Жирийн иргэдийг хөөж болдог ч баячуудын хаусыг буулгаж болохгүй

f9320625-ed65-4d0a-8e7e-593b2ac4287cТуулын хурдны зам хэмээх замын ажлын зураг төсөл хийгдэж байгаа. Энэхүү хурдны зам нь Улаанбаатар хотын зүүн, баруун хэсгийг холбох юм. Гэхдээ уг замын зураг төслийг хийх явцад нэлээд асуудал гарч байгаа гэнэ.

Түүний нэг нь сүүлийн үед хэвлэлийн болон цахим орчныхны яриа, жиргээний сэдэв болоод байгаа Туул голын гурван км газрыг замын трасст оруулсан явдал.

Учир юу гэхээр Туулын хурдны зам шууд тууш явах гэхээр “Ривер гарден” /River garden/ хэмээх баячуудын хороолол хөндөлдөөд байгаа аж. Тиймээс л гурван км газар тойруулахаар шийдэж байгаа юм байх. Үүнийг эсэргүүцэгчид тун олон байна.

Мөн зам тавих гэж айлын хаус нурааж байхаар завсар зай олоод бургасан дундуур сүлжсэн нь дээр хэмээх хүмүүс ч бас байна. Асуудлыг аваад үзэхээр энд шийдэж ядаад байх ч юм алга шиг.

Улс, хотын захиргааныхан нийгэмдээ ашиг тустай олонд хэрэгтэй зүйл хийхийн тулд нэг их ёсорхоод байдаггүй. Зам тавих, сургууль цэцэрлэг барих газрыг бол дор нь чөлөөлүүлээд л асуудлыг шийдчихдэг. Тэглээ гээд жирийн иргэд асуудал ярих нь ховор.

Гэтэл энэ удаа хурдны зам тавих гэсэн газрынх нь дунд энхрий хайрт баячуудын маань тансаг хаусууд тэс хөндөлдөж таарч. Тэгэхээр нь тэдний хотхоныг дайруулахгүйн тулд Туул голын бургасыг гурван км орчим газарт өм цөм тайран байж замаа шилжүүлж барих зураг төсөл хийж байгаа юм байна.

Эндээс Монголд баян хүний өмч л өмч жирийн иргэдийн өмч бол өмч биш болсон гэсэн ухагдахуун гарч ирж байна.

Уг нь Э.Бат-Үүл дарга тэргүүтэй нийслэлийн одоогийн удирдлагууд иргэдийнхээ газар, өмчийг тэрбумын үнэтэй болгоно гэж амалж байж олноороо сонгогдсон.

Гэтэл одоо болохоор баячуудынх тэрбумын үнэтэй жирийн иргэдийнх нь цөөн хэдэн төгрөгийн үнэтэй болж таарч байна.

Ийм ухагдахуун гарч ирснээр утаандаа хордож мөхөхөд хүрээд байгаа нийслэлийн уушиг болсон Туулын бургас гайндаа гарч таарах юм гэнэ. Тэгэхээр энэ ариун явдал мөн үү.

Бас тэр гарден гэгчид амьдардаг тав гурван баячууд тэр хаусгүйгээ л бол үхчих гээд байгаа хэрэг үү. Ийм л хөгийн байгаа юм. Энэ бас ардчилал уу. Хувийн өмч гэж жирийн иргэдийнх, баян хүнийх гэж тус тусдаа өөр байдгийг ийнхүү манай шийдвэр гаргагч дарга нар баталгаажуулж байгаа хэрэг үү.

Хурдны зам гэчихээд сүлжиж тахиралдан мурийсан байвал хурдтай явж болох юмуу. Энэ мэт баахан асуулт гарч ирж байна. Та юу гэж бодож байна.
Г.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих