Олон тэрбумын үнэтэй занга

Хүн тус бүрт сар бүр 21 мянган төгрөг, оуютнуудын төлбөрт 500 мянган төгрөгийг олгоно. Ирэх онд иргэдээ нэг орой “шоу”-дуулахаар 805 тэрбум төгрөгийг ийнхүү төсөвт тусгана гэж ч хэлсэн болно. Оюутолгой, Тавантолгойн гэрээний “но”-г мэдчихээсээ өмнө “Сэхээ оролгүй салам архидаад бай” гэсэн шиг ард олныг бодлого баригчид хахуульдах гэж байна. Энэ их мөнгийг тараах эх үүсвэр байхгүй болохоор өмнө нь урьдчилгаа авдаг байсан бол өдгөө Тавантолгойг барьцаалж зээл авах гэнэ. Энийгээ “Ирээдүйгээсээ зээлж байна” ч гэх шиг. Ирээдүйгээс хэн гээч ирээд зөвшөөрөл өгөөд буцсаныг бүү мэд. Энэ их үргүй мөнгө өнөөдөр яавч сайныг авчирахгүй нь.

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн 70 мянган төгрөгийг  тараахад ойролцоогоор 200 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэснээр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарав. Зарим нэг нь 70 мянгаараа архи ууж, агсан согтуу тавьж бүр хүний аминд хүрсэн хэрэг хүртэл гарсан. Хэнтий, Дундговь аймгуудад 70 мянган төгрөг тарааж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт, архидан согтуурах хандлага их болсон талаар орон нутгийн цагдаагийнхан дурдаж байлаа. Энэ утгаараа бол эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлэгсдийн тоо геометр прогрессоор өсч дээ. Бэлэн мөнгөний урсгалаас болоод инфляци нэг оронтой тооноос хоёр оронтой тоонд шилжиж хүнд цохилт өгөв.

Тэгвэл 70 мянган төгрөгийг тараасны дараа хийсэн нэгэн судалгааг энд сөхье. Энэ судалгаанд оролцогчид “Юунд 70 мянган төгрөгөө зарцуулсан бэ” гэсэн асуултад ийм хариулт өгчээ.

-Дорвитойхон зүйл хийж болохгүй болохоор өнөө, маргаашийн хоол, хүнсэнд л зарцуулаад дууссан – 26 %
-Хадгаламжинд хийсэн, хийнэ -11 %
-Наргиж, цэнгэх зүйлд зарцуулсан, зарцуулна – 9 %
-Өрөө дарсан, дарна – 18 %
-Өөртөө болон ойр дотны хүмүүстэй хэрэгцээтэй зүйлийг нь авсан, авна -19%
-Миний амьдралд хэрэггүй учир аваагүй, авахгүй – 6%
-Аваад аль нэг халамж хэрэгтэй газар хандив болгон өгсөн,өгнө – 2%
-Бусад – 4% гэсэн хариултыг өгчээ.

Энэхүү судалгаагаар бол тараасан мөнгөний ердөө 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л үлдсэн байх магадлалтай аж. Наргиж, цэнгэж, шартаж, шороотож, хоодоодоо баярлуулахад 35 хувь нь мөнгөө зарцуулж. Үлдсэн нь өмнөд хөршийн чанаргүй бараа үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт хийж дээ. Үүгээрээ бид үндэсний үйлдвэрлэлийг бус өмнөд хөршийнхнийг дэмжлээ. Ингэхийн тулд Оюутолгойгоос 250 сая ам.доллар аваад хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэр нь багадаад Тавантолгойгоо түүнээс илүүг авах гээд байна. Харин үүнийгээ иргэдэд тараагаад өгөх нь улс орны хөгжлийг бодсон, ирээдүйг харсан бодлого мөн гэж үү. Ер нь бид иймэрхүү байдлаар явж өөрсдийгөө өөрсдөө сөхрүүлж байгаагийн тод нь Эрээн хот. Монголд үйлдвэр байхгүй. Монголд үйлдвэрлэгч байхгүй. Энэ утгаараа Эрээнээс идэх жимснээсээ эхлээд өмсөх гутал, хувцас, зүүх гоёл, дэвсгэр, бүтээлэг, хөшиг гээд ер нь юу л байна бүгдийг тэндээс оруулж ирдэг. Одоо ч тийм. Ингэснээр 2-3 давхар талаар нэг тарсан шавар дагзаас бүрдэж асан энэ хот одоо Улаанбаатараас илүү юу гэхээс дутахааргүй гоёмсог барилгуудаар дүүрэн хот болчихлоо. Тэд ингэж дээшээ хөгжиж байхад Улаанбаатарын гэр хороолол хаяагаа тэлж даруй 180 мянган хол даваад өмнөхөөсөө дордож эхэллээ. Хорт утаа үйлдвэрлэгч гэр хорооллыг үгүй хийе гэхээр мөнгөгүй. Орон сууц барья гэхээр дэд бүтэцгүй. Дэд бүтэц бий болгож тав дахь эх үүсвэрийг байгуулья гэхээр бас л хоосон халаасаа тэмтчинэ.

Гэтэл энэ бүхнийг бүгдийг биш ч нэгээхэн хэсгийг бий болгоход маш том хөрөнгө оруулалт болох 805 тэрбум төгрөгийг хүн бүрт тэгш хуваагаад Эрээний захынхнын халаас руу цутгах нь ээ.

Тэгвэл бид энэ мөнгөөр хэдэн гэр хорооллын өрхүүд тохилог орон сууцтай болгож болох вэ. Энэ хариултанд мэргэжлийн инженерүүд нэгээс хоёр өрөө байр бүхий 30 айлын мянган орон сууц барина гэсэн хариултыг өгч байна. Ингэхдээ доод тал нь 5-10 мянган ажлын байрыг бий болгоно гэсэн тооцоо байх юм. Ажилгүйчүүдийн эгнээг 10 мянгаар цөөлөх алтан боломжийн дээр 30 мянган айлын орон сууцыг удаан хугацааны хүүгүй дэлхийд байхгүй бага хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болгоно. Зам тавина. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд бий болж дэд бүтэц хөгжинө. Дээр нь бидний арав гаруй жил яриад бүтээгүй тав дахь эх үүсвэрийг бий болгочихно. Ингээд бод доо. Энэ тооцоогоор бол Улаанбаатарын нягтаршил баруун эсвэл зүүн тийшээ биш дээшээ төвлөрөх нь. Хамгийн гол нь хэдэн мянга мянгааараа амьдралын баталгаа болсон орон сууцтай, ажлын байртай болно. Үндэсний компаниуд ч хөгжих хөшүүрэг жинхэнэ утгаараа хөдөлнө.

Дээд боловсролтой цагаан цамцтануудыг мянга мянгаар нь бэлтгээд улс хөгждөггүй гэдгийг сүүлийн хорин жил харууллаа. Өнөөдөр 3-6 мянган эдийн засагч, 10-12 мянган хуульч, сэлтгүүлч мэргэжлээр төгссөн залуус ажилгүй гудамж метрлэж яваа гэх статистик тооцоо бий. Дээд боловсролын дипломын тоогоороо хөгждөг байсансан бол Монгол Улс хөгжингүй орныг тэргүүлчихсэн яваа. Харамсалтай нь үгүй л байхгүй юу.

Харин ч эсэргээрээ хэн нэгнийхээ хүүхдийг ажилтай байлгахын тулд огтоос утгагүй орон тоог төрийн албанд бий болгосны хүчинд авлига, хүнд сурталгүй салбар үгүйрэв. 2000 онд 124 мянган албан хаагчтай байсан төрийн алба өдгөө 146 мянга болтлоо хүрээгээ тэлжээ. Үүний лайгаар барилгын компаниуд нэг байшин бариулахын тулд 150 хүнд сурталтны гарын үсгийг цуглуулах жишээтэй. Гарын үсэг авах гэж хоёр жил, жил хагасын хугацаа зарцуулна. Барилгаа бол зургаан сар л барьдаг. Төрд олон хүн ажиллах тусам үйлчилгээний хурд сайжрах бус саармагждаг. Тэдний тоог олшруулж ажлын байр бий болгож, үйлчилгээг ойртуулаад байгаа юм биш. Харин ч эсэргээрээ олон шат дамжлага, хүнд сурталтан, шимэгчдийг бий болгоно. Манай төрийн хүнд суртал ийм л байгаа. Барилга барихын тулд 150 зөвшөөрлийн гарын үсэг зуруулаад байх шаардлагагүй.Ганцхан бүртгэдэг нөхрийн гарын үсэг л хангалттай. Харин чанар, үзэмж, аюулгүй байдалд нь захиалагч шаардлагаа тавина. Зах зээлийнх нь хууль өөрөө тийм.

Энийг л барья л даа. Иргэндээ 21 мянга төгрөг сар бүр олгосон ч ядуугаараа үлдэнэ. Олгоогүй ч ядуу л үлдэнэ. Ялгаа нь гэвэл тараахаас өмнө өргүй ядуучуудтай. Тараасан хойно өөрийн бүхнээ минийх гэх эрхгүй иргэдтэй үлдэнэ. Харин тэднийг ажлын байртай, амьдрах орон сууцтай болговол жинхэнэ утгаараа хойч ирээдүйгээсээ авсан зээл гэж хэлж болох биш үү.

Хоосон ходоодоо баярлуулах гээд гэрээ хуушуурны мөнгөнөөс барьцаалах хэрэг байна уу. Авсан мөнгөө өгч чадахгүй гудамжинд хөөгдөж гарах вий дээ. Энэ чинь бидний хойдхыг унших төлөвлөгөө биш байгаа.

Л.НАРАНТӨГС

URL:

Сэтгэгдэл бичих