“Мухар сүсэг” ялж “Боловсрол” ялагдсан уу? №1: Нийгэм маш хүнд шийдлийн өмнө ирлээ

 286Монгол хүний амьдарч ажиллаж ирсэн цаашид бас амьдарч ажиллах энэ нийгэм өнөөдөр магад хамгийн эгзэгтэй ээдрээтэй үедээ ирсэн болов уу. Монгол хүмүүс мухар сүсэгт үнэмшиж толгойгоо эргүүлүүлж өмнөх амьдралаа үгүйсгэх үү эсвэл боловсролд итгэл үнэмшилээ өгч амьдралынхаа эх үндэс болгох уу?
Яагаад Монгол хүн боловсролд итгэл үнэмшилгүй болов? Үнэнийг хэлж зөвийг зааж сайныг сургах зорилготой боловсрол яагаад Монгол нутагт бүтэлгүйтэв?
Монгол хүнийхээр бол боловсрол мухар сүсэгт ялагджээ гэмээр.

 

Харин хүн төрөлхтөний боловсрол мухар сүсэгт ч ялагдаагүй шашинд ялагдаагүй. Яагаад гэвэл боловсрол мэдлэг ба ёс суртахуун гэсэн хоёр чухал ойлголтыг тээж явдаг. Боловсрол бол шашины ч мухар сүсгийн ч дээр. Боловсрол шашиныг хязгаарладаг. Яагаад гэвэл шашинд мэдлэг байхгүй тул танин мэдэхүй гэж байхгүй. Харин шашин мухар сүсгийг устгах үүрэгтэй. Яагаад гэвэл мухар сүсэгт ёс суртахуун байхгүй.
Монгол хүн өнөөдөр яагаад боловсролд итгэл үнэмшилгүй болсон шалтгаан гэвэл нэрлэх эзэнтэй бас буух газартай. 90-ээд онд олон зуун багш нарыг ажлаас чөлөөлж сургуулиудыг боловсролоос хөндийрүүлж эрэлт нийлүүлэлтийн газар болгосон. Ингэж үр хүүхдээ зах зээлийн тамд хаяасан шүү дээ. Түүний хажуугаар их сургуулиуд худлаа доктор багш профессоруудыг олон араваар үйлдвэрлэж эхэлсэн. Ингээд л боловсрол мэдлэггүй ёс суртахуунгүй хүмүсээр дүүрч мухар сүсэгийн хоол болсон.
Хүн төрөлхтөний үнэн мэдлэгийг нийгэмд түгээх үүрэгтэй ШУА төсөл бичиж мөнгө хийдэг байгууллага болсон. Эрдэмтэн гэсэн худлаа үг бол мэдлэг гэсэн үгийг устгасан. Мэдлэггүй бол боловсролгүй. Зөвхөн эрдэм улс орон хөгжихөд хангалтгүй. Мэдлэг хэрэгтэй. Эрдэм бол ёс суртахууны сэдэв. Мэдлэг эрдэм хоёр нийлж байж л боловсрол болно.
ШУА болон МУИС гэх байгуулагуудын түүхч, зохиолч, соёл уламжлал судлаач, яруу найрагч гээд олон хүмүүс мухар сүсэгийн эзэд болцгоож тэдэн дээр нэмэгдэн гадаад дотоодын шашин сүм хийдийн байгууллагууд нийлцгээсэн. Тэд хүний ёсыг биш мухар сүсэг тарааж ид шидээр мунхруулж ер бусын эзэд цаанаасаа зураг төөрөг гэж нийт нийгмийг багш нэртэй профессор бас лам нэртэй ашиг хонжооч хоёр мухар сүсгийн үүр болгожээ.
Мухар сүсгийг тэжээгч нөгөө араг билиг, аура, энерги, бясалгал нийлээд ирэхээрээ боловсрол ялагдалгүй яах вэ дээ. Үүн дээр төрийн ордны доор гал түлж уулын оройд хадаг хийсгэсэн улстөрчид нэмэгдэхээр ёстой Монгол хүн хаашаа очих вэ дээ. Тиймээс эцсийн очих газар бол Ёс Зүйн Цэц л байх ёстой.
Монгол хүнийг мухар сүсэгчид эд бараа болгож эхэлсэн сүүлийн 20 гаруй жилд Үндсэн хуулийн цэц хийх ажлаа хийж хүний эрх чөлөөг хамгаалсангүй. Төрийн гэгдэх хүмүүс залилангийн аргаар хүмүүсийн мөнгийг бүлэглэн авч буй этгээдүүдийг улам өөгшүүлж тэдний заримд төрийн цол шагнал хүртэл өгсөн явдал бол боловсролыг ялагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Монгол хүн өнөөдөр мухар сүсэг сонгох уу эсвэл боловсрол сонгох уу гэсэн асуултыг иргэд биш Үндсэн хууль хариулах ёстой. Хэрвээ Үндсэн хуулийн цэц мухар сүсгийг боловсролтой ижил түвшинд аваачин эрэлт хэргцээ нэрийн дор үнэн харьцангуй эсвэл боловсрол заавал хэрэгтэй юу гэсэн эргэлзээтэй хариулт өгвөл их дээд сургуулиудыг болон арван жилийн сургуулиудын хэрэг байна уу?
Үндсэн хуулийн цэц Монгол хүнийг хоёр боломжийн өмнө арай аваачиж тавихгүй биздээ. Боловсрол гэсэн ганцхан шийдлийг арай эвдэхгүй биздээ. Үндсэн хуулийн цэц Монгол хүмүүст боловрол мэдлэг рүү өөрийгө зоригтой нээж хүн дүр төрхтэй болоход туслаж дэмжих учиртай болохоос иргэдийг мухар сүсэгт доромжлуулан хөсөр хаях ёсгүй.
Бид ийм л хэмжээнд очсон байна шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц юу хийнэ вэ? Ёс суртахуун хэрэггүй юу? 100 гаруй жилийн өмнө Монгол хүн мухар сүсэгээс салж боловсролыг сонгосон. Гэтэл өнөөдөр?
Мэдээж өнөөдөр боловсролыг доромжилж хүмүүс цаанаа эзэнтэй нэртэй хүмүүстэй хамаатай. ШУА-аас авахуулаад их дээд сургуулиуд хүртэлх мэдлэгийн байгууллагууд боловсрол гэдэг зүйлийг нийт нийгэмд хүргэж чадсангүй. Худлаа доктор бас худлаа профессорууд мухар сүсэгтэнүүдэд боломж өгсөн. Яагаад гэвэл тэд өөрсдөө боловсролын амтыг хүртээгүй хүмүүс. Мухар сүсэгтэн доктор худлаа ярьж байхад би яасан ч яах вэ дээ гэж мөнгө хийж буй төрийн бус нэртэй байгууллагууллага ашигтай ажиллахгүй яах вэ дээ. Энэ бол ШУА болон МУИС гэх мэт мэдлэг үйлдвэрлэж мэдлэг тараах ёстой байгууллагуудын алдаатай буруу үйл ажиллагаануудын баталгаа.
Эрэлт байхад нийлүүлэлт байлгүй яах вэ гэсэн хүнийг эд бараа болгож буй бол Үндсэн хуулийн хүн эрхэм үнэт зүйл гэсэн ойлголтыг зөрчиж хүнийг бараа шиг амьгүй хоосон махбодь болгож буйн илрэл. Үнэт хүнийг ингэж ч хүйтэн цэвдэгээр ашиглах гэж байх уу? Үндсэн хуулиар бол нийгмийн эрх ашгийг хувийн эрх ашгийн өмнүүр тавих ёстой биш билүү? Ямар ч хууль нийгмийн үнэт зүйлийг хамгаалахын төлөө хийгддэг гэж олон улсын хууль эрхийн онолд заасан байдаг.
Нийгмийн өвчин болсон энэ хар тахалд нэрвэгдсэн ээж аавууд мухар сүсэгтэж залуу үеийг эрх чөлөөгүй болгож буй бол Монголчуудын өнөө л хүний эрх миний эрх чөлөө гэж ташаа ойлгож буруу хэрэглэж яасан ч яадгийн хэн ч намайг яах ч үгүй гэсэн ёс суртахууны гүн доройтолын баталгаа. Хэн яаж ч болохгүй хэзээ ч дураараа аашилж болохгүй гэж хэлж хуулиар шийтгэх ёстой Үндсэн хуулийн цэц ёс суртахууны цэцийн ажил яагаад хийхгүй байна вэ? Монгол хүмүүст Ёс Зүйн Цэц хэрэгтэй болчихоод байна.
Мэдээж сүсэг бишрэл бол хувийн хэрэг. Харин өөрийнхөө сүсэг бишрэлийг бусдад тулгаж, сурталчилж, бүлэглэн бусдыг мухар сүсэгт дуудаж хохироож, оюуны гэмтэлд оруулж цаашлаад биеийн осол гэмтэл учруулбал яагаад ч эрэлт нийлүүлэт эсвэл хувь хүний эрх чөлөө ярих болохгүй. Банкинд мөнгөө хадгалуулаад алдсан хүн хохиролоо төлүүлдэг. Тэгвэл оюуны гэмтэл учруулсан мухар сүсэгтэнгүүдэд шийтгэл байх л ёстой. Хуулийн байгууллага шийтгэхгүй гэхэд Ёс Зүйн Цэц шийтгэх ёстой.
Ёс Зүйн Цэц хүмүүсийн заль мэх, амбиц, шунал, гайхуулж онгирох, хувиа хичээх, нэр төр хөөцөлдөж мөнгө төлөх гэх мэт хүмүүсийг шийтгэж хэвлэл мэдээлэлээр зарлах бол олон улсын наад захын хүн ёсны үйлдэл шүү дээ.
Дэлхийн ямар оронд нэг нэгнийгээ хожиж хохироож байгааг зөв гэдэг вэ? Дэлхийн ямар оронд зориуд худлаа ярьж буруу ойлголт тарааж байгаа хүмүүсийг магтаж сайшааж шагнадаг вэ? Дэлхийн ямар оронд зурагтаар өөрийгөө магтаж мэдэмхийрч хоосон үгээр хөөцөлддөг хүмүүсийг өдөөж өөгшүүлдэг вэ?
Өнөөдөр нийгэмд гарч буй ёс суртахууны зөрчилтэй алдаатай зүйлсийг өөрийн санаагаар шүүж хоорондоо хэрэлддэг уламжлалтай болоод 20 гаруй жил болж байна. Гэртээ хэрэлдэж гудамжинд нэг нэгнийгээ доромжилж залуу үе ерөөсөө хөгшин үетэй таарахгүй ойлголцохгүй гэсэн зүйр цэцэн үгийн шинжтэй төөрөгдөлүүд нийгмийг буруу чигт залж хэрэлдэх эсэргүүцэх мэдээжийн гэсэн хачин сонин ёс жаягтай болцгоожээ.
Мэдээж ийм эгзэгтэй үеийг Монгол хүн ухаж ойлгож түүнд үнэлэлт дүгнэлт өгөх тийм түүхэн нөхцөл өгөгдөх боломж байсангүй. Монгол хүн ердөө л 70 хүрэхгүй жилийн дотор хүн төрөлхтөний мэдлэг гэсэн байгууллагтай албан ёсоор танилцсан. Бүх боловсрол Өрнөдийн өөрөөр хэлбэл Европын орнуудаас ирсэн. Тиймээс өнөөдөр Монгол хүн мэдлэг боловсрол яривал Өрнөдийн оронууд руу явж бас Өрнөдөөс суралцах ёстой. Дорно нэртэй Түвд орноос юу ч сурахгүй.
Монгол хүнд нийгэм гэсэн ойлголт цаашлаад нийслэл хот гэдэг ойлголт байгаагүй явдал бол огт мэдэхгүй явсан зуу зуун жилийн түүх батална. Хэрвээ нийгэм болж хот болж амьдрах гэвэл хүн бүрт боловсрол хэрэгтэй.
Хүн боловсрол авч чадвал хүн болно. Хэрвээ боловсрол авч чадахгүй бол амьтанаараа үлдэнэ. Яагаад гэвэл хүн төрөхдөө хоосон сав шиг л ухаан хоосон төрдөг. Ухаантай болохын тул ухаан гэдэг савыг боловсролоор дүүргэхгүй гэхэд дунд хүртэл дүүргэвэл дунд боловсролтой болох жишээтэй.
Монгол хүн өнөөдөр мухар сүсэгээс салж боловсролд очихын тулд хүнд шийдлийн өмнө ирлээ. Энэ шийдэл эхлээд гэр бүл дотор явагдах учиртай. Ээж аав үр хүүхдийн хооронд, эмээ өвөө ач гучын хооронд үнэнийг тодорхойлох тэр шийдвэрлэх үе ирлээ. Хэний үнэн хэний зөв бэ? Мэдлэгийн үнэн бас ёс суртахууны зөв. Харьцангуй гэж байхгүй.
Хүн төрөлхтөний албан ёсны мэдлэгийн байгууллага бол нэгдүгээрт нийтлэг нэрлэгээгээр университэт харин орчуулсан нэрээр их сургууль. Хоёрдугаар том мэдлэгийн салбар бол сайэнс гэсэн нийтлэг үг харин орчуулгаар шинжлэх ухааны салбар. Энэ л хоёр газар мэдлэг гэдэг бүтээгдэж шалгагдаж тараагдаж хэрэглэгдэж улмаар үйлдвэр худалдаа үүсэж сурган хүмүүжил боловсрол зохиогдож иржээ.
Мухар сүсэг бол мэдлэг биш. Мухар сүсгийг халж хаян ард түмэнд эрх чөлөө тэгш эрх өгөх зорилготойгоор мэдлэг гэж зүйл анх 2500 гаад жилийн өмнө философийн салбарт үнэн мэдлэгийг тодорхойлсон. Энэ цагаас хойш хүн төрөлхтөн баталгаатай үнэн зүйлд л итгэнэ шүү харин ямар ч баталгаагүй хий хоосон тухайн хүний үнэмшилд итгэж найдах осолтой шүү гэж анхааруулсан. Тиймээс энэ л мэдлэг үүссэн цагаас эхлэн хүн төрөлхтөн Грекээс гаралтай академи гэсэн нэрнээс авахуулаад школа гэсэн байгууллагуудыг байгуулсан.
Академи гэхээрээ өндөр баталгаатай мэдлэг ярих харин школа гэхээрээ мэдлэгийг зааж сургаж ойлгуулах зорилготой. Монголчууд академи гэсэн үгийг өнөөдөр дэндүү буруу хэрэглэж мэдлэгийн биш мухар сүсгийн байгууллагуудын мэдэлд өгчээ. Энэ үг үнэ цэнээ алджээ. Харин школа гэсэн эртний зааж сургах гэсэн үгийг сургууль гэсэн үгээр орлуулсан хэдий ч бас л хувийн нэртэй сургуулиуд үүссэн тул нийтийн буюу нийгмийн тусын тулд үйлчлэх тэр зорилго алдагдсан. Хувийн боловсрол биш нийтийн боловсрол хэрэгтэй.
Өнөөдөр Монгол хүн бага дунд сургууль, их дээд сургууль, шинжлэх ухаан, академи, философи гээд л хүн төрөлхтөний танин мэдэхүйн үүрэг даалгавартай баталгаатай үнэн мэдлэгийн салбаруудаа хөсөр хаяж үнэ цэнэ хариуцлага болон ёс суртахууныг устгаж хаясан тул мухар сүсэгт нийт олноороо нэрвэгдэж өнөөдөр гарц хайсан хүмүүс л болжээ. Энд би хэзээ ч хэтрүүлэн болгоомжлуулж хэн нэг хүний эсрэг бичээгүй харин нэгдүгээрт анхааруулж байна хоёрдугаарт хэн нэг хүний нэрийг бол хэлэхээс өөр замгүй. Юм эзэнтэй.
Би яагаад энд болгоомжлуулаагүй харин анхааруулж буй вэ гэхээр би төрийн хүн биш. Би зөвхөн л гэртээ суугаад ном бичиж МУИС болон СУИС гэсэн сургуулиуд лекц унших хүнгүй болчихлоо гэхээр очиж хэдэн оюутануудад хүн төрөлхтөний мэдлэгийн оргил сэдвүүдийг зааж сургаж түүндээ баярлаж баясаж явдаг философич хүн. Аливаа нийгэм ард түмэнд мянга мянган жилийн өмнөөс философич хүн үгээ хэлж сургаж зааж анхааруулж ирсэн. Тэр хүмүүсийн хийж бүтээсэн зүйлийг би гэртээ ч гадаа ч сонингоор ч зурагтаар ч хэлэх л болно. Хэрвээ хэн нэг хүн ард түмний тархийг мунхруулж нүдний өмнө хүн гэдэг хүчин зүйлийг доромжилж мөнгөтэй болгоно гэж залилан мэхлэж мөнгө хийж баяжиж байвал тэр хүний нэрийг нэг удаа ч биш дахин давтан хэлж анхааруулах болно.
Би энд яагаад өөрийгөө төрийн хүн биш тул болгоомжлуулаагүй вэ гэхээр төрөөс би цалин аваад үүрэг хүлээгээд явж байгаа хүн биш болохоор төрийн өмнүүр орж би хэзээ ч ажиллахгүй. Би ердөө л хүн төрөлхтөний танин мэдэхүйг тээж явдаг философич хүнийхээ ёс суртахуун хүмүүжилийг барин хэлэх үгээ хэлдэг бичих гэсэн зүйлээ бичдэг хүн. Философич хүмүүс хэлж бичиж хичээж зүтгэсээр яваад өнөөдөр төр гэдэг зүйлийн онолыг бүтээсэн. Тиймээс Монгол хүн төрийн тухай ярих гэвэл философийн л сэдэв ярина гэсэн үг.
Ерөөсөө философич хүмүүс л Үндсэн хууль гэсэн ойлголт цаашлаад ардчилал, эрх чөлөө, тэгш эрх гэсэн ойлголтууд бүтээсэн болохоос өөр хэн ч энэ бүгдийг хийж бүтээсэн бишдээ. Хүн төрөлхтөний бүх мэдлэг анх философоос гаралтай. Философич хүн л анх мэдэх гэж хүссэн. Ингэхдээ үнэнийг мэдэх гэсэн. Ингэж философоос үүсэж гарсан мэдлэгүүд цааш нарийсан мэргэжил болон хувирч өнөөдөр бид тэднийг физик хими математик эсвэл нийгэм судлал сэтгэл судлал цаашлаад урлаг соёл судлал гэж л нэрлэцгээх болсон шүү дээ. Энэ бол мэдлэгийн түүх.
Тэгвэл Монгол хүн дэлхийн мэдлэгийн түүхтэй хэзээ танилцав. Өөрөөр хэлбэл Монгол хүнд мухар сүсэгээс салах боломж хэдийд олдсон бэ?
Социализмын үед л хүн төрөлхтөний бүтээсэн арван жилийн сургуулиас авахуулаад их дээд сургууль шинжлэх ухааны хүрээлэнгээс эхлээд шинжлэх ухааны академи хүртэл номын сангаас авахуулаад гэрийн номын тавиур хүртэл энэ бүгдтэй ердөө л нэг хүний амьдрах насны хугацаанд Монгол хүн танилцлаа шүү дээ.
Монгол хүн богинохон хугацаанд суралцах шаардлага гарсан явдал бидний буруу биш түүхэн үйл явц. Бидэнд хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой эрт танилцах боломж олдсонгүй. Тиймээс Монгол хүн саяхан хүртэл өөрөөр хэлбэл социализмын үед мэдлэг орж ирэх хүртэл мухар сүсгээр амьдарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Монгол хүнийг мухар сүсэг гэдэг зэвсэгээр тогтоож олон зуун жил болсон Түвд болон Манж хүмүүсийн баримт хүртэл бий шүү дээ.
Хөгжилгүй үед мухар сүсэг хэрэгтэй. Харин хөгжсөн оронд мухар сүсэг саадтай. Өнөөдөр хөгжиж урагшлах гэж буй Монгол хүмүүст мухар сүсэг бүр гэмтэй болжээ. Ерөөсөө өнөөдөр мухар сүсэг гэмт хэргийн шинжтэй болсон тул би энэ бүгдийг анхааруулан бичиж сууна.
Би бол яах вэ? Нэг л удаа амьдраад өнгөрөх Монгол хүн. Харин энэ улс орон цааш амьдарна. Тэр цааш амьдрах ирээдүйд мэдлэг боловсрол юунаас ч илүү үнэтэй. Мэдлэг боловсролгүй явна гэдэг бусдын тоглоом болно гэсэн үг. Гэхдээ бүх хүн өндөр мэдлэг боловсролтой болох албагүй. Гагцхүү нийт олныг анхааруулж явдаг өндөр мэдлэгтэй хүмүүс бол хэрэгтэй. Тэд нийгмийг авч явдаг. Ийм хүмүүсийг сэхээтэн гэж нэрлэдэг. Мэдээж энэ сайхан ойлголт өнөөдөр бас л мухар сүсгээр дүүрчдээ.
Яагаад би энд мухар сүсэг ялах уу эсвэл мэдлэг ялах уу гэж асууна вэ? Яагаад гэвэл энэ асуулт өнөөдөр хүртэл бидний амьдарч ирсэн амьдралын түүхээс урган гарч ирсэн асуулт. Яагаад Монгол хүн өнөөдөр зурагт үзэхээс өөр ажилгүй болчихов? Яагаад хөдөлмөр гэж зүйл устав? Хийх ажилгүй тогтсон хөдөлмөргүй хүмүүс л амьдралд эргэлзэж хавь ойрынхоныгоо шаналгааж хэрүүл үүсгэж бухимдаж улстөр нэртэй солиорол өдөөж байгаа учраас л мухар сүсэгтэнгүүд яг л муу цаг ирэхээр лам нохой хоёр баярладаг гээчийн үлгэр болж буй биш үү?
Боловсрол өнөөдөр бас шийдлийн өмнө иржээ. Боловсрол мухар сүсгийн өмнө бууж өгөх үү? Монгол хүн тэгээд хүн төрөлхтөний мэдлэг боловсролоос зугатан хорогдож дөрвөн мөрт зүйр цэцэн үг хэлж амиа зогоох уу? Эсвэл хүнд хэцүү төвөгтэй мэдлэг боловсролыг барин авч өөрийнгөө бүтээж өөрийнхөө эзэн болох уу? Яагаад Монгол хүн өөрийгөө бүтээхгүй хүний бүтээл болно вэ? Яагаад Монгол хүн талын нүүдэлчин гэж өөрсдийнхөө буруу алдааг хоосон үгээр булзайруулна вэ?
Эцсийн эцэст ШУА болон МУИС гэх мэт төрийн байгууллагууд мэдлэг боловсролыг хамгаалж цааш цэцэглүүлж чадахгүй бол ийм байгуулагууд байх хэрэг байна уу? Зүгээр мэргэжлийн сургуулиуд болж нэрээ өөрчлөөд одоо үнэнийг хэлдэг газар биш шүү гээд зарлах хэрэгтэй бус уу?
Социализмын үед ёс суртахуун, ёс зүй нэрээр олон улсын практикийг авч хэрэгжүүлж байсан хэдий ч ардчилал нэрийн дор хүн төрөлхтөний үнэлдэг үнэт зүйл болох сахилга бат, дэг журам, мэндлэх хүндлэх ёс, бусдыг хүлээн зөвшөөрөх тэр ёс алдагдсан. Үүнийг одоо дахин сэргээлээ гээд социализмын үлдэгдэлийг сэргээж буй биш харин олон улсын практик ёс суртахууныг хэрэгжүүлж буй. Монгол хүн Америкт ч Европт ч эсвэл Япон Солонгос гээд Азийн орнуудад ч тэндхийн ёс суртахууны болон ёс зүйн дүрмүүдийг сайн ягштал дагадаг мөртлөө яахаараа Монгол нутагтаа гэртээ ирэхээр зэрлэг болдог билээ?
Ялангуяа Америкт суралцаад ирлээ эсвэл Германд магистер болоод ирлээ эсвэл Японд доктор болоод ирлээ гэсэн хүмүүс эх орондоо ирэхээрээ шууд л ёс зүй алдаж бүдүүлэгтэж юм сурсан шинжгүй байдагийн шалтгаан юу вэ? Тэр орнуудын ёс суртахууны дүрэмүүдийг ягштал бариад болсон бол нутагтаа яагаад үлгэрлэж сурталчилж хүний ёсны амьдрал үүсэх тэр боломжинд тус нэмэр болохгүй байна вэ? Энэ удаад би Америк, Герман болон Японд төгсөөд ирсэн гэсэн ёс суртахуунгүй залуучуудын нэрийг дурьдсангүй. Дараагийн удаа би нэр дуудаж хэлэхээс ухрахгүй. Нийт нийгмийн төлөө ганц хоёр хүний нэр гарч нүүр улайх юу ч биш.
Боловсрол гэдэг зөвхөн математикийн мэргэжил эсвэл хэлний мэргэжил биш. Боловсрол гэдэг өөрөө өөрийгөө таних. Өөрийгөө танихад хэн хэрэгтэй вэ гэвэл бас л өөрийгөө танисан хүн хэрэгтэй. Тиймээс хэн гэдэг боловсролтой хүн хэнийг боловсруулна вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Хэн гэдэг мэдлэгтэй хүн хэнд хэрхэн мэдлэг өгч байна вэ?
Энэ асуултуудад бид хариулж чадахгүй яагаад гэвэл худлаа докторын цол хөөцөлдөж худлаа профессор болж цалин хөөцөлдөж яваа энэ хүмүүс яаж мэдлэгтэй байх вэ дээ. Худлаа бас буруу номууд худлаа хүмүүс бичнэ бас худлаа орчуулна. Ийм байхад мухар сүсэгтэнгүүд чоно борооноор муу хүн түйвээнээр гэгчээр дураараа дургих юу ч биш биздээ.
Үнэнийг хэлэх тэр ШУА болон МУИС гэх мэт газарууд ямар ч чадваргүй болж хүн төрөлхтөний мэдлэгийг дамжуулах чадваргүй болсон тул нийт нийгэм үнэн гэж байхгүй гэсэн ойлголттой болжээ. Гэтэл интернэт гэж үнэн мэдлэгээс гаралтай шүү дээ бас гар утас гэж үнэн мэдлэгээс гаралтай шүү дээ. Үндсэн хууль гэж философоос гаралтай үнэн шүү дээ. Ардчилал гэж үнэн бас л философоос гаралтай. Энэ бүгдийг харьцангуй эсвэл хувийн санаа гэх үү?
Хүн төрөхөд булчин шөрмөс өгөдсөн болохоос ухаан өгөгдөхгүй гэдэгт л учир байгаа шүү дээ. Энэ өгөгдөөгүй ухааныг тэгээд хэрхэн тээж хэрхэн хэрэглэх вэ? Боловсролгүй ухааныг хэрэглэвэл юу болох вэ? Хээр талд болдог л биз тэгвэл Улаанбаатар хотод болохгүй шүү дээ. Улаанбаатар хот бол хөдөө тал эсвэл сүм хийдийн цуглуулга биш. Улаанбаатар хот бол соёл урлаг мэдлэг боловсролын төв байх ёстой.
Монгол хүн хэрхэн бүтэн өөрөөр хэлбэл бүрэн хүн болох вэ? Тийм боломж бий юу? Өөрийгөө таниагүй ертөнцийг ойлгоогүй бурханыг буруу харж үхлийг хүлээн зөвшөөрөхгүй явна гэдэг ямар их төөрөгдөл вэ?
Боловсрол гэдэг зах зээл шиг эрэлт байвал нийлүүлэлт байна гэсэн ойлголт биш шүү дээ. Боловсрол бол Үндсэн хуулиар өгөгдсөн үүрэг байх ёстой. Боловсрол бол төрийн даалгавар байх ёстой. Үүний эсрэг бүх үйлдэл гэмт хэрэгт тооцогдох ёстой.
Мэдээж өнөөдөр сэхээтэн хүмүүс байхгүй бас соён гэгээрүүлэх хүн ч байхгүй тул сэхээтэний байгууллага ч байхгүй соён гэгээрэлийн байгууллага ч алга болжээ. Бүгд л уул уурхай руу чиглэн амьдарцгаана. Гадаадаас ирсэн хөрөнгөтнүүд ч дотоодын үйлдвэрлэсэн баячууд ч уул уурхай л ярина. Монгол хүний дүр төрхийг гадныхан ч дотныхон ч эвджээ.
Өнөөдөр Монгол хүн ямар дүр төрхтэй явна вэ? Төрөхийн л хэвээрээ юу эсвэл энэ хооронд боловсорч төрсөнөөсөө дээрдсэн үү?
Монгол хүн өнөөдөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нэгдүгээрт философийн асуудалд орсон. Ингэх цаг ч болсон. Болосврол ярих гэдэг мэдлэг болон ёс суртахуун ярина гэсэн ойлголт. Гэтэл мэдлэг танин мэдэхүйгээс гаралтай. Танин мэдэхүй философоос гаралтай. Ёс суртахуун ярина гэдэг ёс зүй ярина гэсэн ойлголт. Гэтэл ёс зүй философоос гаралтай.
Дэлхийд мухар сүсэг ялагдаж боловсрол ялж болоод байхад Монгол хүний амьдралд боловсрол ялах цаг ирэх л ёстой. Хэрвээ мухар сүсэг ялж боловсрол ялагдвал үр хүүхэд залуу үе ялагдана гэлтэй…

 

Доктор С.Молор-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих