У.Хүрэлсүх Н.Энхбаярыг өөрийнхөө хийсэн бүхнийг нурааж, Монголын улс төрийг хямралд оруулсан гэж дүгнэжээ
2010 оны 8 дугаар сарын 21-нд тухайн үеийн МАХН-ын удирдлагууд болох Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд нийт 6 зүйлтэй “Тэрэлжийн тунхаг” гэгчийг гаргаж, улмаар намынхаа нэрийг сольж, өнөөгийн МАН /Монгол Ардын Нам/ буй болсон билээ. Намын нэрийг солих их хурлын үеэр тус намын ЕНБДарга байсан У.Хүрэлсүх : “Хэрвээ МАХН МАН болгож нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж мэдэгдэж байв.
Үүний дараа Ц.Шинэбаяр, Н.Удвал тэргүүтэй хэсэг улс төрчид МАХН-ын түр штаб гэгчийг санаачилж, улмаар МАХН нэртэй намыг дахин байгуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг даргаараа сонгосон. Ингээд уг нам М.Энхсайханы намтай эвсэл байгуулсан, бор оймс цухуйсан цуут баривчилгаа гээд бидний сайн мэдэх олон үйл явдал өрнөж, УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдсан билээ.
Түүний дараахан Сү.Батболд, У.Хүрэлсүх нар МАН-ын удирдлагаас огцорч, мөн л үүнээс гуравхан сарын дараа У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм.
Олон нийт үүнийг У.Хүрэлсүх намынхаа нэрийг солиод ялагдсан тул өөртөө хариуцлага тооцож байна гэж үзэж байсан ч тэрээр өөр бодолтой байгаа аж.
Саяхан болсон Зүүний Хүчний Холбооныхоо хурлын үеэр тэрээр энэ тухай:
“УИХ-ын гишүүнээсээ яагаад татгалзсан шалтгаан бол яах аргагүй ар гэрийн асуудалтай холбоотой юм шүү. Эхнэр маань хорт хавдар туссан. Иймээс би бүх зүйлээ хаяж, эхнэрээ эрүүл болголоо. Яахав би “МАХН-ын нэрийг МАН болгосны дараа сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ” гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ Хувьсгалт гэдэг үгийг намынхээ нэрнээс хассан нь ялагдах шалтгаан болоогүй. Энэ үгийг авахсан гэж тун олон удаа надад хэлж байсан хүн буюу Н.Энхбаяртай хамаатай. Тэр хүн өөрөө бүтээсэн бүхнээ нураасан учраас МАН ч , МАХН ч ялагдсан. МАН -ын гишүүдийн итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан тэр хүн өөрөө бүтээснээ нурааж, өнөөдрийн энэ улс төрийн хямралыг бий болгосон юм шүү. Өнөөдөр биднийг хэн ч Ху намын хулгайчид гэж адлагдахгүй байна. Гадаадын орнууд ч коммунист нам гэж ойлгохгүй байна. Тиймээс бид МАН нэрээ сэргээсэн нь зөв болсон.” хэмээн өгүүлжээ.
Дашрамд дурьдахад С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нар нэгдэн, томоохон фракц бүрдүүлж буй бөгөөд МАН-ын удирдлагад дангаараа ноёрхож буй хотын фракциас намынхаа удирдлагыг авахаар төлөвлөж буй тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.
URL: