Бензин шингэсэн гурилнаас болж хүүхдүүд хорджээ
Хичээлийн шинэ жил эхлээд сар орчим болж байгаа ч сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандах болсон. Мэргэжлийн хяналтын газраас тус газруудад хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.
-Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээрэмнэлэгт хандсан. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-2-3 насны 60 хүүхэд өнгөрсөн баасан гаригт гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлсэн. Өчигдөр өглөөний 11.00 цагийн байдлаар 12 хүүхэд эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад орсон. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй . Эмнэлэгт байгаа 13 хүүхдийн бие сайжирч байна.
-Тус цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийсэн гэсэн. Ямар зөрчил илрүүлсэн бэ?
-Цэцэрлэгийн 23-25-ны өдрийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасыг лабораторид шинжилж байна.Шинжилгээний дүн гартал цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа.
-Баян-Өлгий аймгийн Өлгий суманд мөн гэдэсний хурцхалдварт өвчнии шинж тэмдэг илэрсэн. Шалгалтын ажил дууссан уу?
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодист хордсоныг тогтоосон. Хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний төвийнхөн лабораторид хадгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12 дээжийг шинжилгээнд өгсөн.
Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн, бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Урьдчилсан байдлаар хүнс тээвэрлэж явсан хүнд даацын машин тэвшин дээрээ гурил машин хоёрыг зэрэгцүүлээд ачиж явсан юм билээ.
Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна.
С.Ичинхорлоо
Эх сурвалж: Монголын үнэн
URL: