Бүдэрчихлээ, Т.Дуламдорж дарга аа?

Т.Дуламдорж дарга ааОнцгой байдлын ерөнхий газар энэ жил арван насныхаа ойг тэмдэглээд сүйд. Телевизийн олон ангит кинотой. Тун дажгүй тэмдэглэж байна. Гэвч бүтэн арван жил хөгжсөн энэ байгууллага 10-аас дээш давхарт гарсан галыг унтраах хүчгүй гэдгийг нь өчигдөр мэдлээ. Гэр маань байрныхаа 14 дүгээр давхарт байдаг. Өчигдрийг хүртэл огт айлгүй 14 дүгээр давхарт амьдарч иржээ. Харин өнөөдрөөс байраа зарах талаар бодож эхлэв. Учир нь өчигдөр Шангрилагийн барилга шатах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн телевизээр ярихыг сонсоод айж орхив. Уг нь би Монгол Улсын иргэн. Хуулиараа хамгаалуулдаг. Газар хөдлөлт, галын аюул гэх мэт гэнэтийн ослоос Т.Дуламдоржийн удирддаг Онцгой байдлын алба хаагчид аварна гэж ойлгодог байлаа. Гэвч үгүй юм байна. Т.Дуламдорж өчигдөр ярихдаа “Манай алба хаагчдын ашиглаж байгаа усны даралт 35 метр учраас 12 давхраас дээш гарахгүй. Тийм учраас өндөр барилгад гарсан галыг нисдэг тэрэг ашиглан унтраахаас өөр аргагүй. Энэ асуудлыг Шадар сайд болон холбогдох хүмүүст тавина…” гээд л туужээ. Түүний хэлснээр “Гал 10-аас дээш давхарт гарчихлаа. Нисдэг тэргээр унтраах уу, яах уу” гэж Шадар сайдаас асуух бололтой юм. Нөгөөх нь байхгүй, эсвэл утас нь холбогдохгүй бол тэгээд л өнгөрөө. Харж байгаад л шатаана гэсэн үг. “MCS”-ийнхэн харин асуудлыг их зөвөөр харжээ. Байшинг минь аварсангүй, нисдэг тэргээ хөдөлгөсөнгүй гэж бухимдсангүй. Аврагчиддаа баярлалаа гээд талархал илэрхийлсэн байна.

Энэ талархлыг тэд Т.Дуламдорж танд зориулаагүй юм шиг байна лээ шүү. Харин 10-аас дээш давхар руу нь хувинтай ус барин зүтгэсэн аврагч залууст талархсан байна. Манай аврагчид сайн. Усанд ч, галд ч гар нүцгэн туугаад ордог эр зоригтой улс. Монголчууд аврагчдаа маш сайн мэддэг. Харин тэднийг зэвсэг техникээр хангаж, аюулгүй ажиллуулах үүрэгтэй дарга нарын байж байгаа царай энэ. Зүй нь Т.Дуламдорж өчигдөр хийсэн мэдэгдлээсээ үхтлээ ичих ёстой байлаа. Дарга нь оччихоод цэргүүдээ хувинтай ус тэврүүлээд улаан гал руу түлхээд байсан байна. Энэ чинь XXI зуун шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт 12-оос дээш өндөртэй хэдэн барилга байна вэ. Лав миний олж дуулснаар барилгын компанийнхан арай гэж олдсон газар дээрээ 15-аас доош давхрыг барихаа больчихсон гэсэн. Энэ үнэний хувьтай. Шалгалт өгсөн гэж бодвол Т.Дуламдорж навс уналаа. Тиймээс түүний оронд галаа унтраадаг мэргэжлийн дарга ч хэрэг болж магадгүй нь.

 

 

Х.Очир /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих