Н.Орхонтуул: Хүү маань хордоод шоконд орчихсон

хүүхэдДархан-Уул аймагт хүүхдүүд олноор хордож эмнэлэгт хүргэгджээ. Дархан сумын VII цэцэрлэгийн багачууд өнгөрсөн лхагва гаригаас халуурч, суулган, эцэг эхчүүд нь пүрэв гаригийн өглөөнөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж эхэлсэн байна. 100 гаруй хүүхэд эмнэлгийн тусламж авсан бөгөөд 35 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд юунаас хордсон болохыг тодруулахаар мэргэжлийн хяналтын байцаагчид шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.

Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Хүүхдүүдэд нь чухам юу тохиолдсон талаар VII цэцэрлэгийн дунд ангийн сурагч гурван настай Д.Мандахбаярын ээж Н.Орхонтуултай холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Та хүүхдээ хордсоныг анх яаж мэдэв?

-Хүү маань лхагва гаригийн өглөө цэцэрлэгтээ их л дурамжхан явсан. Өдөр нь багш нар эцэг эхчүүд рүү “Хүүхдээ аваарай. Халуураад байна” гэж ярьсан юм билээ. Хүү минь ч тэр шөнө халуурч, бөөлжөөд доошоо суулгаж хоносон. Өглөө нь эмнэлэгт хүргэхэд миний өмнө 10 гаруй хүүхэд яг тийм оноштой ирчихсэн байсан. Өдөр 16:00 цаг гэхэд VII цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд эмнэлэгт хүргүүлж ирсэн.

-Хүүхдүүд юунаас болж хордсон юм бол. Чухам ямар хоолноос?

-Хүүхдүүд халуурдаг өдрөө гоймонтой шөл идсэн гэсэн. Гэхдээ өглөө цэцэрлэгт явахаасаа өмнө халуурч эхэлсэн болохоор урд өдөр нь хордсон байх. Тэр өдөр ямар хоол идсэнийг мэдэхгүй. Шинжилгээний хариу маргааш /өнөөдөр/ гарна гэсэн.

-Одоо хүүгийн чинь бие ямар байна?

-Анх ирснээ бодоход дээрдсэн. Хүү маань бүр хордлогоосоо болоод шоконд орчихсон ирсэн. Цустай шингэнээр суулгаад, маш өндөр халуурсан. Бусад хүүхэд ч дээрдэж байгаа юм билээ.

-Цэцэрлэгийн удирдлагууд та бүхэнтэй уулзав уу?

-Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь хот руу семинарт явчихсан юм билээ. Учир байдлаа хэлээд биднээс уучлалт гуйсан. Зарим эцэг, эхчүүд гомдолтой байгаа ч цэцэрлэгийн тогооч, ажилчдын хүүхдүүд хамт хордсон болохоор санамсар болгоомжгүй үйлдлээс болжээ гэж үзэж байна.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих