Хамгийн олон хочтой гишүүн
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Амны хөндийн эрүүл мэндийн төвийн нээлтэд оролцоод их л сүрхий харагдана лээ. Харин цугларсан хүмүүс “манай гишүүн чинь Анагаахын сургуулиас мөнгөөр диплом авсан ш дээ. Ийм байж мэддэг юм шиг л залж зогсоно” хэмээн жиг жуг гэхэд “Нөгөө талаас угаасаа л хуурамч дипломтой ш дээ” гэх аж. Энэ мэт жиг жуг яриаг сонсож зогсоод түүний тухай эргэцүүлэн бодлоо. Юутай ч тэр улстөрд орж ирээд хамгийн олон хоч зүүсэн нэгэн гэдэг нь харагдана. Ер нь манай улстөрчдөд эрхэлж буй бизнес, ажил мэргэжил, зан араншингаар нь хоч өгөх нь элбэг л байдаг. Гэхдээ л Г.Баярсайхан гишүүний хоч бусдаасаа олон юм.
Тухайлбал, нэгэн үед “АПУ”-гийн Г.Батхүү, “Женко” Х.Баттулга, “Max маркет”-ийн Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр гэх мэтээр эрхэлж байгаа бизнес, үйлдвэрлэлээр нь нэрлэдэг байсан цаг ард хоцорч байх шиг. Ард олон маань болж өгвөл өөрөөр утга санааг илэрхийлсэн хоч өгөхийг эрэлхийлдэг болжээ.
Тэгэхээр хэдүүлээ УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханы хочууд дээр жишээ татъя. Түүнд “Тамхины хавтага” хэмээх хөгийн нэр өгөөд амжжээ.
Гэхдээ бүр “Ц.Элбэгдоржийн тамхины хавтага” гэж онцолсон байна лээ. “Тамхины хавтага” гэдэг бол үргэлж бүсэндээ хавчуулж явдаг дүнсэн тамхи хийсэн даавуун уут гэдгийг монголчууд бид мэднэ. Зүйрлэх юм мундсан биш “Тамхины хавтага” байхаараа ч яахав дээ.
“Тамхины хавтага”-ийг хаа ч хаяж гээж, бас сольж болно. Ерөөсөө л бүсэнд зүүж явдаг байнгын хөдөлгөөнтэй, үүргээр багахан зүйлийг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид үргэлж хэн нэгэнд наалдан далдагнаж, бусдын далбаан дор явдаг нөхдийг л ийн нэрлэх бөлгөө. Нөгөө утгаараа “Гүзээнд наалдсан дэлүү” ч гэдэг. Эндээс харахад Г.Баярсайхан гэгч “Тамхины хавтага” Ц.Элбэгдоржийн бүсэнд зүүлттэй явдаг нэгэн болж таарлаа. Нөгөө утгаараа болохоор Г.Баярсайхан нь Ц.Элбэгдорж хэмээх гүзээнд наалдсан дэлүү аж.
Үүний дараа тун удалгүй Г.Баярсайханд “Сэрэлт” киноны Оточ маарамба гэх сонин нэр хайрласан байна лээ. Яахаараа түүнд ийн нэр өгдөг байнаа гэвэл тэрбээр АУИС-ийн хуурамч дипломтой их эмч гэдэг юм билээ. Намтарт нь АУИС-ийг их эмч мэргэжлээр суралцан төгссөн магистр цолтой гэж байдаг ч худлаа юм гэнэ. Тиймээс л шооч ард түмэн түүнд ийм нэр хайрлажээ. Баримтаас цухас дурдах юм бол түүний дипломын хавсралтын эх хувьтай бичиг баримтыг нь тулган үзэхэд дүнгийн зөрүү болон төрсөн он сараас эхлээд бүх зүйл нь зөрсөн гэдэг. Түүнчлэн “Анагаах ухааны магистрын зэрэг ,олгох эмч нарын нэрсийн жагсаалт” баталсан АУИС-ийн захирлын 1998 оны A/66, A/72, А/80 дугаар бүхий тушаалуудтай тулгаж үзэхэд Гарьдхүү овогтой Баярсайхан гэсэн нэр байхгүй байжээ. Учрыг тодруулбал, тэрээр нийгмийн шилжилтийн үед АУИС-д элсэн орж, улмаар бусдын жишиг даган ганзагын наймаанд явжээ. Тиймээс сургуулиа дүүргэж чадаагүй учраас арга буюу хуурамч дипломын эзэн болсон юм билээ. Тиймээс л “Оточ маарамба” гэх хоч хайрлажээ.
Мөн үеэр тэрээр Хас банкны газрыг дээрэмдэх ажиллагаа явуулсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн даруй түүнд “Газрын дээрэмчин” гэх нэр хайрлажээ. Тун удалгүй үүний дараахан нь мань эр УИХ-ын чуулганы танхимд У.Хүрэлсүхэд салаавч үзүүлж баахан томроод өөрөө шанаа авав. Үүнээс хойш түүнийг “Салаавч” Г.Баярсайхан гэх болжээ.
Ингээд Г.Баярсайхан гишүүн маань “Тамхины хавтага”, “Утсан хүүхэлдэй”, “Салаавч”, “Газрын дээрэмчин”, “Оточ маарамба” гэх зэргээр өнөөдрийн байдлаар лав таван нэртэй болоод байна. Дээрх нэр хоч бол тийм сайныг илтгэсэн зүйл биш гэдэг нь эндээс харагдаж байна. Нөгөө талаар энэ нь нөхөрсөг шог биш бололтой дог шүү. Тэгэхээр энэ олон дэмий хочноос салах гэж оролдоод ч нэмэргүй юм биш үү.
Н.Дөл
www.unen.mn
URL: