С.Ганбаатар: Засгийн газар УИХ-ынхаа дээр сандайлчихаж
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улс газрын хэвлийн баялгаараа дэлхийд дээгүүрт орно. Гэвч гурван сая хүрэхгүй Монгол түмний олонх ядуу амьдарч байна. Сайхан амьдрах цаг хэзээ ирэх бол?
-Неолиберализм буюу үндэстэн дамнасан корпорациудын тэжээсэн монгол хүүхдүүд Монголын улс төрд гаарч байгаа. Тэр хүмүүсийг хамжааргатай байлгаж Монголын ард иргэдийн төлөө сайн, сайхан шийдвэр гаргадаг болох сайхан цаг ирнэ. Түүний төлөө зүгээр хараад суумааргүй байна. Миний боловсруулж ярьдаг Оюутолгойгоор яагаад монголчуудыг луйвардав. Эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг ард түмэн яаж мэддэг болох вэ зэрэг ярьж байгааг маань ард түмэн хоорондоо ярьж дэмжих аваас сайхан цаг ойрхон ирнэ гэдэгт итгэж байна. Ард иргэд ухаалаг байх хэрэгтэй. Өнөөдрийн энэ тааруу улстөрчид УИХ, Засгийн газарт юу дуртайгаа хийж, үндэстэн дамнасан корпорациудад үйлчилж байгаа явдлыг зогсоохын тулд сонгогчид сонгосон, итгэл хүлээлгэсэн гишүүддээ хамжааргатай, хариуцлага тооцож ажилладаг байгаасай гэж хүсч байна. Энэ бол Монгол орныг сайхан болгох үндэс.
-Өмнө нь таны яриад байсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл юу болсон бэ. Намрын чуулганаар хэлэлцүүлэх үү?
-Намрын чуулганаар оруулна гэж бодож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын хуульд нэлээд онцгой анхаарч байна. Бид энд хийх юм их бий. Сэтгэлээсээ энэ олон асуудлуудыг барьж авах улстөрчид цөөхөн байна. Үүнд санаа зовж байна.
-Энэ парламентад ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй цөөн тооны гишүүн байдаг гэдэг. Тэгэхээр та яаж тэмцье гэж бодож байна?
-Нэг ч хүн ярьдаггүй парламент байвал бүр аюултай. Ямар ч байсан ярьдаг. Би ганцаарддаггүй. Яагаад гэвэл Монголын ард түмэн надтай хамт байгаа гэдэгт итгэдэг. Энэ асуудлыг ойлгож, энэ талаараа иргэддээ ойлголт, мэдээлэл өгч, мэдэрч ярьж байна гэдэг бол сайхан цаг ирэхийн дохио.
-Ард түмний амьдрал хүнд, эдийн засаг хямралтай байна гээд шүүмжлэх зүйл олон. Чухам ийм хүнд байгаагийн шалтгаан юу юм бэ?
-Ард иргэдийн олонхийн төлөөх шийдвэрүүдийн урдуур бүлэглэлийн шийдвэр дэндүү олон гарч ирлээ. Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр сандайлчихсан, Засгийн газрынхаа толгой дээр Ардчилсан нам, Алтангадас нь гарчихсан байна. Өөрөөр хэлбэл, бүлэглэл, фракц, олигархиудын эрх ашиг Монгол оронд дэнүү гаарч байна. Үүнээс болж ийм байдал үүсч байгаа. Жирийн иргэдийн төлөөх шийдвэрүүд дандаа хаягдаж байна. Неолиберализм гэж 24 жилийн өмнө дэлхийн банк, валютын сан орж ирэхдээ энэ муухай хортой эдийн засаг, нийгмийн загварыг Монголд тулгаж хэрэгжүүлж байгаагийн гай.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: