Б.Бат-Эрдэнэ: Монголын жүдочдоос уучлалт гуйсан
БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам үргэлжилж байна. Өнөөдөр Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монголын баг энэ удаагийн Азийн наадамд 23 спортын төрөлд 223 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өмнөх буюу 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд монголчууд 28 спортын төрөлд 220 тамирчинтай оролцож байсан юм. Инчонд өрсөлдөх Монголын багийн түрүүч есдүгээр сарын 13-нд ирж, Азийн наадмын тамирчдын тосгонд байрлаад байна.
Манай баг тамирчид одоогоор 4 алт, 3 мөнгө, 6 хүрэл, нийт 13 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 45 улсаас есдүгээр байрт бичигдээд байна. Дөрвөн алтан медаль хүртээд байгаа нь Монголын багийн Азийн наадамд үзүүлж буй хамгийн том амжилт юм. Монголчууд 1982 оны Нью Дели хотноо болсон Азийн наадмаас 3 алт, өмнөх Гуанжоугийн наадмаас хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж байсан бол Инчоны наадамд найман өдрийн дараах байдлаар өмнөх бүх наадмуудад гаргасан рекордоо эвдээд байна.
Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнийн хийсэн мэдээллийг хүргэе.
-Монголын баг тамирчид 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Азийн наадам эхэлсэн найм хоногийн хугацаанд 4 алт, 3 мөнгө, 6 хүрэл, нийт 13 медаль хүртээд байгаа нь өмнөх 10 наадамд оролцсон амжилтаа ахиулсан, түүхэн амжилт юм.
Энэ наадамд шинээр туялзуур сэлэмний баг тамирчид анх удаа оролцлоо. Шинэ тутам монголд хөгжиж байгаа спортын төрлийн тамирчид ирж, хувийн амжилтуудаа ахиуллаа. Багийн спортынхон маань, ялангуяа Монголын сагсан бөмбөгчид олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн боломжтой болсон гэдгээ энэ наадамд харуулж чадлаа. Манай сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг анх удаа шилдэг наймд шалгарлаа. Энэ бол багийн спортын хөгжлийг ахиулсан, сагсан бөмбөг сонирхогчдыг нийтэд нь баярлуулсан том үйл явдал гэдгийг бид онцолж байна. Монголын багийнхны хувьд дээд зэргийн эв нэгдэл, сахилга баттай тэмцээн, уралдаандаа оролцож байгаа.
-Хэд хэдэн тамирчин бэртсэн. Тамирчдын биеийн байдал ямар байгаа вэ?
-Амжилт, сайн мэдээний хажуугаар тамирчид маань бэртэж, бидэнд багагүй бэрхшээл тулгарч байна. Гурван ч тамирчин тэмцээний явцад хүнд бэртэл авлаа. Жүдо бөхийн эмэгтэй, 78 кг-ын жингийн тамирчин хөлөндөө хүнд гэмтэл авсан. Мөн бейсбол, сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин бэртэл авч, хагалгаанд орлоо. Мэс засал амжилттай болсон. Бид шуурхай арга хэмжээ авч, зохих байгууллагуудад хандсанаар үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж авч, яаралтай мэс засал хийлгэлээ. Тамирчдын биеийн байдал сайжирч байгаа.
-Монголын жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн байсан тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ тал багийн ахлагчийн хувьд та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна.
-Монголын багийн далбаа буруу байрлуулсан тохиолдол гарсан байна?
-Монголын төрийн далбааг буруу байрлуулсан тохиолдол гарсныг бид даруй засч, залруулсан. Далбаа солигдсон нь Төв стадионд биш, олимийн тосгонд биш, дарвуулт завины тэмцээн болж байгаа газарт болсон явдал гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Техникийн ажилтны буруугаас болсон гэдгийг Зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж, албан ёсоор уучлалт гуйлаа. Дарвуулт завины төрөлд Монголоос тамирчин оролцоогүй.
Энд мөн нэг зүйлийг хэлэхэд, энд зарим тэмцээний төрлүүдийг мэдээлэхдээ Монголын хүн амын тоог буруу зөрүү гаргасан, Монголыг Хятадын Хонгконг, Макаотай ижил ойлгогдохоор бичсэн алдаа мадаг гарсан. Тэмцээний шүүлттэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ бүхэн дээр бид гомдол гарган, асуудлыг нарийн шалгуулах тал дээр анхаарал тавьж байгаа.
-Баг, тамирчдын зардал, санхүүгийн асуудлыг яаж шийдэж байгааг хүмүүс асууж сонирхож байна?
-Баг тамирчдын зардлыг улсын төсөв, спорт холбоод, МҮОХ-ноос болон хувийн зүгээс гаргасан байгаа. Тодруулбал, Засгийн газраас тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийлсэн 90 гаруй хүний зардлыг даасан бол МҮОХ-ноос 45 тамирчны зардлыг хариуцсан. Мөн спорт холбоод маань өөрсдөө тамирчин, дасгажуулагчдаа санхүүжүүлж ирж оролцлоо. Хувиасаа зардлаа гаргаж, Азийн наадамд өрсөлдөж байгаа төрлүүд ч байна. МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар гэхэд Азийн олимпийн зөвлөлийн урилгаар энэ наадамд оролцож байгаа. МҮОХ, ССАЖЯ-наас ярилцаж тохиролцсоны дагуу МИАТ компани манай баг тамирчдад 30 хувийн, “Korean air” компани 15 хувийн хөнгөлөлт үзүүллээ. МИАТ компаниас нийтдээ бид 55 орчим сая төгрөгийн хөнгөлөлт авсан, МҮОХ-ны түншээр БНХАУ-ын “Жордан” компани ажилаж, 400 орчим хувцас, хэрэглэлээр хангасан гэх мэтчилэн аль болох зардал мөнгөө хэмнэх байдлаар явж байгаа. Азийн наадамд ажиллаж байгаа спортын сэтгүүлчид гэхэд бүгд хувийн болон өөрсдийн ажилладаг хэвлэл, мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр наадам сурвалжлахаар ирсэн. Байр, хоолны асуудлаа бүгд хувиараа зохицуулж байна. Харин Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны ID карт эзэмшигч сэтгүүлчид онгоцны тийзийн зардлаа 30 хувь хөнгөлүүлсэн байгаа. Багийг удирдаж байгаа удирдах бүрэлдэхүүний хувьд ихэнх нь хувиасаа зардлаа гаргасан байгаа. Миний хувьд гэхэд Азийн наадамд гэр бүлийн хүний хамт ирсэн. Ингэхдээ би өөрийн болон эхнэрийнхээ зардлыг хувиасаа гаргасан. МҮОХ надад итгэл хүлээлгэж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон. Гүйцэтгэх зөвлөл мөн надад өндөр итгэл хүлээлгэж, Инчоны Азийн наадамд оролцох багийн ахлагчаар сонгосон байгаа.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд, аварга болсон тамирчдаа урамшуулж байгаа мөнгөн аягыг ч мөн багийн ахлагчийн хувьд би тамирчдадаа урам зориг өгөх, монгол хүний билэг ёсыг бодож өөрөө авчирсан юм. Тийм болохоор иргэд олон маань Азийн наадамд оролцож байгаа тамирчид, баг хамт олныхоо талаар үнэн зөв мэдээллийг тунгаан сонсч, учрыг олж, урам хайрлан дэмжээсэй гэж хүсч байна.
Монголчууд Азийн наадмаар амьсгалж, баг тамирчдынхаа амжилтаар бахархаж байгаа мэдээллийг би сошиал ертөнцөөс байнга авч байгаа. Та бүхэндээ их баярлалаа. Биднийг амжилт гаргах магадлал өндөртэй бокс, чөлөөт бөх, буудлагын тамирчдын маань амжилт хүлээж байна. Олон рекорд эвдсэн, олон аварга төрсөн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан:
-Монголын баг тамирчид маань өмнө нь оролцож байсан бүх наадмуудад оролцож байсан амжилтаа энэ наадамд медалийн чанарын хувьд ахиуллаа. Цаашдаа дөрвөн алтан медаль, болон нийт медалийнхаа тоог нэмэх боломжтой гэж үзэж байгаа. Гараагаа сайн хийсэн баг маань бариагаа сайн хийж, ард түмэндээ олон медальтай очих хүсэл, зорилго дүүрэн байна. Сагсан бөмбөгийн тамирчид энэ наадамд өндөр амжилт гаргасныг онцолж хэлье. Гол ярианы сэдэв өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан болж байна. Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг Азийн топ найман багт багтаж, дэлхийн шилдэг багуудтай хүч тэнцүү өрсөлдсөн нь олон хүнийг баярлууллаа. Наадмаар янз бүрийн асуудал, алдаа мадаг гардаг. Тэр бүрийг Монголын багийн штабынхан нэн даруй залруулж, холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа.
Азийн наадмыг спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сурвалжилж, аль болох бүх спортын төрлийнхөө халуун яриа, дүрс, гэрэл зургийг өөрсдийн сүлжээгээр дамжуулан, Монгол руу шуурхай түгээж байна. Наадмын шууд дамжуулалтын тухайд бол тухайн телевизийн худалдаж авсан эрхээр хязгаарлагддаг, дотоод асуудал юм. Монголд ETV маань энэ наадмыг дамжуулахын тулд боломжийн хэмжээнд контент худалдаж аван, Монголын үзэгчдэдээ хүргэж байгаа. Товчхондоо бол энэ удаагийн Азийн наадмыг спортын сэтгүүлчид маань хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр сурвалжлан, ажиллаж байна.
Инчонд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.
URL: