Хорвоо аялгуу (өгүүллэг)

whiteeomen9893649462013-01-19-01-41[www.urlag.mn]Хүүхэд нас нь ямархан аялгуун дунд өнгөрснөөс хүний ирээдүй ихээхэн шалтгаалдаг гэж үздэг үзэл ХХ зуунд дэлгэрээд одоо олон хүн итгэж сүслэх болжээ. Үнэндээ Ганболдын Баярын шүлгүүдийг уншсан хэнд ч ийм бодол юуны түрүүнд төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь түүний шүлгүүд дундуур нэг тийм гэгээн аялгуу эгшиглээд байгаа юм. Миний төсөөлснөөр тэр аялгуу цэв цэнхэр өнгөтэй, агшин зуур алган дээр буугаад нисэн одсон эрвээхэйн далавчнаас үүссэн салхины сэвшээтэй, агшин зуур уулс зүүрмэглээд сочин сэрэхдээ алдаж унагаасан чулуудын нүргээнтэй, гол усны цовоо цолгиун хоржигноон дундуур, галд цучил үсчин шатаж чад пад хийх чимээтэй. Бүсгүй хүний үнэр, эр хүний гуниг, оддын цаг хугацааг айлган ирмэх, моддын цаг хугацаанд бөхийн намилзах АЯЛГУУГ бэлхнээ чагнаж болно. Харин тэр бүгдийг сэтгэлдээ НООТЛОЖ, тэгээд аялгуунд шүтэж шүлэг бичдэг нь энэ яруу найрагчийн онцлог гэж үзэхэд хүргэнэ. Тэгвэл энэ онцлог хаанаас эхтэй вэ? Маш товчхондоо гэгээн сайхан, амар амгалан, хөдөөх ахуй дунд өнгөрүүлсэн ХҮҮХЭД НАСНААС. Ургуулан хөөж бодвол Г.Баярын хүүхэд нас түүнийг яруу найрагч болгосон юм. Аливаа бүгдийн дотоод аялгууг сонсох гэсэн ХҮСЭЛ хэзээ төрсөн, тэр цагаас ХОРВОО-АЯЛГУУ юм гэдгийг яруу найрагч анзаарсан байх. Хомер ч юм уу? эсвэл Данзангийн Нямсүрэнгийн, ер нь бүх яруу найрагчдын дотор ЯРУУ НАЙРАГ-тай холбогдсон асар том шалтгаан бий гэж би үздэг. Зарим нэг нь хайр сэтгэлийн хагацал гунигаас яруу найргийг олж харсан бол, зарим нь гайхан уулга алдсан бишрэл, түүнээс үүссэн дуурайлал дотроос яруу найргийг анхлан олж анзаарсан байдаг. Блок ганцаардлаа ялан дийлэх гэсэн хүслээс, Есенин харин эсрэгээрээ ганцаардах гэсэн хүслээс, үгүй бол Басё цөөрөм, мэлхий энэ тэр, Уйтмен байгаа үнэнийг хайр найргүй бичих гэсэн зоригоос яруу найргийн олж харсан байдаг шиг Г.Баяр хүүхэд насныхаа гэгээн аялгуутай өдөр хоногууд дотроос яруу найргийг анх олж хараад харин ихээ хожим түүнтэй амрагласан санагдана. Тэгээд ч яруу найрагт олон жилийн цөхрөлтгүй эрэл хайгуулын үр гэхээсээ илүү хоромхон зуурын сэрэхүй чухал байдаг шүү?
Өвсний үндэс, загасны нүд болох тэр цаг хугацаанд
Охидын хөхний товчноос дуслах усны чимээг
Хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ. . .?
Си Мрмажор. . . /Г.Баяр “Азиза” /2011/ гэсэн шүлгээс л тэр л сэрэхүйг мэдэрч болно. Бас өнөөх АЯЛГУУГ сонсоно. Гарсиа Лоркагийн шүлгүүдийг хамгийн “хөгжимлөг” хэмээн тодорхойлдогтой адил “хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ?”,” Моддын үг гэсэн нэртэй симфони удиртгалаа тоглож эхэлнэ”,” Ер бусын хөгжимлөг шүлэг бичэн, шилэн лонхонд хийгээд далайн чанадад илгээдэг” зэрэг олон олон хөгжимлөг илэрхийллүүд түүний шүлгүүдийн мөн чанарыг илүүтэй тодотгож өгнө. Хэдхэн сарын өмнө “Нэн шинэ үеийн яруу найраг”/2010/ түүвэрт орсон түүний шүлгүүдийг “Хүн гэдэг амьтан урам, сэтгэл хоёроор дутаж яваа цаг үе дээ. Өмнө нь энэ хоёроор нэг их бялхаж, цалгиж байсан нь юу л бол. Гэхдээ эдүгээ энэ цаг шиг тэгтлээ ангаж цангаж байсан гэдэгт эргэлзнэм. Урмаар хүнийг тэтгэх тухай Монголчууд зүгээр ч нэг хэлээгүй, цаана нь амьдралын нарийн ажиглалт байсан биз. Харин сэтгэлийн тухайд бол “Монголчуудын сэтгэлийн тухай номлол” нэртэй гүн ухааны хэдэн боть ном гаргачихаар өв уламжлал бий. Яагаад гэнэт урам, сэтгэл хоёрын тухай яриад эхэлснийг ихэнх тань гадарлаж буйд итгэнэм. Ганболдын Баяр хэмээх залуугийн амьдралын тухай нэгэн шавиасаа сонсоод би “Дөрвөн нүдтэй дэлхий” /2009/ номыг нь анхааралтай уншсан юм. Тэгээд урам, сэтгэл хоёрыг харамгүй зориулмаар санагдаж энэхүү товчхон үгийг бичсэн билээ. Авьяасыг бурхан тэнгэр хишиг буян гэж үзвэл Баярт “муугүй “хишиг” байна. Шүлгүүдийг нь уншихад тэр хишиг аяндаа л мэдрэгдэнэ. Ойрмогхон бичсэн бололтой шүлгүүд нь түүнийг ямар их өөрчлөгдөж, яруу найрагчийн хувьд хэрхэн өсөж байгааг нь илтгэнэ. Мөн авъяасыг далдын хүч, шидэт ертөнцийн бэлэг гэж үзвэл Баярт “бэлэг” ч байна, “хүч” ч байна. Энэ бүгдийгээ жаахан тордвол манай ирээдүй нь яруу найрагт түүний нэгэн саглагар “мод” бусдыгаа сүүдрээрээ дарах биз, ээ.”/Нэн шинэ үеийн яруу найраг” 2010, 159/ хэмээн томоор тодорхойлсон минь алдаагүй болохыг энэ шинээр хэвлэгдэн гарч буй “АЗИЗА” /2011/ хэмээх ном батлаж байна. Магадгүй тэр үед энэ яруу найрагчийн шүлгүүдээс “аялгууг” тэгтлээ анзаарсангүй. Анзаарсан бол энэ шүлгийг заавал онцлон нэрлэх байлаа.

Голын инээд хийлийн чичирэнгэ аялгуу
Хийлийн чичирэнгэ аялгуу голын инээд
Голын урсгалд миний шүлгийн дэвтэр бий
Миний шүлгийн дэвтэрт голын урсгал бий /Г.Баяр”Азиза” /2011/ гэсэн дөрвөн мөр шүлгээс л өнөөх хүүхэд насны аялгуут өдөр хоногуудын ухаарал, гүн бодол, дурсамж урган цогцолж байна. Голын урсгал үнэхээр Баярын шүлгийн дэвтэр мөн бөгөөд шүлгүүд нь ч голын урсгал шиг аялгуутай билээ.

Голын урсгал түүнд инээд мэт сонсогдох, өөрийнх нь олж тэмтэрсэн аялгуу зөвхөн хийл хөгжмийн эгшгээр дамжин түүний оюуны санааны үүрэнд ӨНДӨГЛӨНӨ. Тиймээс олон шүлгэнд нь ХИЙЛ, СИМФОНИ гэдэг хоёр үг маш чухал орон зайг эзэлнэ. Тэрхүү орон зайд хэн нэгэнд элсний ширхэгээр дурлахыг хүссэн биелшгүй санагдах өвөрмөц мэдрэмжүүдээс эхлээд саарал цув, тогоруу шувуудын гурр гурр дуугарах, усны гүнд эрдэний чулуу шиг гэрэлтэх загас сүүлээрээ чулуу ташихыг хийлийн аялгуу болгон сонсож, цох хорхой хүртэл симфони зохиохыг анхааран чагнан суугч БАЙГАЛИАС хэний ч олж сонсоогүй далд аялгууны урсгалыг бие сэтгэл, ухаан бодол дундуураа урсгахыг хүсэн тэмүүлнэ. Үнэндээ Г.Баярын сэтгэлийн орон зайг зөвхөн байгалиар хязгаарлах нь учир дутагдалтай.

Эх орон минь
Эх орон минь
Юуг чи тэгтлээ их бодно вэ?
Сар луу биш юмаа гэхэд над руу нэг хараач
Си өнгөн дээр бичигдсэн симфонийг минь сонсооч /Г.Баяр ”Азиза” 2011/ хэмээсэн эх орны тухай шүлэг хүртэл бийг дурьдах нь зөв юм. Эх орон өөрөө яруу найрагчдын ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ЭРХЭМ ДЭЭД ЗҮЙЛТЭЙ ГҮН ГҮНЗГИЙ холбогддог учраас си өнгөн дээр бичигдсэн симфоноо сонсгохыг хүссэн хүсэл нь юу юунаас ч илүү магадгүй эрх чөлөөнөөс ч эрхэм нандин байна. Энд л аялгууг зөвхөн ганц өнгөөр олж сонсож болмооргүй санагдана. Хэтэрхий олон өнгө түүний дотор энергийн хүчтэй урсгалаар эрэмблэгдэн буй мэт сэтгэгдэл эрхгүй төрнө. Харин өөр бусдаар /бусад гэдэгт сав хийгээд шим ертөнцийн бүхий л юмс үзэгдэл багтаж буйг болгооно уу?/ дамжуулан АЯЛГУУГ илэрхийлэхдээ” өөрийнхөө өнгө төрхийг олох, өөрийн дуу хоолойг сонсгох гэсэн эрмэлзэл нэвт шингэсэн байна. Санаа яагаад давтагддаг вэ? Зарим уран сайхны бүтээлүүд бие биенээсээ дэндүү их хамааралтай байдаг учрыг олон зүйлтэй холбож болно. Хэдий оюун санааны боломж хязгааргүй мэт байвч тодорхой хязгаарт ямар амархан хүрдэгтэй холбоотой юм. Чухам яагаад санаа давтагдах үзэгдэл, биет дүрийн ижилсэлт зэргийг дурьдсаны учрыг түүний шүлгүүдээс бас анзаарахгүй байх аргагүй. Учир нь энэ бүхнийг яруу найрагт тийм сайн зүйл гэж үздэггүй. Энэ нь ердөө ижил АЯЛГУУ дахин дахин эгшиглэхээс зугатаах, өөр шинэ аялгуунд хүрэхийг Баярт хэлэх гээд байгаа санаатай юм. Харин аялгуун дотроос бидэнд ирүүлэх гоо сайхны ховор чухаг мэдээллүүдээ улам гүн, цараатай эгшиглүүлэхийг хүсэх байна.

ХОРВОО-үнэхээр тэр чигтээ АЯЛГУУ гэдгийг олж харсан тэр л өдөр, тэр л агшин тэр л хоромд насан туршдаа залбирч явна гэдэгт чинь огтоос эргэлздэггүй олон хүн чамайг тойрон буй. Тэдний дунд чиний энэ мэт шүлгүүдийг :

Цасны эрчим хүч моддын судлаар урсахад
Үхмэл саарал мөчир алимны өнгөөр улаа бутарч
Навч болон нь амь орохыг
Нойрон дунд гэнэт хагарсан өндөг гэж яаж хэлэх вэ. . .?
Си Мрмажор. . . /Г.Баяр “Азиза” 2011/ сонсон бишрэгч миний бие зогссор байх биз. Ямархан үйлийн эрхийг хэлж мэдэхгүй ч яруу найраг ямар ч тохиолдолд сайн үйлийн үр, ээ.

ЧАМТАЙ АДИЛ “ХОРВОО бүхэлдээ АЯЛГУУ” гэдэгт итгэдэг
ЧИНИЙ БАГШ ЗҮГЭЭР Л ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ


URL:

Сэтгэгдэл бичих