдэд буруугаар ойл¬гуулж, жижигхэн галыг түймэр болгохдоо Ардчилсан намынхан гаршчихсан бололтой юм билээ. Бид хөгжлийн бодлогогүй байгаа¬гаас болж өнөөдөр маш олон асуу¬далд тулгарч байгаа. Тухайлбал, гурван сая хүн амын маань хоёр орчим сая нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнээс болоод хот ачааллаа дийлэхгүй агаарын бохирдол, ус, дулаан, цахилгааны асуудалтай нүүр тулж байгаа зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр л дээр дурьдсан төлөвлөгөөг гаргасан юм. Мэдээж дэд бүтцийн асуудлаа шийдсэн Улаанбаатар хотыг нүүлгэнэ гэж юу байхав. Тиймээс Улаанбаатарыг дагасан томоохон хотуудыг бүтээн байгуулах тухай саналыг дээрх төлөвлөгөөнд тусгасан. Гэтэл иргэдэд буруу ойлголт өгөөд байгаа нь харамсалтай байна.
-Улс төрийн хүрээнийхэн танай намынхныг “Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа нь хоёр хөршийн тэргүүнийг ирэхэд илт мэдрэгдсэн. Угтаа бол Ардын намынхан хоёр хөршийн тэргүүнийг ирэхэд эсэргүүцлээ илэрхийлж, Ардчилсан намынх¬ныг нүүр хийх газаргүй болгох байсан” гэлцэж байна билээ. Та энэ шүүмжлэлийн хариуд юу гэж хэлэх вэ?
-Би энэ шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй байгаа. БНХАУ-ын дарга Си Зинь Пинийг ирэхэд дэлхийн 45 орны томоохон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид дагалдаж ирсэн. Бид хагаралдаанаа гадагшаа ил гаргаж яах юм бэ. “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгайн дотроо” гэдэг байх аа. Өнөөдөр бид Ерөнхий сайдтай маргалдаж, мэтгэлцэж болно. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулахаар тэмцэж болно. Гэхдээ энэ бүх улс төр дотооддоо өрнөх ёстой. Өнөөдөр бид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж Ардчилсан намтай үзэлцэж байгаа ч гэсэн ард түмнийхээ амьдралыг хөлдөө чирж болохгүй гэдэг байр суурийг баримталж байгаа. Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад бүх асуудлаа олон улсад ил болгочих юм бол бүр л илүү хүндээр тусна. Бид дэлхийн өмнө зодооноо ил гаргах юм бол Монгол Улс руу орох гэж байсан хөрөнгө оруулалт татархаас эхлээд олон асуудалтай тулгарах байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж УИХ дахь Ардын намын бүлгээс хоёр хөршийн тэргүүнийг айлчлахаас өмнө ямар ч асуудал гаргахгүй гэдгээ мэдэгдэж байсан. “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх хугацаа БНХАУ-ын дарга Си Зинь Пинийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө байсан. Гэхдээ бид энэ бүхнийг хойшлуулсан нь орон нутгийн зодооныг орон нутагтаа л хийе. Улс орны эрх ашиг гэсэн том эрх ашгийн төлөө зогсох ёстой гэсэн байр суурийг баримталсан юм. Биднийг дээрх байдлаар шүүмжилж байгаа хүмүүсийн хувьд улс орны эрх ашиг гэхээсээ илүү өөрсдөдөө оноо авах л чухал байдаг бололтой юм. Хоёр хөршийн тэргүүнийг ирэх үед янз бүрийн акци зохиосон бол Ардын нам 2016 оны сонгуульд ялалт байгуулах нь гарцаагүй байсан ч үүний цаана иргэдийн эрх ашиг байгаа гэдгийг бодож тунгаасан гэдгийг сануулах ёстой юм болов уу.
-Та ажлаа хүлээж аваад нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Танай намын удирдлагын баг залуусаас бүрдсэн учир үл итгэх байдал эхлээд олон хүнд мэдрэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаасаа товчхон дурьдвал?
-Миний хувьд ажлаа хүлээж авахад амаргүй байсан л даа. Магадгүй манай нам эрх барьж байх үед ажиллаж байсан бол байдал арай өөр байх байсан биз. Сөрөг хүчин байх үед намын төв аппаратад ажиллана гэдэг тийм ч амар биш. Гэхдээ хүн болгоны дотор ялалт байгуулж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа учир өнөөдөр тулгарч байгаа бэрхшээлийг давж чадаж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт түлхүү ажиллалаа. Орон нутагт алдсан нэр хүндээ сэргээх ажлуудыг хийж чадсан гэж бодож байна. Удирдах зөвлөлийн хүрээнд намын дотоод журмыг шинэчлэх ажил болон 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөнд гар бие оролцож ажиллалаа. Улс төрийн намуудын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулж, заавал парламентад суудалтай намууд улс төрд дуу хоолойгоо хүргэх ёстой гэсэн бодлыг өөрчилж, улс төрийн намуудын дуу хоолойг сонсох ажлыг амжилттай зохион байгуулсан гэж бодож байна.
Р.САРАНГОО
Улс төрийн тойм
URL: