Украины хямралаас үүдэн Хятад, Орос хоёр хийн хоолойг Монголоор дамжуулах талаар бодож эхэллээ

хийн хоолой“Euroasia review” сэтгүүл дээр шинжээч Майкл Леливелд энэ талаар юу гэж бичсэнийг хүргэж байна.

Украинд болж байгаа үйл явдал Оросоос Хятад руу эрчим хүчний түүхий эд нийлүүлэх талаархи хэдхэн сарын өмнөх төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэж байна. Европын холбоотой муудалцсан Орос улс эрчим хүчний түүхий эд нийлүүлдэг гол зах зээлээ алдахад хүрснээр үүнийгээ Хятад руу экспортлох замаар алдагдлаа нөхөхийг эрмэлзэх болжээ. Ингэснээр, олон жилийн турш урагшлаагүй Оросоос Хятад руу хийн хоолой барих төслүүдийн талаархи яриа хэлэлцээ идэвхжив.

Зүүн Сибириэс Хятад руу дөрвөн мянган км-ийн урт хоолойгоор байгалийн хий дамжуулах 400 тэрбум ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулснаасаа хойш ердөө дөрөвхөн сарын дараа Орос баруун чиглэлийн хийн хоолойг мөн барихыг эрмэлзэх болжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар, баруун чиглэлийн хийн хоолой тавих асуудал удахгүй шийдэгдэх гэнэ.

Есдүгээр сарын 1-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин, төрийн өмчийн “Газпром” компанийн захирал А.Миллер нар зүүн чиглэлийн хийн хоолой барих ажлын нээлтэд оролцохдоо баруун чиглэлийн хийн хоолойг барихад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. А.Миллер хэлэхдээ, “Энэ талаар манай “Газпром” Хятадын “CNPC” компанитай нягт хамтран ажиллаж чадвал арваннэгдүгээр сард хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар гэрээ байгуулах боломжтой” гэжээ. В.Путин баруун чиглэлийн хийн хоолойн төсөл зүүн чиглэлийнхээс илүү хурдан барьж болох тухай хэлсэн бол Хятадын шадар сайд Жан Гаоли баруун Сибирийн орд газруудаас баруун чиглэл илүү их байгалийн хий нийлүүлэх боломжтойг цохон тэмдэглэсэн юм.

Орос улс “Сибирийн хүч” нэртэй, зүүн чиглэлийн хийн хоолойг зөвхөн өөрийн нутаг дэвсгэрээр Хятадын хил хүртэл барихад 21 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай тулгараад байгаа ажээ.

Баруун чиглэлийн хийн хоолой

Ер нь 2006 оноос хойш Орос улс зүүн Сибирийн байгалийн хийн орд газрууд эцэслэн судлагдаагүй учир баруун чиглэлийн хийн хоолойг түрүүлж барих нь зөв хэмээн Хятадын талыг ятгах цөөнгүй оролдлого хийсэн байдаг. Харин Хятадын байгалийн хийн гол хэрэглээ зүүн мужуудад нь байдаг тул Оросын энэ саналыг хүлээж авалгүй өдий хүрчээ. Тэгээд ч Хятадын баруун зүгийн Шиньжан газар нутгаасаа олборлодог болон Төв Азийн орнуудаас импортлодог байгалийн хийгээр бүрэн хангагдсан муж юм.

Гэвч Украины хямрал, мөн Хятадын байгалийн хийн хэрэгцээний өсөлт баруун чиглэлийн хийн хоолой тавих асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ. Барууны орнуудын зүгээс хориг арга хэмжээнүүд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Орос улс Хятадаас нэмэлт хөрөнгө олох баруун чиглэлийн хийн хоолойг дахин бодолцохоос өөр аргагүйд хүрээд байна.

Хятадад ч баруун чиглэлийн хийн хоолойг тавих сонирхол нэмэгдэх болжээ. Юу гэвэл, тус улсын Үндэсний эрчим хүчний холбооны сүүлийн судалгаагаар занараас олборлох байгалийн хийн хэмжээ өмнө нь төлөвлөснөөс 2020 он хүртэл даруй нэг дахин буурах төлөвтэй байгаа аж.

Зүүн чиглэлийн хийн хоолой гэрээний дагуу Хятад руу жил бүр 38 тэрбум ам.метр байгалийн хий нийлүүлэх бол баруун чиглэлийнх нэмж 30 тэрбум ам.метр хий хүргэх боломжтой гэж тооцоолж байсан билээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт А.Миллер Москвад В.Путинтэй уулзахдаа баруун чиглэлийн хоолойгоор жил бүр 60-100 тэрбум ам.метр хүртэл байгалийн хий дамжуулах боломжтой тухай ярьсан гэж “Интерфакс” агентлаг мэдээлсэн юм.

Монголоор дамжих нь

Хятад, Орос хоёр баруун чиглэлийн хоолойгоо Оросын Алтайн хязгаараар татах олон бэрхшээлийг давахын оронд Монголын газар нутгаар явуулах талаар ярилцаж эхэлжээ. Учир нь, Оросын Алтайн хязгаар Хятадтай ердөө 50 км-ийн зайд хиллэдэг бөгөөд үүгээр ЮНЕСКО-гоос зарласан дархан цаазат газар болох Укок өндөрлөг байдаг.  Үүгээр яаж хийн хоолой барихаа Москва одоо хүртэл шийдэлд хүрээгүй юм.

Саяхан Си Жиньпин, В.Путин хоёулаа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахаар Улаанбаатарт айлчилсан. Си Жиньпинээс өмнө Хятадын төрийн тэргүүн Монголд 11 жилийн өмнө л ирж байжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 21-ний хамтарсан мэдэгдэлд Хятад улс Монголын хөрш гурван орны дээд хэмжээний уулзалтыг тогтмол явуулах саналыг дэмжсэн гэдгээ илэрхийлсэн билээ. Эдгээр гурван орны дээд хэмжээний уулзалтын анхных нь энэ сарын 11-нд Тажикистаны нийслэл Душанбед болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулганы үеэр болсон юм.

Энэ сарын 3-нд В.Путинтэй уулзахдаа Ц.Элбэгдорж баруун чиглэлийн хийн хоолойг эх орных нь газар нутгаар тавихад аюулгүй байдал, богино маршрут, уул усгүй хээр тал зэрэг давуу талуудыг онцолсон  тухай “Интерфакс” агентлаг мэдээлсэн.

Оросын Эрдэс баялгийн сайд С.Донской хэлэхдээ, Украины хямралын улмаас Монголоор Хятад руу хийн хоолой татах асуудал идэвхтэй хэлэлцэгдэж эхэлсэн гэжээ. Энд тэмдэглэхэд, Орос-Хятадын баруун чиглэлийн хийн хоолой дээр Монголын өрсөлдөгч бол Казахстан юм.

/үргэлжлэл бий/

 

Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих