Усаа хайрлая
Манай улс ундны усны цэвэр нөецөер тийм ч халгиж цалгисан орон биш. Яахав, одоохондоо болж л байна. Гэтэл 2050 он гэхэд дэлхий ёны хомсдолд орно гэж хэвлэл мэдээлэлд бичиж байгаа. Монголчуудын усны хэрэглээ арай л дэндүү үрэлгэн байгаагаас гадна нийслэл орчимд л гэхэд Туул голынхоо сав газрыг захаас нь дарж дагтаршуулаад дээр нь олон давхар барилга байшин бариад байх юм. Уг нь энэ байдлыг багасгах (бүр зогсоочихно гэж байхгүй юм шиг байна) санаатай Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталж, түүний дараа жил усны нөөц ашигласны төлбөрийг дахин тогтоож, Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Гэсэн ч эргэж нөхөгдөхгүй байгалийн усаар алт эрдэнэс, хайрга чулуу гээд эрдэс бодисыг угааж ашигласныхаа төлбөрт шоо метр тутамд 561.90 төгрөг төлдөг байх юм. Энэ бол хамгийн өндөр төлбөр гэх боловч тэр усаар угаагаад гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн, үүнээс олох компанийн ашигтай харьцуулбал дэндүү бага тоо санагдана. За тэгээд 103 төгрөгөөр нэг шоо метр ус авч, цемент шохойгоо зуурч барилга барьж, жаахан цэвэршүүлээд спирттэй хольж архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж байгааг мэддэг бол бүр ч харамсмаар. Өнгөрсөн жил Засгийн газраас баталсан усны нөөцийн талаархи тогтоол нь усыг үр ашигтай зарцуулах, бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологи ашиглаад эргүүлэн ашигласан тохиолдолд төлбөрийг багасгах зорилготой юм билээ.
Гэвч ингэж хэрэглэж байгаа, усандаа санаа зовдог компани ховор. Манай улсад усыг ашиглаж бохирдуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг гэсэн. Түүнээс үйлдвэрлэл, олборлолтдоо усыг маш ихээр “уудаг” 140 аж ахуйн нэгж л ус хаягдлын сантай болсон тухай албаны эх сурвалж хэлсэн байна билээ. Үнэн худлыг бүү мэд. Зарим улс оронд усыг алтаар үнэлж авдаг гэж ярих. Хэдэн арван жилийн дараа ийм байдалд хүрэхгүйн тулд усаа хайрлаж хямгадмаар л байгаа юм даа. Монголчууд бид усыг чандмань эрдэнэ гэж хэлэлцдэг нь их учиртай үг. Тийм ч учраас бид энэ үгийг сайн мэддэг байх. Харин үнэ цэнийг нь хэр мэдэж байгаа бол.
Д.МӨНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hi
hi