МУИС-ийн оюутнууд тайван жагсаал хийлээ
МУИС-ийн оюутнууд өөрсдийн эрх ашгийг хамгаалах таван шаардлага тавьж сургуулийнхаа өмнө тайван жагсаал хийлээ. Сургуулийн дотоод бүтэц, өөрчлөлт, удирдлагуудын гаргаж буй шийдвэр зэрэг нь оюутнуудын нийтлэг эрх, ашиг сонирхлыг бүх шатанд хохироож байна хэмээн үзэж жагсаж байгаа юм байна. Оюутнууд өөрсдийн таван шаардлагаа уншиж танилцуулаад, сургуулийн захирал А.Галтбаярыг таван минутын дотор гарч ирж авахыг шаардсан боловч гарч ирээгүйн улмаас оюутнууд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлэхээр явлаа. Хэрэв Л.Гантөмөр сайд хүлээж авахгүй бол цаашлаад Ерөнхий сайд Н.Алтанхуягт уг шаардлагаа хүргэх юм байна. Уг таван шаардлага нь оюутны дотуур байрны журам, МУИС-ийн дүрмийн өөрчлөлт, хичээлийн бэлтгэл хангаагүй, батлагдаагүй хөтөлбөрөөр хичээл эхлүүлсэн, төвлөрөл, хүнд суртал зэргийг арилгаж өгөхийг хүссэн шаардлага байсан юм.
А.БИЛГҮҮН
URL: