Ерөнхий сайд 100 хоногийн ажлаа тайлагнана

алтааУИХ-ын намрын чуулганд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хэлэлцүүлэх тухай Ерөнхий сайд албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн. Үүнээс гадна Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүнг сонирхсон хүмүүс жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн олон бий. Тэгвэл Ерөнхий сайд ирэх баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр чухам ямар ажил амжуулсан тухайгаа тайлагнах болсноо спикерт албан тоотоор уламжилжээ.

Тодруулбал, эдийн засаг, бизнес эрхлэлт, уул уурхайн салбарыг дэмжих, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, төгрөгийн ханшийг тогтворжуулж, үнийн өсөлтийг сааруулах чиглэл, гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон аж үйлдвэрлэл, улсын төсөв, хөнгөлөлттэй зээл гэсэн сэдвүүдэд төрөлжүүлж, 100 ажлын талаар мэдээлэл өгөх юм байна.

БИЗНЕСИЙНХНИЙГ ХАМГИЙН ИХ ДЭМЖСЭН БАЙНА

Засгийн газраас гаалийн үйл ажил­лагаа болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэм­­жих чиглэлд түлхүү анхаарчээ. Гааль­тай холбоотойгоор боомтуудыг 24 цагаар ажиллуулах, Гашуунсухайтын гарцын хүчин чадлыг гурав дахин нэмэх, Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг гурав дахин багасгасан зэргийг нэрлэж болох аж. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлж, үйлдвэрийн зориулалттай, өндөр өртөгтэй импортын тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх журмыг баталсан зэрэг 27 ажлыг хийсэн байна.

БАРИЛГЫН САЛБАРТ ХЭД ХЭДЭН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЛОО

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ салбарт хийсэн томоохон ажлуудыг нэг аж. Түүнчлэн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталсан байна. Үүний зэрэгцээ нүүрс, газрын тос, зэсийн баяжмалын экспорт болон Монголд үлдэх алтны хэмжээг нэмэгдүүлэхэд бодитой ажлуудыг өрнүүлжээ.

Барилгын салбарт гэхэд цемент, хийт хөнгөн бетон, арматур зэргийг эх орондоо хийх үйлдвэртэй болсон. Хөдөө аж ахуйн салбарын тухайд сүүний цехүүдийг байгуулж, өндөгний хэрэгцээгээ өөрсдөө хангах бүрэн боломжтой болсон бол Улаанбаатар хотод есдүгээр сарын 1-ний байдлаар 14.864 айлын 924.800 метр квадрат орон сууцыг ашиглалтад оруулжээ. Мөн Монголдоо дуслын шингэн үйлдвэрлэх, гурилын үйлдвэрүүдийг дотоодынхоо хэрэгцээг дэмжих хүрээнд хөрөнгө оруулалт хийх ажлуудыг зохион байгуулсан байна. Ингэснээр гурилын үнийг тогтворжуулж чаджээ. Үүний зэрэгцээ үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг таван тэрбум юаниар нэмэгдүүлсэн гэнэ.

ХАМГИЙН УРТ ЗАМЫГ ТАВЬЖЭЭ

Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн хугацаанд хамгийн урт буюу 2500 км зам тавьсан тооцоо гарчээ. Тодруулбал, Хөвсгөл,  Өмнөговь, Сүхбаатар аймгийг нийслэлтэй холбосон байна. Манай улс далайд гарах найман гарцтай болсон нь дэд бүтцийн салбарт гарсан өөр нэг ахиц болсон. Мөн ОХУ руу шинэ гарц нээх, энэ чиглэлээр хийсэн гэрээ хэлэлцээрүүд ч эдийн засгийг эрчимжүүлэх ажлуудын жагсаалтад багтаж байгаа аж. Эрчим хүчний салбарын тухайд Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ийн өргөтгөл ашиглалтад орж, Дулааны IV цахилгаан станцын цахилгаан болон дулааны үйлдвэрлэл нэмэгдсэн байна.

ГАДААД ХАРИЛЦААНД АХИЦ ГАРАВ

Хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлал нь гадаад харилцааны салбарт гарсан үр дүнгийн нэг хэсэг гэдгийг Засгийн газрынхан хэлж байгаа. Түүнчлэн Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээг тохиролцсон нь ч хамаарах юм. Мөн энэ хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн таван гэрээ байгуулсан зэрэг ажлуудыг дурдаж болох аж. Ерөнхий сайд эдгээрийг нэгбүрчлэн танилцуулж, үр дүнг нь УИХ-д тайлагнах гэнэ.

 

 

Д.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих