Ардчилсан төрөөс хүсэх ганцхан юм байна

мөнгөМанайханд олон муу чанар байдаг. Талийгаач, сэтгүүлч Т.Батмөнх “Муухай монгол хүн” гэдэг номондоо миний хамаг муу муухай занг ёстой нэг нүүр улайтал дурдсан байдаг юм. Яая гэхэв. Гэхдээ энэ номоос хойш өнгөрсөн хугацаанд тэр муу муухай зангийнхаа ихэнхийг гээж байгаа. Харин ганцхан зүйлийг л хаяж чаддаггүй. Тэр нь ямарваа нэгэн шинэ соргог юмыг хүлээж авахдаа тун тааруу. Шууд л муу талаас нь хараад эсэргүүцээд унадаг өвчтэй. Ийм өвчин манайхны ихэнхэд бий.

Өргөн өмд, урт үс, өөрийн гэсэн өмчтэй хүнийг үзэж чаддаггүй байсан нийгмийг өнөөдөр санах хүмүүс бий. Би өргөн өмдийг хайчлан, урт үсийг тайрч, өмчтэй хүнийг баян шуналтайгаар нь амнаасаа хөөс цахруулан харааж явсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Харин ардчиллын ач буянаар миний толгойны эргүү гарч, өнөөдөр өөрийн гэсэн өмчтэй, өмсч зүүхээ хэнээр ч заалгадаггүй, үг хэлэх эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хүсвэл жилийн ихэнхийг гадаадад өнгөрөөдөг нэгэн болсон байна.  Ер нь огт өөр хүн болсон гэсэн үг. Ардчилсан нийгмийн үйл явц өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм болгосон байгаа юм. Хэрвээ одоо буцаад социализм маягийнхаа юм руу орно гэвэл миний бие хамгийн түрүүнд хүрз бариад босно гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Хүн төрөлхтөний хөгжлийн замыг нэгэнт сонгосон, бас дэг жаягийг нь өөжрийн нүдээр харсан учир тэр л дээ. Уг нь миний бие ямар хөгийн амьтан байсан гэж бодно. Шинэ юм болгоныг эсэргүүцдэг жинхэнэ улаан коммунист байсан юм.

1990-ээд онд Э.Бат-Үүл эд нарыг өлсгөлөн зарлаж байхад ямар бузар муухай юм бэ гээд л ам хамраа даран цээрлэж, тэдний зүг чөмөгний яс хүртэл шидэн даапаалж байлаа. Баяр наадмаар л жагсдаг байхад юун жагсаал цуглаан бэ гээд тийшээ явахгүй байхыг ажилчиддаа хатуу үүрэгддэг байв. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад амиа хорлох шахсан юмдаг. Үйлдвэрүүдийг хувьчлаад хүмүүсийг өмчтэй болгоод эхлэхэд нь үхье дээ л гэж бодож суулаа.

Гэвч цаг хугацаа гэдэг юм миний бодлыг аажим аажмаар өөрчилсөн юм. Нүдэн дээр ил байгаа энэ нийгмийн сайн сайхан зүйлүүдэд өөрчлөгдөхгүй байхын ч аргагүй байв. Өмчтэй ч болов. Эрх чөлөөтэй ч болов. Одоо надад мөнгө бий. Татвар төлөөсөөс нуусан ч багагүй мөнгө байгаа. Угийн хашир зангаараа гадаадын оффшор дансанд хийчихсэн ч хэд гурван юм бий. Харин одоо үүнийгээ яах вэ гээд өдрийн бодол шөнийн зүүд болж явна. Би чинь эх оронтой, элгэн нутагтай, элэг нэгт ард түмэнтэй хүн шүү дээ. Тэр мөнгөө оруулж ирээд ард түмнийхээ тусын тулд бүтээгдэхүүн болгох юмсан гэсэн далдхан хүсэл тарчлаах болсон байна. Нас ч бас явж байгаагийн шинж байх л даа. Нас сүүдэр ахиад ирэхээр өөрийн эрхгүй энэ амьдралын утга учрыг арай өөр өнгөөр хараад эхэлдэг юм байна шүү дээ. Тиймээс энэхүү ардчилсан төрөөсөө нэг л зүйлийг хүсмээр байна. Надад нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлчих гэж. Би тэр нуусан мөнгөө оруулаад ирье. Түүгээрээ баялаг бүтээе. Улсынхаа хөгжилд нэмэр болгоё. Миний энэ мөнгө хулгай хийж, авилгад авсан мөнгө биш. Бизнес хийгээд л ашиг олсон мөнгө. Даанч угийн хөрөнгө мөнгө үздэггүй нийгэмд дарга дорго байж, хөрөнгө мөнгөтэй нэгнээ намнаж явсан болохоор хаширлаад гадааын банкинд мөнгөө хадгалуулчихсан хэрэг л дээ. Ингэхэд над шиг нөхдүүд манайд маш олон бий шүү.

 

 

Д.Содон /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих