Хаан хүн нүд рүү нь эгц харж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой

527-14119634716825748t6kiog55h6tnsco4h5aЭнэ ухаантай сургамжийг манай он тооллын өмнөх тавдугаар зууны үед амьдарч байсан дорно дахины гүн ухаантан Мо Ди хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хаанаа хурц шүүмжлээд байгаа нэгнийг ад үзэх хэрэггүй гэж сургасан хэрэг.

Күнзийн сургаалийг манайхан ишлэх нь бий. Төрийн хаад ноёд уншиж судлан мөрдсөөр  ирсэн гэдэг юм. Өдгөө ч манай өмнөд хөршийн удирдагчид баримтлах зарчмынхаа эхэнд тавьдаг. Мо Ди тухайн үедээ Күнзийг олон жил судлаад сайн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч хэд хэдэн алдаа буйг хэлсэн байдаг.

Гол нь Күнз хүмүүсийг хувь тавилантайгаа эвлэрэхийг номлосон нь аливаа зүйлд идэвхгүй, амьдралын төлөө тэмцэлгүй сул дорой хүлцэнгүй аж төрөхөд нөлөөлөх алдаа гаргасан хэмээн шүүмжлээд заяа төөрөгтөө бүхнийг даатгаж болохгүй тэмүүлж, тэмцэж байж амжилтад хүрэхийг зөвлөсөн юм. Түүнээс гадна аливаа улс гүрэн удирдагчаа хэрхэн зөв сонгохыг ч сургасан хэсэг анхаарал татдаг.

Тэрбээр :
1.Ухаантан мэргэдийг өндөр тушаалд гаргахгүй бол ард түмэн мэргэн ухааныг хүндлэхээ болино.
2.Хэрвээ ухаантан мэргэдэд чамлалттай цалин өгөх юм бол ард түмэн тэдний хийж буй ажлын чухалд итгэхгүй.
3.Хэрвээ хүмүүсийг ухаантан мэргэдийн захиргаанд оруулж өгөхгүй юм бол ард түмэн саруул ухаанаас эмээхгүйд хүрнэ     гэсэн нь өнөө цагт ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд төр барьж буй улс төрийн хүчний гол бодлого гэж үздэг.

Тэгвэл өнөөдөр манай улсад дээр дурдсан гурван гол зарчим гурвуулаа алдагдахдаа тулж байх шиг. Сүүлийн хэдэн жил төрийн өндөр албанд тавигдсан хүн бүрийг л “хүний адаг” байдаг мэтээр ойлгох \ойлгуулах гэвэл үнэнд ойртоно\ болов. Юун төрөө дээдлэх, хүндэтгэх. Сайд дарга нар хэн ч байсан адилхан луйварчин, хулгайч, хурдхан огцруулвал зохих этгээд.

Ямар ч худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн бүх хэвлэл мэдээллээр муучилсаар байгаад ийм итгэл үнэмшил хүмүүсийн толгойд шингэж. Энэ нь нэг талаас төр түших хүнийг хүүхэд байхаас нь судалж тодруулаад сургаж бэлтгэдэг уламжлалт заншил зогссон, нөгөө талдаа өндөр албанд очих хүмүүс тухайн албанд тохирох наад захын үнэлэмжийг хангасан эсэхээс үл хамааран зөвхөн сонгуульд ялсан намын харьяалалтай байх хууль үйлчилдэг болсон зэргээс шалтгаантай байх.

Хуулийн энэ заалтаас болоод өндөр мэдлэг, боловсролтой, олны итгэл даах ноён нуруутай, төлөв түвшин хэсэг аливаа томилгооны гадна үлдэж, сонгуульд нэр дэвшигчийн төлөө хэн сайн зүтгэсэн тэр хүн төр түшилцэх албанд томилогддог жишиг тогтсонтой ч холбоотой. Хорь гаруйхан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид сургууль соёлд сууж боловсрол эзэмшээгүй ч төрөлхийн хар ухаантай нэгэн малчны нэрийг дэвшүүлж байсныг санаж байгаа биз.

Тухайн үедээ бол төр засгаа сайн шүүмжилсэн хүн үнэ хүрч байсан цаг л даа.

Тэр малчин Ерөнхийлөгч болсон бол хэрхэн ажиллах байсныг мэдэхгүй юм. Лав л төсвийн хөрөнгөөр тансаглах, авлига авах, газар шороогоо харийнханд найр тавих гэхчилэн бусармаг үйлдэл гаргахгүй байсан болов уу. Гэхдээ л тухайн үед сонгогдсон анхны Ерөнхийлөгч шиг зангарагатай, бодлоготой, гадаад харилцаагаа өргөжүүлсэн, хэтийг харсан бодлого явуулж чадах эсэх эргэлзээтэй.

Уг нь Платоны нэг мэргэн үг байдаг. “ Бүдүүлэг харанхуй байна гэдэг тийм ч аймшигтай, гэтлэшгүй нүгэл биш. Буруу тийшээ замнасан мэдлэг түүнээс ч илүү гай тарина” гэж. Одоо бол арай ч наашаа гэсэн болгоныг дэмжээд байдаг цаг цаашилсан. Улс төрчийн туршлага, гадаад дотоодод олсон нэр хүнд, зохион байгуулах авьяас, хүнлэг чанар олон ургальч үзлийг зөв зохицуулах чадвар, тухайн хүний эзэмшсэн боловсрол гээд олон шалгуур давсан хүн  төрөө төвхнүүлэх албанд шалгарч таарна.

Харамсалтай нь  хөрөнгө мөнгөтэй л бол юу ч хийж, ямар ч албанд тавигдаж болдог гэх ташаа ойлголт газар авах хандлагатай. Ямар сайндаа мөнгөтэй хүн Монголд юу ч хийж болно гэх яриа гадныхны дунд тарсан байхав.

Хуулиар зөвшөөрөгдөөгүй байтал гадаадын иргэн газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөөд авчихсан баримтууд цөөнгүй гарсан нь дээрх үг ортойг нотолно. УИХ-ын 76 гишүүнийг ард түмний олонх саналаа өгч гаргаад өөрийгөө төлөөлөн төр түшүүлэхээр суулгасан нь үнэн. Хуульд заасны дагуу намын авсан саналаар УИХ-д орж ирсэн хэдийг эс тооцвол шүү дээ.

Тэд ч гэсэн бидний л саналаа өгсөн намын төлөөлөл. Энэ 76 ард түмний амьдрал ямар хэмжээнд байх, улс орны хөгжил хэрхэхийг шийддэг. Тэдгээр эрхмүүдийн баталсан хуулийн дагуу төсөвлөгдсөн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах үүрэг хүлээж, эрх эдэлсэн хүн бол Ерөнхий сайд. Ард түмэн ядарч ашиг орлого нь бууран, улс орон олигтой хөгжихгүй байвал буух эзэн нь 76, буцах зам нь сонгууль гэж ойлгогдохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа өөрчлөх үгүйг 76 эрхмийн дор хаяж 39 нь товчлуураа дарж байж шийдэх учиртай.

Та бидний өмнөөс шийдвэр гаргах эрхийг сонгогч бид өөрсдөө тэдэнд өгсөн болохоор тэр. Түүнээс биш хэн нэгэн \хэд гурав ч байж мэднэ\ сэтгүүлч ч юм уу, нэрээ нууцалсан бичигч Засгийн газраа унагаая, Ерөнхий сайдаа  огцруулья гэсний зоргоор төр засгаа хөдөлгөөд байх ёсгүй. Төрийн дархлаа гэж үүнийг хэлдэг.  Мо Ди ийм нөхцөл байдлыг “Саруул ухаантай хэмээн үзсэн нэгнийг төр түшүүлэхээр шилж тавьсан л бол түүний захиргаанд ард иргэдээ оруулж өг.

Тэгээгүй цагт  хууль журам, тогтоол шийдвэр хэрэгжихгүй” гэсэн санааг хэлсэн байх. Байдлыг харвал манай иргэдийн нэг хэсэг мэргэн ухааныг хүндлэхээ больж, төр засгийнхаа хийж буй олон олон ажлууд улс орны, үр хүүхдийн маань ирээдүйд ямар чухлыг тунгаахаа мартаж, төрийн түшээдийнхээ гаргасан шийдвэрээс эмээхээ больж байх шиг.

Хэн дуртай нь “Би Ерөнхий сайд болох ёстой \бараг дараагийн ээлж нь хоолондоо орох болсон гэх шахам\” гэж мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллээр тасралтгүй ухуулах нь хэрээс хэтрэв. Албан тушаалын төлөө нам, эвслээ ч умартаж, хагалж бутарган, хувь хувьдаа бүлэглэл үүсгэн хуйвалдах нь олны дургүйцлийг хүргээд эхэлчихлээ.

Хөндлөнгөөс харсан иргэд Ардчилсан Намынханд санал өгсөндөө харамсан “Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй” хэмээлдэх нь дараагийн сонгуулиар та нарт дахиж санал өгч харагдаарай гэх шиг. Бодох зүйл бас байна аа. Тухайлбал, хэд хэдэн эрхэм өөрийгөө дараагийн Ерөнхий сайд гэж бараг ил тод зарлаж байна. Буруу гэхэд ч хаашаа юм. Одоогийн Ерөнхий сайдаас илүү ажиллах боломж, мэдлэг боловсрол, нэр нөлөө гээд тал талаас нь харсан л болоод тэр байх.

Ийм шахалт ирэх нь Ерөнхий сайд болон тэнхимийн гишүүдэд нь ч нэгийг бодогдуулж байж таарна. Хэвлэл мэдээллийн шүүмж, иргэдийн зэмлэл, долларын өсөлт гээд дээрээс нь сэтгэл түгших зүйл буурахгүй байдаг. Тиймээс хийж буй ажлаа улам эрчимжүүлэх, бид сайн ажиллаж чадна гэдгээ харуулахад их түлхэц өгөх сайн тал ч анзаарагдана.

Ерөнхий сайдын мэдэгдэл үүний нэг нотолгоо. Магад ч үгүй шахалт үзүүлж буй журмын нөхөд нь ингэж тооцоолсныг хэн байг гэхэв. Ямар ч тохиолдолд Ардчилсан Намын гишүүд төдийгүй нийт иргэд 1996-2000 оны үйл явдал бүү давтагдаасай гэж хүсч байгаа.

Олхонууд Шаабар


URL:

Сэтгэгдэл бичих