Д.Тэрбишдагва сайд аа, цөөхөн монголчууд усанд урссаар л байх уу

eq4si0bu_500x500_500x500Энэ сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 82 удаагийн тохиолдлоор  92 хүн амь насаа алдсан байна. Түүнчлэн зөвхөн энэ есдүгээр сарын 15-22-нд зургаан удаагийн усны ослоор долоон хүн амь насаа алдсан тухай харамсалтай мэдээлэл байгаа юм. Тиймдээ ч Онцгой байдлын ерөнхий газраас гол, ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна. Тэгвэл манай онцгойгийнхны хувьд гол уснаас иргэдийг аврах тал дээр хэр анхаарч байгаа билээ гэх асуулт гарна. Үнэндээ иргэд гол усанд осолдох, живэх үед онцгойгийнхон техник хэрэгсэл, холбоо хангамжгүйгээс аварч чадаагүй тохиолдол олон.

Уг нь бол Онцгой байдлын ерөнхий газар Монгол Улсын Шадар сайдын буюу Д.Тэрбишдагвын харьяаны байгууллага. Тиймдээ ч Д.Тэрбишдагва сайдаас энэ бүх асуултын хариуг нэхэх бүрэн боломжтой юм. Үнэндээ Д.Тэрбишдагвын сайдын талаар ажлаа сайн хийсэн гэхээсээ илүүтэй БНСУ руу явж намын даргаа эргэсэн, намын даргынх нь эхнэр О.Цолмон Монголд ирэхэд нь “бараалхсан” зэрэг мэдээллүүд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрдөг.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө 27 настай Н.Саранчимэг гэх эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүүтэйгээ Сэлэнгэ мөрнөөр урссаар сураг тасарсан. Хөөрхий бүсгүй зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон харамсалтай явдал болсон. Тодруулбал, хамгийн сүүлд Н.Саранчимэг бүсгүй “Ядахдаа хүүг минь амьд дээр нь авчих л даа. Би та нараас гуйж байна. Авраарай” хэмээн чангаар орилсон гэдгийг Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонссон хэмээн  тухайн үед бичигдэж байлаа. Ийнхүү хүүгээ тэвэрсэн эх үхэлтэй тэмцэлдэж, амь аврахыг гуйсаар сураг тасарсан эмгэнэлт явдалд ч онцгойгийнхныг буруутгаж байлаа. Тэр дундаа харьяа агентлагаа авч, энэ асуудалд санаа тавьсангүй хэмээн Д.Тэрбишдагва сайдыг буруутгаж байв.

Тэгвэл өдгөө хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед дээрх харамсалтай хэрэг дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Хэдийгээр харьяа газруудаас сэрэмжлүүлэг гаргаж байгаа ч үүнээс илүү дээрх байгууллагууд ажлын хариуцлагатай, техник хэрэгсэлтэй баймаар байна. Гал түймэр гарахад хамгаалалт хэрэгсэлгүйгээс гал сөнөөгчид түлэгдэж амиа алдсан, согтуу жолоочоос болж онцгойгийнхон нас барсан гээд харамсалтай хэргүүд гарсаар л байна. Гэвч Шадар сайд энэ бүхэнд нүд нь балай, чих нь дүлий гэдэг шиг таг чиг байсаар байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон.

Тэгэхээр Шадар сайд Д.Тэрбишдагвад дахин сануулахад зөвхөн есдүгээр сарын хэмжээнд 92 хүн усны ослоор амь насаа алдаад байна. Мэдээж ганцхан сарын дотор бараг 100-гаар усанд осолдоод байвал цөөхөн монголчуудаас хэд нь үлдэх вэ. Эрхэм сайд та намын даргаа түр орхиод энэ талаар нэг бодоод үзээрэй. Түүнчлэн онцгойгийнхныг хангалттай техник хэрэгсэл, унаа унаш, холбоо зэргээр хангахад анхаарч ажиллаач. Хэдийгээр анхаарал болгоомжгүйгээсээ болж зарим нь амь эрсдэж байгаа ч алдсан хүн арван тамтай гэгчээр хохирогчдын ар гэрийнхэнд цогцос биш амьд хүн хүлээлгэж өгөх нь аврах байгууллагынхны зорилго биш гэж үү.

Д.Тэрбишдагвыг АН-тай хамтарч Засгийн газарт орох гэрээ байгуулсныхаа дараа дүүгээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зөвлөх болгоод амжсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салаагүй. Тодруулбал, Э.Бат-Үүлийн Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа нь Д.Тэрбишдагва гишүүний төрсөн дүү гэдэг. Тэгэхээр Д.Тэрбишдагва сайд албан тушаал, сандал суудлын төлөө гүйхээсээ урьтаж, нэгэнт Засгийн газарт багтсаных хариуцсан ажлаа хийх ёстойг энэ дашрамд сануулъя. Үгүй бол цөөхөн монголчууд элдэв ослоор алтан амиа алддаг харамсалтай “түүхүүд” давтагдсаар л байх нь.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих