Цэцийн “цэцэн” шийдвэр
Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандан иргэн Ц.Эрдэнэчулуун өргөдөл гаргажээ. Тэрээр Ерөнхий прокурор хуульчийн үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхгүйгээр уг ажиллагааг явуулж байгааг эсэргүүцэн гомдол гаргасан байна.
Харамсалтай нь хуульч хүн тэр тусмаа Монгол улсын Ерөнхий прокурор өөрөө хууль зөрчиж байгаа талаар хандсан түүний өргөдлийг Үндсэн хуулийн Цэц хүлээн авсангүй.
Шалтгаанаа харъяалах асуудлын хүрээнд бус хэмээн цагаатгажээ. Ерөнхий прокурор анх томилогдохдоо л хуулийн байгууллагад 10 жил ажилласан байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн ч нутаг ус ,жалга довоороо нийлсэн эрх баригчид хууль зөрчиж байгаагаа юман чинээ бодоогүй.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ, тэр дундаа эрх баригчдад хяналт тавих ёстой сөрөг хүчин амандаа ус балгасан мэт чимээгүй өнгөрөөсөн. УИХ нь улсынхаа Ерөнхий прокуророор хуулийн шаардлагад нийцээгүй хүн томилдог улс орон манайхаас өөр байдаг болов уу.
Улс төрийн намын дарга байсан хүнийг Ерөнхий прокуророор тавиулчихаад сууж байдаг монголын хуульчид ч яасан хүлцэнгүй юм. Хуулийн байгууллагад улс төр хүчтэй орж ирвэл сайн зүйлд хэзээ ч хүрдэггүйг мэдэхгүй хүн баймааргүй.
Хуулийн байгууллага хуулиа зөрчсөнийг эсэргүүцэн дээр нь хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэдэг Цэцэд хандахад гаргаж байгаа шийдвэр нь энэ. Ер нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас харахад Цэц хамгийн их улс төржсөн шийдвэр гаргадаг, олон нийтийн дунд нэр хүндээ алдсан байгууллага болж байх шиг.
Авилгын хэргээр шалгагдаж байгаа Цэцийн гишүүн Б.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар удаа дараа прокуророос хандсан ч мөн л татгалзсан хариу өгсөн.
Авилгатай тэмцэх газрын дэд даргыг мөн хуульд заасан шаардлага хангахгүй байна гэсэн өргөдөл гаргасан ч авилгын хэрэгт холбогдсон гишүүн Б.Сугар нь шийдвэрлэж, маргаан үүсгэхээс татгалзсан инээдмийн жүжиг тоглосон.
Иймэрхүү байдлаар Үндсэн хуулийн манаа болж явах ёстой Цэц улстөрчдийн тоглоом болж байгаа нь даанч харамсалтай. Өөрсдөө ийм үйлдэл гаргаж, хуулийн олон хэллэгийн цаана нуугдан сүлбэлдчихээд, эрх зүйт төртэй Монгол улс байгуулна хэмээн лоозогнохоосоо ичдэг ганц ч гэсэн хуульч байдаг болов уу.
Албан тушаал эрх мэдлийн хэнээ туссан улстөрчид эцэстээ Цэцийг ч юманд бодохоо больж, хуулийг хүссэнээрээ зөрчиж байгааг ард иргэд сохор биш харж л байгаа.
Сүүлдээ хууль зөрчөөгүй ямарч томилгоо байхгүй болж, хууль шүүхийн байгууллагын хаана хэн өөрийн гараа шургуулснаар дийлэх дийлдэхээ үздэг болсон нь эмгэнэлтэй.
Хуулиа дээдлэдэг иргэдтэй болъё хэмээн шоуддаг эрх баригчид өөрсдөө хамгийн их хууль зөрчдөг ийм улсад ямар ирээдүй байгааг хэлэхэд хэцүү. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэдэг. Одоогийн эрх баригчдын үзүүлж байгаа муу нөлөө хожим өөрсдийн нь толгой дээр бууж мэднэ.
Г.Гармаа
gereg.mn
URL: