Ногоочид 635 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс-2014”, “Алтан намар-2014” үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд, “Шилмэл мал-2014” үзэсгэлэн худалдааг Хүй долоо худагт зохион байгуулж, анхны цас орохын өмнөхөн хаалтаа хийж амжив.
Үзэсгэлэнгийн үеэр “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” болон хүнсний аюулгүй байдлыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хангах зорилгоор “Мал амьтан тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-ыг үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд сурталчлан таниулсан гэдгээ зохион байгуулагчид нь онцлов. Харин хэрэглэгчдийн таашаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналтын хөдөлгөөнт лаборатори ажиллуулж, үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүний дээжид түргэвчилсэн аргаар шинжилгээ хийсэн нь ихэд нийцсэн юм.
“Эрүүл хүнс-2014” үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг “Гран при”, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”, “Шилдэг махан бүтээгдэхүүн”, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”, “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн”, Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн“, “Шилдэг органик бүтээгдэхүүн”, “Ард түмний хүнс” номинацид нэр дэвшүүлэн шалгарууллаа. Энэ жилийн “Гран при” шагналыг АПУ, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр “Сүү” компанийн “Миний Монголын элгэн тараг” бүтээгдэхүүн, “Шилдэг махан бүтээгдэхүүн”-ээр “Очир дагинас” компанийн “Улаанбаатар” бяслагтай хиам, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”-ээр “Талх чихэр” компанийн “Аяны боорцог”, “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн”-ээр “Жем Хужирт” компанийн “Хужирт” эрдэст ус, “Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн“-ээр “Живэртийн оргил” компанийн “Шар доктор” байгалийн чацарганы шүүс, бэлгийн багцны сав, баглаа боодолд “Органик Монгол” үндэсний хөдөлгөөний нэрэмжит “Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр Хөвсгөл аймгийн “Их тайга”, Завхан аймгийн “Завхан баялаг”, Сэлэнгэ аймгийн “Мон Апи”, нийслэлийн “Ган тамга” компанийн бүтээгдэхүүн, “Ард түмний хүнс”-ээр “Монгол алтан тос” компанийн ”Алтан тос” тус тус шалгарсан юм.
“Алтан намар -2014” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн таван дүүргийн нийт 320 ногоочин, дөрвөн аж ахуйн нэгж, 12 хоршоо, дөрвөн төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамлаар оролцов. Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч найман аж ахуйн нэгж байгууллага 16 нэр төрлийн 52 ширхэг техник, тоног төхөөрөмжийг танилцууллаа. Тухайлбал “Тот ком сервис”, “Мон трак групп”, “Зүлгэн тээг”, “Агро трейд импекс”, “Ворлд фокус”, “Фотон ловол” зэрэг компани оролцож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй техник, технологийг хэрэглэгчдэд танилцуулсан юм.
Үзэсгэлэнд оролцогчид 634.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 200 сая төгрөгийн гэрээ хэлцэл хийжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.ГАНЧИМЭГ
URL: