Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал “Шантаажинд” оров уу?
Улаанбаатар хотноо 2007 оны 3 дугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал анх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан аж. Харин АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагуу уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн хэдий ч Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, заалтууд нэлээн байгаа нь асуудал үүсгэж байна.
Юуны түрүүнд, Монгол улсын Үндсэн хуулийн 20.1-д “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн 25.1.15-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах” онцгой бүрэн эрхийг УИХ-д олгосон байдаг. Мөн Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10-р зүйлд “Заавал соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана:
1/Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;
2/Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ; гэсэн байна.
Гэтэл энэхүү хэлэлцээрт 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрч, хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Энд үүсч буй асуудал нь, УИХ-ыг ганц байнгын хороо төлөөлөх бүрэн эрхтэй юу?, мөн 2013 онд гарын үсэг зурагдчихсан төслийг 2014 онд УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барьж байгаа нь хуулиар даган мөрдөх ёстой үйл ажиллагааны дэс дараалал алдагджээ гэж хэлж болохоор.
Хэлэлцээрийн 7.3 заалтыг авч үзье:
Эдгээр заалтуудын дагуу Монгол улс хэлэлцээр хийгч АНУ-ын өмнө өөрийн хууль тогтоомжоос гадна нэмэлт журам дүрмийг баталж мөрдөх, эсвэл өөрчлөлт оруулах үүрэг хүлээж байна. Үүний дагуу бол, ямар хууль, журамд ямар өөрчлөлт, нэмэлт оруулах саналаа Засгийн Газрын зүгээс УИХ-д хамтад нь танилцуулах ёстой аж.
Мөн манай орны шүүх эрх мэдэлд халдаж болохуйц заалтуудыг харъя:
Дараах заалтуудад манай улсын төрийн албан ёсны хэл болох монгол хэлийг үгүйсгэсэн мэт харагдаж байна.
Ингэснээр, “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн Үндсэн хуулийн 8-р заалтыг зөрчиж байна. Хэрэв энэ хэлэлцээр ийм байдлаар батлагдвал бусад улс орны зүгээс тухайн орны хэл дээр хуулиа гаргаж өгөх санал ч тавьж болзошгүй юм. Энэ мэтчилэн, маш олон зөрчилт заалтууд байсаар атал энэхүү хэлэлцээрийг манай орны хууль, дүрэм журмуудыг зөрчөөгүй байна хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үзэн, батлуулах гэж хичээгээд байгааг юу гэж ойлгох вэ?
Дашрамд дурдахад, саяхан АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхдээ, хоёр орны хооронд байгуулагдаж буй “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр” нь Монголын талд харьцангуй ашигтай, иймээс энэхүү хэлэлцээрийг батлах нь зүйтэй гэсэн агуулга бүхий зүйлс ярьсан нь бодит байдалд хэр нийцтэй эсэх, мөн уг хэлэлцээрийг хэлэлцэн батлахын өмнөхөн иймэрхүү лобби маягийн үйлдэл хийж байгааг бодолцох нь зүйтэй болов уу.
Дээр жишээ татсан заалтуудаас харахад л, энэхүү хэлэлцээрийг батлуулахгүй байх нь манай орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй гэж харагдахаар. Тэгээд ч Үндсэн хуулийн 11.1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” хэмээн заасан байдаг. Иймд төрийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нягтлан хянаж, зөв зүйтэйгээр шийдвэрлэх нь үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буйг илтгэх юм!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Non fa gran fortuna.