Шахааны бизнес хөгжсөөр…

53350d251c93b67doriginalЦэцэрлэг сургуульд бүртгүүлнэ гэдэг том шүдний өвчин манай улсад байх юм аа. Найм дугаар сарын 25-наас эхлэн улсын цэцэрлэг сургуулийн бүртгэл явагддаг. Гэтэл эцэг эхчүүдийн яриагаар бол бүртгэл нь хавар эхэлдэг гэнэ. Нээрээ ч үүнийг батлах шиг 25-н болоогүй байхад “Манай хүүхдийн тоо гүйцсэн” нэмж авах боломжгүй гэдэг хариултыг өгдөг аж. Бүртгэл эхлээгүй байхад хүүхдийн тоо яаж гүйцдэг байх нь тэгэхээр ойлгомжтой болж байна. Нөгөө л арын хаалга хээл хахууль шүү дээ.Уг нь боловсролын байгууллагын ёс зүйд ийм юм байж болмооргүй байгаа юм. Гэтэл энэ асуудал жил ирэх тусам гаарсаар байна.

Монгол улс авлига хээл хахуультай тэмцэнэ гээд л сүртэй сүртэй юм яриад удаж байна. Авлига өгч авч байгааг мэдээллэх 1969 гэдэг утас хүртэл ажилладаг гэж байгаа.  Тэгсэн хирнээ цэцэрлэгийн бүртгэлийн асуудал одоо бүр хэрээс хэтэрч байдаг л нэг энгийн асуудал шиг болтлоо нийгэмд баттай байр суурьтай болчихсон. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд цэцэрлэгт танил талтай байх, дээрээс нь хамгийн багадаа л таван зуун сая хамгийн ихдээ сая таван зуун мянган төгрөг төлж байж оруулах юм гэнэ. Энэ ч арай хэтэрнэ ээ. Ямар их сургуулийн төлбөр төлөх гэж байгаа биш дээ.

Тэгээд зогсохгүй зарим нэг, цэцэрлэгт танил талтай нөхдүүд хүүхдээ бүртгүүлж амжаагүй бол 10, 11 дүгээр сарын үед ир гэдэг гэнэ. Учир юу вэ гэвэл энэ үед өвдсөн тасалсан хүүхдүүдийг ирэхгүй байгаа гэсэн шалтгаанаар хасаж орон тоо гаргаад шахааны хүүхдээ оруулдаг гэх дам яриа ч эцэг эхчүүдийн дунд байдаг юм билээ.

Даварсаар даварсаар давгийн оронд, бурхангүй газрын бумба галзуурна гэдэг үг чинь цэцэрлэгийн удирдлагуудад зориулж хэлсэн үг юм биш үү. Энэ даварсан нөхдүүдэд хэн хариуцлага тооцож хэн арга хэмжээ авах ёстой вэ? Бизнес болтлоо хөгжчихсөн боловсролын энэ салбарт ёс зүй, хариуцлага гээд ер нь юм бүхэн дутагдаж байна. Ирээдүй болсон үр хойчдоо ядаж нэг цэцэрлэг бариад өгчихвөл энэ насных нь буян ч болж мэдэх тийм л эмзэг сэдэв болсон байна шүү. Холбогдох байгууллага яамдууд нь анхааралдаа авч ажиллахыг хүсье.

А.БИЛГҮҮН

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих