Алуурчны наманчлал (өгүүллэг)
Амьдрал чинь ингээд дуусаж байна. Өмнө нь минийх дуусаж байх шиг санагдаж байлаа. Санаж явсан бүхнээ санаж явсаар дууслаа. Мартсан дурсамжаа эргэн санаад ч нэмэргүй бүрмөсөн мартсан нь дээр. Хэнээс ч илүү гарсангүй. Зөвхөн, ганцхан гэдэг тэр юу болохыг мэдсэнгүй. Цаг тутамд аз жаргал өөрчлөгдсөөр ирсэн, өнгөрсөн. Хувь тавилан тогтворгүй. Амьдрал өөрөө зуурдын зүйл. Үүрдийн юм гэвэл зуурдын үнэн л байна. Оршуулгын газар л хэнийг ч ялгадаггүй онцгой энэрэнгүй орон юм.
Би түүнийг оршуулахаар авч явж байна. Энэ бол өөрт минь үлдсэн хүн чанар юм. Найз минь уг нь сайн хүн л дээ. Их залхуу нөхөр байсан юм. Дээр нь бас мөрөөдөмтгий гэж жигтэйхэн. Гэвч амьдралын тухай олон зүйлсийг тэр л надад хэлж өгсөн юм. Энэ бүхнийг би түүгээр заалгасан. Одоо харин би замыг нь зааж байна.
Би их муу санаатай хүн. Хэнд ч итгэдэггүй. Итгэж үзсэн л дээ. Ганц удаа итгэхэд минь гарцаагүй л хуурсан юм. Алиавааг найдвартай ч гэсэн шалгах л хэрэгтэй. Найз минь үхсэн ч итгэж болохгүй. Хиртэй хар хумсаараа түүний үрчгэр арьсыг байн, байн маажна. Тэр юу мэдэрч байгаа эсэхийг би мэдэхгүй. Тэр үхээгүй ч байж мэднэ. Гэвч би түүнийг гүн бат, ёслол төгөлдөр оршуулахаар авч явж байна. Түүний сул бие улам ихээр хүндэрч мөрийг минь чилээнэ. Хүнийг үгүй хийхэд амархан дараа нь л хэцүү байдаг юм байна. Хүмүүсийн яриад байдаг хүн тавьдаг газар ойрхон гэдэг худал шүү. Учир нь хүн болгон тийшээ их удаж очдог юм. Мэдрээгүй зүйлээ мэдрэнэ гэдэг үхлийн өмнөх хэдэн хормыг л хэлдэг байх.
Одоо энэ харанхуйд бид хоёр яг л дайнд шархдсан цэрэг эрс шиг явна. Энэ өндөрлөг газар луу би түүнийг үүрэн тэмцэнэ. Заавал өндөрлөг газар булаад байхдаа яахав дээ. Сүнс нь дээшээ явахаас хойш жалганд л булдаг байж гэж үглэнэ. Нэгэнт үхсэн хүнд яасан ч хамаагүй санагдана. Гэвч хүн төрөлхтөн эртнээс нааш тэгж бодоогүй. Тэр надад их номчрохдог байлаа. Хөөрхий зайлуул одоо толгойгоороо хөл хийж явна. Урьдын сайхан дурсамжууд бүгд чулуун дор орж хүүртэй нь хамт үлдэнэ. Миний дурсамж чиний төлөө бус одоо харин өөрийнхөө төлөө хаана ч юм намайг нууцалсаар хураагдаж буй. Амьдрал бол ердөө л хүрэх ёстой цэг юм.
Түүнийг энэ нүдгүй харанхуйд оршуулчихаар хэн ч мэдэхгүй. Газар шороо нь түүнийг хүлээж авахгүй байсан ч эзэн бурхан нь түүнийг хүлээж авна. Бурханд би даатгасан. Би өөр шүтлэгтэй ч эзэн нь намайг сонсох болно. Аав ээжийн ойр нь, анд нөхдийн хол нь дээр гэж итгэнэ. Хөөрхий эхнэр нь миний эхнэр байсан юм. Гоо сайхан ертөнцийг аварна, гоо үзэсгэлэн хүнийг ална. Би тэрэнд зүгээр л
- Чи бол алуурчин новш гэж хэлсэн
Тэр миний сайхан амьдралыг алсан гэж бодож байсан юм. Тэр тэгээ л намайг оролцуулж өөрийгөө егүүтгэжээ. Буруутай бүхэн буруутан биш. Даанч үг гэдэг зэвсэгээс хүчтэй. Би түүнийг хайрлаж байна. Удахгүй үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дотуураа байхгүй болоход намайг ойлгоно. Унших гэдэг одоо цагийн зовлонт таашаал юм. Үнэндээ таашаалаас ангижирч чадах нь жинхэнэ таашаал. Магадгүй тэр ингэж үхээгүй бол би үнэндээ ганц, нэг үг хэлээд орхихгүй л байсан байх. Амьдрал гэдэг агуу хэрнээ өчүүхэн юман дээр тогтох юм даа. Тэр тэгээд надад гомдсон гомдлоо үхсэнийхээ дараа гаргана гэж мэдсэнгүй. Энэ нь түүний энэ амьдралаас олсон хэрэггүй олдворуудын нэг байх л даа. Газар дээр, газар доор байсны ялгаа байхгүй. Ганцхан харагдах бүхэн алаг эрээн бус. Ганцхан манай нутгийн өвөл хүйтэн биш. Тийм учраас би түүнд эхнэрийнхээ гэрэлт халуун зургийг өгсөн. Харцанд нь хадгалагдаж үлдээ биз. Эхнэрийг минь эзэмдэж байснаа дүрслэн санах болгондоо тэр доор цэвдэг харанхуйд дулаацах болтугай. Энэ маань үхсэн нэгнийхээ үлдсэн сүнсийг нь тайтгаруулан хайрлаж буйн шинж юм шүү дээ. Одоо миний бие, одоо миний үгсд чиний огиудас хүргэм эхүүн, сэрүүн үнэр шингэсэн. Энэ үнэрээс сална гэдэг бэрх. Хүмүүсийн ариун хөдөлмөр шингэсэн тариалангийн талбайг амьд биеэр минь бордоод, ургасан бүх будаагаар нь сүмийн тагтааг хоололбол магадгүй арилах байх. Амьдрал таашгүй сайхан. Мэдэж эдлэх гэсэн хүсэл нь шунал, атаархалын хилийг давдаг. Ихэнх хүмүүс бусдын амьдарлаар амьдардаг. Ийм учраас л бид бие биенээ хөнөөдөг юм. Эргэлзэх хэрэггүй. Бодит айдас бол таавар юм.
Хотод хавар болсон хэдийч газар гэсээгүй л байгаа. Эндэхийн хүмүүсийн энерги тийм ч дулаан биш. Энэ амьтныг чинь ил тавих гэхээр нохой шувууны хоол болно. Энэ ч тийм сайхан зүйл биш. Ул мөр үлдээнэ гэдэг үхсэн хүнд алуулахаас ялгаагүй болно. Тэр христийн шашинтан. Гэвч чи хүн алсан бол оршуулж бас чадах л хэрэгтэй. Нэгэнт өнгөрсөн зүйлийн араас харамсана гэдэг буддын ухаанд тохирохгүй. Үүнийг амьдаас илүү хүндэтгэл гэж болно. Оршуулга тохилог. Энд юм бүхэн дуугай. Асуух зүйл их байвч энэ байдал асуултаас давсан ойлголт юм. Хүн энд удаан саатвал үхэгсэдийн газар байгаагаа мартаж орхидог юм. Учир нь тийм амгалан орчин юм. Хүйтэн инээмсэглэлээр хоосон газар хайхад таатай. Эгнэсэн хөшөөнүүд дунд сэтгэл хоосорч үл үзэгдэх ирээдүй хийгээд эзэнгүй орон зайт ертөнц бодогдоно. Одоо би хоёр үхэх хэрэгтэй болсон. Тэгэхэд л хүч орсон юм. Цааш алхахад ашгүй хэн нэгний ухаж бэлдсэн нүхэнд бид хоёул ойчов. Уур хүрсэн ч баярлах минь цагаатгана. Нүхнээс бушуухан үсрэн гармаар байсан ч тэр дээрээс минь дараад босох аргагүй болов. Хэсэг хэвтлээ. Тэнгэр ширтэхэд одод гялалзаад сайхан санагдана. Нойр ямар их хүрч байнаа. Ядарсанаа мэдэв. Нүд анилдана. Алуурчин хүнд хүлээж байгаа юм их бий.
Тэр гэр лүүгээ харьж явна. Одоо тэр инээхгүй, уйлахгүй, айхгүй, ичихгүй, гэмшихгүй, гунихгүй. Ахиж оршуулгын газар очихгүй. Тэр намайг оршуулчихаад буцаж явна. Хар даран сэрлээ. Магадгүй дахиад удаан тарчлан зүүдлэх байх. Тэр биш би үхжээ.
URL: